Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Улсын Онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийн хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ.
Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна
Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Салбарын яам малчдын дулаан хувцас, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна.
Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байгаа бөгөөд цаг агаарын хүндрэлтэй үед олон улс болон улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах “Шуурхай ажлын хэсэг”, “Байгалийн гамшиг болон аюулт үзэгдэл, түүнээс шалтгаалан замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд зам тээврийн осол, гэмтлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, учирсан хор аюулыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах Ажлын хэсэг” байгуулжээ.
Холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өглөө
Өвөлжилтийн бэлтгэл хангах талаархи Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.
Гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжинд аймаг, нийслэлийн Онцгой комиссын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тохиолдолд хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тайлангаа ирүүлсний дараа Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах хүсэлтээ санхүүгийн баримтуудын хамт ирүүлж байхыг үүрэг болголоо.
Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа.
Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөхзэргээр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангуулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулахыг уриалах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулахыг үүрэг болголоо.
Шүлхий, цэцэг зэрэг хүнд халдварладаггүй өвчний зэрэглэлийг бууруулах асуудлыг судлаж танилцуулах, мал сүргээ угаалга, тарилга, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаагүй малчид, иргэдэд тооцох хариуцлагыг чангатгах санал боловсруулах, отроор өвөлжих, хаваржих өрх, малчид, малын тоо толгойг бодитой гаргаж, бэлчээрийн даацад тулгуурлан тогтоох зэрэг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
Зам, давааг цасанд боогдохоос сэргийлэх, улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад, зарим аймагт үүссэн эрчим хүчний санхүүжилт, өр, авлагыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхийг Эрчим хүчний сайдад, отроор өвөлжих малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн судалгааг гаргах, эмч, сувилагч, ажилтнуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, түргэн тусламжийн машин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд эмнэлгийн шуурхай албаны нэг автомашин хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад, гол салбаруудад нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайдад, Дүнжингарав орон сууцны хорооллын дундуур дайран өнгөрдөг Ф500 мм-ийн голчтой 150 м урт хэсгийн барилга угсралтын ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа