Ж.Мөнхбат: Ирэх онд ч татвар нэмэхгүй
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
2016.09.07

Ж.Мөнхбат: Ирэх онд ч татвар нэмэхгүй

Засгийн газар төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг нэмэх санал оруулж ирсэн. Гэвч МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж Засгийн газар татвар нэмэх саналуудаа бүхэлд нь татаж авах нь зүйтэй гэж үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн барьсан зарим төрлийн татварыг нэмэх саналаа бүлэг дээрээ ярилцаад бүхэлд нь татаж авахаар шийдвэрлэлээ.

Татвар нэмэхтэй холбоотой буруу ойлголт нийгэмд тарсан. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авах санал байсан. Уг нь 2.5 саяас дээшх цалингаас нь 25 хувийн татвар авах байсан юм.

Мөн 150 метр квадратаас дээш орон сууцтай айлаас ийм зарчмаар татвах авах байсан юм. 160 метр квадрат байртай айл байлаа гэхэд 10 метр квадраас нь тооцож татвар авах байсан гэсэн үг.

Гэтэл нийтэд нь тооцоож татвар авах юм шиг ойлголт төрүүлсэн. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн сахилга бат алдагдсан. Засгийн газар нь төсвөө захиран зарцуулж, УИХ нь баталж, хяналт тавьдаг хуулийн зарчим алдагдсанаас болоод Монгол Улс гурав, дөрвөн төсөвтэй болсон.

Ингэснээр төсөв хэт данхайх, алдагдал нь газар авах нөхцөл бүрдсэн. Өнөөдөр төсвийн алдагдал дөрвөн их наядад хүрчихээд байна. Өмнө нь хэзээ ч ийм өндөр алдагдалтай байж үзээгүй. Үүнийг засахын тулд цалин хасч, татвар нэмэх санал оруулж ирсэн. Гэвч МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийн дагуу буцаагдлаа” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Татвар нэмэхээ больчихоор тесвийн тодотголын төслийн бүх гооцоо оөрчлөгдонө биз дээ. Үүнийг яаж зохицуулах вэ. Татвар нэмэхгүйгээр төсвийн алдагдлаа нөхөн ямар гарц байна гэж харсан юм бэ?

Татвар нэмэх саналаасаа татгалзсанаар дагаад төлөвлөсөн орлого байхгүй болно гэсэн үг. Тиймээс зардлаа бууруулахаас өөр арга алга. Зардал бууруулах хэд хэдэн санал бий. Концесс болон виксельтэй холбоотой төслүүдийг эргэж харах шаардлагатай байгаа.

Мөн бусад зардлуудыг бууруулах чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дээд хязгаарыг 58.3 хувиар баталж байсан. Гэтэл одоо өрийн хэмжээ 80 орчим хувьд хүрчихсэн байгаа. Ийм нөхцөлд дахин бонд босгоход хүндрэлтэй. Тиймээс зардлаа бууруулахаас өөр арга байхгүй.

-Ер нь цаашдаа татварын хуулиудад өөрчлөлт оруулж татвар нэмэх үү?

Удахгүй ирэх оны төсвийн төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Тэр үед ч татвар нэмэх санал оруулж ирүүлэхгүй гэдгээ хэлье. Харин цаашдаа тагварын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай юу гэвэл шаардлагатай.