УИХ-ын гишүүд оюутны дотуур байруудаар явлаа
2010.09.29

УИХ-ын гишүүд оюутны дотуур байруудаар явлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар өчигдөр Боловсролын Их Сургуулийн оюутны дотуур байрны орчимд очиж ажиллав.

Өнгөрсөн намрын чуулганы үеэр  энэ дөрвөн гишүүн санаачлан, хөдөө, орон нутгаас нийслэлд ирж төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын ахуй амьдралтай танилцахын хамт тэдний байрлан амьдрах орон байрны нөхцлийг  бага боловч шийдэхээр “1000 оюутны дотуур байр барих” асуудлыг төсөвт суулгуулсан юм. Өнөөдөр энэ ажлынхаа үр дүн болон явцтай нь  танилцахаар эрхэм гишүүд газар дээр нь ирцгээлээ.

УИХ-ын гишүүдэд БСШУ-ны яамны Барилга захиалагчийн албаны дарга Б.Цэрэн эхлээд ажлаа танилцуулсан.   Түүний хэлснээр бол, 1000 оюутны дотуур байр барих ажлын анхны үр дүн ямар ч байсан гараад байгаа юм байна. Тухайлбал,  дотуур байр барих газрын асуудлыг эхний ээлжинд шийджээ. Мөн дулааны шугам сүлжээний болон цахилгааны нөхцөл, холбооны ажлууд гэхчлэн техникийн талын асуудлуудаа саявтар шийдэж дуусаад байна гэлээ. Хэдийгээр газар авах асуудал нэлээд бэрхшээлтэй байсан ч олон удаа хөөцөлдсөний дүнд хоёр дотуур байр барих  газрыг нь  хотын зүгээс  шийдэж өгчээ. Тэгээд багахан хэмжээний хоёр  газарт тус бүр 10 давхар оюутны орчин үеийн шийдэлтэй, дотуур байр барихаар зураг төслөө хэдийнэ бэлэн болгожээ. Энд хөдөө, орон нутгаас ирж их дээд сургуульд суралцаж буй сурлагаараа  шилдэг тэргүүний 1000 оюутнуудыг хоёр хувааж байрлуулах болно хэмээн тэрээр хэлсэн.

Эрхэм гишүүд оюутны байр барих ажил яагаад удааширч байгааг асуухад, хэдийгээр төсөвт  4 тэрбум төгрөг  суулгуулсан ч  гэлээ нэлээд хүнд, чирэгдэлтэй нөхцөлд бүхий л урьдчилсан бэлтгэл ажлууд явагддаг болохыг Б.Цэрэн дарга учирлаж байв. Дулааны шугамын асуудлыг зөндөө бэрхшээлийн дундуур явсаар өнгөрөгч наймдугаар сард шийдүүлсэн, цахилгааны тухайд л гэхэд 13-р хорооллын 21-р байрнаас татахаар болсон, холбооны шугамын ажилд бас их цаг орсон гэж гишүүдэд Б.Цэрэн тайлбарлаж байв.

Гэвч ямар ч байсан УИХ-ын дөрвөн гишүүний санаачлагаар удахгүй нийслэлийн төвд  хуучнаар “Арслантай гүүрний” урдхан талд оюутны 10 давхар хоёр дотуур байрны шинэ барилга онь холбон босох өдөр айсуй.

Тэнд оюутнууд   фитнесээр хичээллэн, тохилог цэлгэр номын санд сууж, хичээлээ давтан, саруулхан  том танхимуудад  чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л боломж байгааг зураг төсөл гардан хийсэн эзэд нь хэлнэ лээ. Нэг өрөөнд гэхэд л гурван оюутан амьдарч, дотроо ариун цэврийн өрөө, гал тогооны тасалгаатай байх юм гэсэн.  Харин одоо бидний мэдэхээр оюутнууд 4-6-уулаа нэг өрөөнд чихэлдэн амьдарч, жилдээ дотуур байрны төлбөрт 180 мянга орчим төгрөг төлдөг. Тэгээд тэр байр нь олдоц муутайн хажуугаар багш нар нь бараг сугалаа явуулах нь холгүй болж байж, ганц нэг оюутнаа дотуур байранд “шингээдэг” юм гэсэн.

Одоо улсын хэмжээнд 25 мянга орчим хөдөө, орон нутгийн  оюутан дотуур байргүй, хамаатан саднаараа хэсүүчлэн амьдарч байдаг  бөгөөд ядаж тэдний 1000-ыг нь ийнхүү гайгүй сайн байранд оруулчих санаатай УИХ-ын дөрвөн гишүүн-Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг,   С.Бямбацогт нар өнгөрсөн өвлөөс хойш  уйгагүй хөөцөлдсөөр яваа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.