Б.Бат-Эрдэнэ: Би архи зарахгүй, амьтны амь хороохгүй, алт ухахгүй гэж өөртөө андгай тавьчихсан хүн дээ
2008 оноос хойш барилдааны бэлтгэл хийгээгүй ч гэсэн зодог тайлах тухай бодож чаддагүй
Саяхан наадам боллоо. Хаагуур наадав?
Энэ жил улсын наадмаар Улаанбаатарт байсан. Төв цэнгэлдэхэд л наадсан. Энэ жил манай Хэнтий аймагт Зүүн бүсийн даншиг наадам болсон. Нутагтаа ирж, даншиг наадам үзсэн.
Та улсад олон түрүүлсэн аварга хүн. Наадмаар зодоглох болов уу гэж бөхийн хорхойтнууд харж байсан байх?
Намайг зодоглоосой гэж хүсдэг хүмүүс байдаг байх л даа. Гэхдээ ажлын цаг ихтэй, зав зай багатай, бэлтгэл сургуулилт хийж амжихгүй юм байна. Ялангуяа Байнгын хорооны даргын ажил хүлээж авснаас хойш нэлээд ачаалалтай ажиллаж байна.
Бэлтгэл хийгээгүй хэр их удаж байна?
Ер нь барилдааны бэлтгэл хийгээгүй удаж байна даа. Харин байнгын дасгал бол хийж байгаа. Өглөө босоод дасгал хийчихнэ. өдрийн цайны цагийг ашиглаад дасгал хийчихдэг юм. Замын түгжрэл их болохоор сургууль дээр очоод юм уу, спортын ордонд очиж бэлтгэл хийх боломжгүй. Төрийн ордны дор фитнесийн жижиг өрөө байдаг юм. Цайны цагаар тэнд гучин минутын дасгал хийчихээд үлдсэн цагт нь өдрийн цайгаа уучихдаг.
Та байнгын бэлтгэл дасгал хийж байсан хүн гэнэт ширээний ард суучихаар хэцүү биш үү?
Ер нь их өндөр ачаалалтай байнгын бэлтгэлтэй байсан хүн гэнэт суучихаар бие оргинизмд нөлөөлдөг юм байна л даа. Тиймээс зав зай гарвал дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг юм. Ер нь хүний бие организм чинь байнгын хөдөлгөөн шаардаж байдаг эд. Тиймээс аль болох хөдөлгөөнтэй л байх хэрэгтэй.
Та олон жил барилдсан хүн. Наадам болохоор сэтгэл хөдлөөд барилдмаар санагддагүй гэж үү?
Наадам ойртохоор сэтгэл хөдлөөд барилдмаар санагдалгүй яахав. Наадмын ногоон дэвжээ, наадамчин олны уухай, төрийн их баяр цэнгэл гэдэг миний амьдралын салшгүй нэг хэсэг байсан. Одоо ч сэтгэлд хамгийн том байр суурь эзэлдэг. Одоо ч шавь нараа барилдахыг л хараад сууж байна.
Таныг барилдаасай гэж олон хүн хүсдэг. Олныг ингэж хүлээлгэж байхаар нэг мөсөн зодог тайлчихвал амар биш гэж үү?
Ер нь бол зодог тайлдаг нь бий, тайлахгүй ч хүмүүс байж л байдаг. 2008 оноос ерөөсөө барилдааны бэлтгэл хийсэнгүй. Хийх боломж ч олдохгүй юм даа. Хамгийн сүүлд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор зодоглож, шөвгийн дөрөвт үлдсэн. Түүнээс хойш улсын баяр наадамд зодоглоогүй.
Сүүлийн үед манай бөхчүүд улсын цолонд хүрээд л барилдахаа больчихдог, бизнес хийдэг. Улсын цол чимэг гэдэг тэр хүнийг бизнес хийхэд нь тусалдаг гарц болчихсон юм шиг санагддаг юм?
Ер нь барилдах гэдэг амьдрах арга биш шүү дээ. Спорт бол залуу насны ажил. Хэдийгээр улсын цолтой бөх ч байсан гэсэн тэр хүн амь амьдралаа авч явах, авгай хүүхдээ тэжээх л хэрэгтэй шүү дээ. Залуу бөхчүүд маань сайн сайхан амьдарч, бас бизнес хийж байгааг би дэмждэг юм. Хамгийн гол нь монгол бөх хүний бие бялдар, сэтгэл оюуныг ч гэсэн давхар хөгжүүлдэг. Хүнтэй нөхөрлөж чаддаг, бусдын итгэл хүлээдэг, ямар ч бэрхшээл байсан зорьсон зүйлдээ хүрдэг сайхан чанарыг монгол бөх хүнд өгдөг. Тиймээс манай бөхчүүд ямар ч ажил хийсэн амжилт гаргаж чаддаг байх. Тэр талаас нь харах хэрэгтэй л дээ. Саяхан манай Бөхийн холбооныхон их сонирхолтой судалгаа хийсэн байна лээ. Улсын цолтой бөхчүүдээс эхлээд сумын цолтой бөхчүүдийн аж амьдралыг судалж үзсэн юм билээ. Тэр судалгааны дүнгээс харахад бэртэж гэмтсэн, архи дарсанд орчихсон хүн маш цөөхөн байна. Бусад нь орон гэрээ сайн сайхан авч явна. Бүгд өөрийн гэсэн бизнестэй, хийсэн ажилдаа нэр хүндтэй сайн явна гэсэн дүн гарсан байсан. Энэ бол цаанаа нэг зүйл хэлээд л байгаа юм.
Манай аваргууд барилдахаа болиод морь уядаг болж. Х.Баянмөнх аварга, А.Сүхбат аварга гээд л...
Бөхчүүд монгол ахуй амьдрал, энэ ёс заншилтайгаа арай л ойр байдаг улс. Тэр утгаараа морь мал сонирхолгүй яахав. Нутагт амьтан ах дүүсийн бэлэглэсэн олон сайхан буян бий. Миний нэр дээр сум, орон нутагтаа л уралдах юм даа. Миний нэг сайхан хурдан бор азарга бий. 2006 оны даншиг наадамд айрагдсан. Аймаг сумандаа их олон айраг түрүү авсан. Манай Буяндэлгэр ах чинь мундаг уяач шүү дээ.
УИХ их олон манлай, тод манлай уяачидтай шүү дээ. Та улсад морио уралдуулж, цол чимэг авах талаар бодож байсан уу?
Ахад нь тийм бодол алга аа. Хүний сэтгэлд ч гэсэн хязгаар байх ёстой. Заавал би улсад морь уралдуулна цол чимэг авна гэж хөөцөлдөх сонирхол алга.
Таныг их олон адуутай, их олон малтай гэж ярьцгаадаг юм билээ.
Байгаа байгаа. Буянт мал сүрэг гэдэг сайхан. Өсөж үржихдаа ч амархан юм. Аав ээжээс маань чөдрийн ганц нэг морь, цөөн хэдэн үрээ л өвлөгдөж ирсэн. Энэ хэдийгээ өсгөөд, амьтан ах дүүгийн бэлэглэсэн буяныг цуглуулаад чамлахааргүй малтай болчихсон.
Сүүлийн үед манайхан адуучидтай, малчидтай болсон. Та хэр олон адуучинтай вэ?
Миний нэг хүргэн ах бий. Насаараа цагдаагийн байгууллагад ажилсан хурандаа хүн. Тэтгэвэртээ гараад мал дээр гарсан. Малаа ч сайн өсгөсөн. Улсын сайн малчин болсон. Энэ ах маань хэдэн малыг маань өсгөж үржүүлж, харж хандаж байгаа.
2012 оны сонгуульд нэр дэвших үү?
Би биш намын хамт олон л мэднэ шүү дээ. Итгэл хүлээлгээд нэр дэвш гэвэл надад татгалзах зүйл байхгүй.
Анх таныг УИХ-д нэр дэвшиж байхад хүмүүс жаахан янз муутай хүлээж авсан. Хоёр ч удаа нэр дэвшээд ялчихлаа. Байнгын хорооны дарга болчихлоо. Одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
Гишүүн байснаас барилдаад явж бай гэж хэлэх хүн байсан л байх. Гэхдээ наймайг дэмжиж байсан хүмүүс олон байсан. Ялангуяа нутгийн ахан дүүс маань их итгэл хүлээлгэсэн. Хэн намайг юу гэх бол гэж бодож байсангүй. Харин хэнд ямар хэрэгтэй зүйл хийчих вэ гэж бодож байсан. Тиймээс өнөөдөр надад хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн нь нэг их сонин биш. Харин Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн хүн чигээрээ л байх нь чухал. Хийж байгаа зүйлдээ эзэн байх нь л чухал шүү дээ. Зөв сэтгэлтэй байхад бүх зүйл бүтнэ ээ. Хувь тавилан, бас эцэг эхийн хүмүүжил ч байдаг байх. Миний эхлүүлсэн, хийж байсан бүх зүйл надад амжилт авчирч байсан.
Анх нэр дэвшинэ гэдэг таны хувьд нээлээд зориг шаардсан ажил байсан байх?
Нас дөч гарчихсан байсан. Спорт гэдэг залуу насны ажил шүү дээ. Нэр дэвших үү гэдэг санал хүлээж аваад жаахан эргэлзэж л байсан. Гэхдээ нутгийн ахан дүүс маань дэмжинэ гэдэгт итгэж байлаа.
Танайх гурван охинтой. Охидууд тань их даруухан, элдэв хэл амнаас хол байх шиг санагддаг юм?
Үр хүүхэд сэтгэл зовоохгүй байна гэдэг хамгийн сайхан жаргал шүү дээ. Миний эцэг эх, сайхан ханийн л буян байх даа. Охидууд маань ямар ч байсан том болж байна. Элдэв өвчин зовлон, хэл амнаас хол байгаад үнэхээр баярладаг юм.
Та охидуудаа Германд сургаж байсан байх аа?
Гурван охиноо гаднын соёл, хэл заншил сураг гэж нэг хэсэг Германд сургасан. Том охин Германд их сургуульд сурч байна. Дунд охин маань ирэх жил Анагаахын дээд төгсөнө. Бага охин маань дунд сургуульд сурч байгаа.
Таныг нэг л их баян хүн гэж ойлгодог. Том сангийн аж ахуйтай, бас хувийн сургуультай гээд л...?
Улс орон зах зээлд ороод ид бужигнаж байх 1990 оны үед би шигшээ багийн тамирчин байсан. Миний үеийнхэн ганзагын наймаанд яваад ид хөдөлж байх үед би "За даа, бэлтгэлээ л сайн хийе" гэж бодож байлаа. Тэгээд 1995 онд амьдрал ахуйгаа ч дээшлүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Их ч олон хүнтэй зөвлөсөн, багш нартайгаа ярьсан. Тэгээд л өөрийнхөө итгэл үнэмшил, сүсэг бишрэлдээ тохирсон бизнес хийхээр санаа шулуудсан хүн. Архий найруулж зарахгүй, амьтан руу буу шагайхгүй, алт ухаж газар сэндийлэхгүй гэж өөрөө өөртөө андгай тавьчихсан хүн. Анх бизнес хийх гэж байхад спирт оруулж ирж их зарж байлаа. Мал махны бизнес их хийж байсан. Тэр болгоноос би хол байсан хүн. Анх ноолуурын бизнес хийж байлаа. Үндэсний үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд малчдаас ноолуур авч эхэлсэн. Одоо их хуралд хамт сууж байгаа Батж.Батбаяр бид найзууд. Д.Ганхуягийг бүр Японд сурч байхын сайхан найзууд байсан. Найз нөхдийн дэмжлэгээр л бизнес хийж эхэлсэн хүн шүү дээ. Гэхдээ би ганц кг түүхий ноолуур гадагш гаргаж байгаагүй. Хэзээ ч ханш унагааж, хэдэн малчдын сэтгэлд сэв суулгаж байгаагүй. Ноолуур бэлтгээд том том үйлдвэрүүдэд өгдөг, угаалгаж хагас боловсруулдаг, зарим үед ноолууран бүтээгдэхүүн аваад гадагш нь гаргадаг байсан.
Чандганын сангийн аж ахуйг та хэзээ авсан юм бэ?
Ноолууран бизнес хийгээд бага сага мөнгө хуримтлуулж л байсан үед нутгаас надруу хүн ярьсан юм. "Та энэ нутаг орноос гаралтай хүн байна. Хүрч ирж хувьчлалд оролцооч. Сайхан цагт бүтээж босгосон олон зүйл өнөөдөр нурж байна. Баахан залуучууд ирээд хувьчлаад авдаг. Өнөөдөр хувьчилж аваад, маргааш нь малыг нь туугаад нөгөөдөр хамаг юмыг нь буулгаж ачаад л явчихна. Тиймээс нутгийн хүн хөрөнгө мөнгөө оруулаач" гэдэг санал тавьсан. Чандганын сангийн аж ахуйг хоёр хувааж хувьчилсан юм. Нэг хэсгийг нь би найз нартайгаа нийлж, хөрөнгө мөнгөө цуглуулж авсан. 400 үнээний фермтэй байсан. Малыг нь өсгөж үржүүлье, орон нутгийн иргэдийг ч малжуулъя гэж шийдсэн. Анх 1000 гаруй толгой малтай байсан. Одоо энэ мал үржсэн. 5000 гаруй мал нутгийн иргэдийн гэр дээр байна. Малчид маань өсгөж үржүүлээд ашиг шимийг нь хүртэж байгаа. Аж ахуйд бас 5000 гаруй мал байна. Одоо Чандганын сангийн аж ахуй дээр 1000 үнээний ферм байгуулагдах гэж байна. Цэвэр сүүний ферм байгуулах санаатай байгаа. Хүмүүс ч их дэмжиж байна.