Наймдугаар сарын 14 Монголын жүдочдын өдөр
2010.08.16

Наймдугаар сарын 14 Монголын жүдочдын өдөр

Наймдугаар сарын 14 монголчуудын хувьд жирийн нэг өдөр биш ээ. Хоёр жилийн өмнөх энэ өдөр уйлж, дуулж, баярлаж хөөрч байснаа зарим хүн мартсан байж магадгүй учраас, эргэн сануулъя. 2008 оны энэ өдөр монгол хүн, Монголын жүдоч Н.Түвшинбаяр олимпын аварга болж, монгол хүн бүрийн сэтгэлийг огшоон догдлуулж байсан билээ.

 

Наймдугаар сарын 14 гэдэг энэ өдөр Монголын жүдочдод бол хамгийн чухал, мартагдашгүй, ээлтэй өдөр юм байна. 2004 оны энэ өдөр Афины олимпод оролцсон Монголын баг тамирчдаас Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль авч, 2008 оны мөн л энэ өдөр Н.Түвшинбаяр монголчууд бидний олон жил хүлээсэн олимпын алтан медалийн эзэн болж, Монгол Улсынхаа төрийн далбааг өндөрт мандуулан, төрийн дууллаа олимпын тэнгэрт эгшиглүүлсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улс олимпын аваргатай болсон энэ түүхэн өдөр тохиолоо. Харин энэ өдөр жүдочид байгуулсан гавьяагаа тэмдэглэн наргиж цэнгэх бус хөлсөө дуслуулан бэлтгэлээ хийж, спорт зааландаа өнжиж байлаа. 2010 оны есдүгээр сарын 9-14-нд Японд болох жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд бэлтгэж, Орхон аймаг дахь Олимп цогцолборт сар гаруй үргэлжлэх бэлтгэлдээ гарсан нь энэ. Энэ удаагийн ДАШТ жүдогийн эх оронд болж байгаа, жин тус бүрт нэг улсаас хоёр тамирчин орно гээд онцлогтой, хариуцлагатай тэмцээн хэмээн дасгалжуулагч нар нь ярилаа.


Олмпын аварга Н.Түвшинбаяр “Олимпын аварга болж байсан маань саяхан юм шиг санагдах хэдий ч хоёр жил өнгөрсөн байна. Миний, жүдочдын, Монголчуудын амжилт, хөдөлмөр зүтгэлээр аварга болсондоо баяртай байдаг, эргээд дурсахад бахархдаг юм. Өнөөдрийн хувьд дэлхийн аваргын бэлтгэлээ хийж байна. Японы, Монголын хүнд жингийн тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Миний хувьд хэсэг хугацаанд бэлтгэл хийгээгүй учраас жаахан хүнд байлаа, гэхдээ одооноос гайгүй болж байна аа.” хэмээн биднийг ярилцаж байтал түүний барилдах цаг болж дасгалжуулагч дуудан талбайд гар гэж дохилоо.


Олимпын аваргатай болсон өдрөөр бэлтгэлд гарсан тамирчдаа хүндэтгэж, Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, тус холбооны дэд ерөнхийлөгч нар Олимп баазад очиж уулзан, хамтарсан бэлтгэл хийсэн юм. Мөн  Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч нар тамирчдад зайлшгүй хэрэгтэй хүнсний нэмэлт тэжээл, амин дэмүүд хүргэж өгч, амжилт хүслээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.