Су.Батболд:
Наадмын эхний өдөр Хүй долоон худагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний их хурлын дарга Мехмет Али Шахинболов дагалдан яваа хүмүүсийн хамт УИХ -ын гишүүн Су.Батболдын морины уяанд саатсан юм.Зочдыг явсны дараа уяаны эзэн УИХ-ын гишүүн Су.Батболдоос дараах тодруулгыг авлаа.
-Танай уяагаар холын гийчид болон УИХ-ын дарга тухлаад буцлаа. Энэ нь төлөвлөгөөт айлчлал байсан уу?
-Д.Дэмбэрэл даргын урилгаар Туркийн парламентын дарга ирээд нэг уяачийнхаар оръё гэсэн хүсэлт тавьсан гэнэ лээ. Харин Д.Дэмбэрэл дарга манайд уяан дээр ирэх урилгатай байсан юм. Тэгээд л «Манай УИХ-ын гишүүн, удамтай уяач айл бий, тэднийд очъё» гэсэн. Дарга ч өөр уяач хайж явснаас танайд оруулаад гаргая л гэсэн юм. Зочид маань товлосон цагаасаа хоцорч ирээд удаан тухлалгүй сандруухан л гараад явлаа.
-Танай галынхан хэрхурдтай байна вэ. Хэн хэний уяатай айлсаж буув?
-Говийн багш Тагарваа, А.Сүхбат аваргын ах А.Батсүх бид хэд нийлэн буусан. Азарганы уралдаанд А.Сүхбат аваргын азарга гуравт хурдалсан. Манай галын уяа их хурдтай байгаа. Энэ уяан дээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилээс хойш бууж байгаа. Манай галынхан морьдоо нутаг нутагтаа уяад энд ирээд нэг довон дээр нэг уяа болж буудаг.
-Та энэ жилийн наадамд хэдэн насанд хурдан хүлэг сойв?
Энэ жилийн наадамд их нас, соёолон, даага гэсэн гурван насанд морьд сойлоо. Төв аймагт зарим хүлгээ хурдлуулсан. Төв аймгийн наадам энэ сарын 9-10-нд болсон. Ер нь ч аймгийн наадам их чанартай, сайхан болдог. Өнгөрсөн жил миний хязаалан үрээ хол түрүүлж байсан. Энэ жил тэр үрээ маань соёолонд уралдана.
-Та бол удамт уяачийн хүү. Морь хэр сайн шинжих вэ. Морины манаанд гарч байна уу?
-Би ч нэг их айхтар уяач биш л дээ.Долоон настай байхаасаа эхлээд хурдны морь таван жил унасан. Сүүлд ажил алба гээд мориноосоо хөндийрсөн. Хүүхэд байхдаа, дараа нь оюутан болсон хойноо морио манадаг байлаа. Одоо ах дүү нартайгаа элбээд л уячихдаг. Харин миний хүү 19 настай, морио өөрөө уяж манаж хонож байгаа.
-«Шинэ» монгол адууны талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Шинэ монгол адуу наадамд уралдах ёстой гэж боддог. Тэгж байж монгол морины уралдаан, хөгжилд нөлөөлнө. Шинэ монгол морийг уралдуулахгүй, монгол морио дангаар нь уралдуулна гэвэл ахиц гарахгүй. Тийм учраас шинэ монгол адууг хүлээн зөвшөөрөх ёстой. Би ч гэсэн дарагдаад л байна. Гэлээ ч гэсэн цаашдаа хамт уралдуулах нь зүйтэй юм. Миний уяанд нэг эрлийз даага бий.