С.Эрдэнэ: “Супер лидер” гарч ирээд АН-ыг өөрчилчих юм шиг санаад байна...
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.09.19

С.Эрдэнэ: “Супер лидер” гарч ирээд АН-ыг өөрчилчих юм шиг санаад байна...

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эхлэх нь зүйтэй болов уу. Яагаад ҮЗХ-ны хуралдаан дахиад хойшлов оо?

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд яагаад ингээд ач холбогдол өгөөд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ингэж онцлоод байгаад  би нэг талдаа гайхаж байна. Өнөөдөр Ардчилсан намын нийгэм, эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөө харьцангуй бага. 

Учир нь, бид илт ялагдаж, МАН хэт олонх болчихсон. Ардчилсан намын оролцоотой, оролцоогүй тэд дангаараа бүх шийдвэрээ гаргаад явах боломжтой. Бидэнд ямар нэгэн хориг тавих боломж байхгүй. Үг хэлнэ, эсэргүүцлээ илэрхийлнэ, шүүмжилнэ. Өөр боломж байхгүй шүү дээ.

-Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ҮЗХ-ны хуралдаан болох байсан ч мөн л хойшлуулсан шүү дээ?

Наймдугаар сарын 25-нд Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг хуралдуулахаар тов зарласан байсан. Яг тэр үед УИХ-ын ээлжит хуралдааныг зарласан. 

Бид тухайн үед төрөө хүндэтгэж, улс орны эрх ашгийг нэгт тавьсан. Мөн УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд маш чухал байсан учраас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан.

Ээлжит бус чуулганаар томоохон ямар зарчмын асуудлууд яригдаж, эрх баригчид мөрийн хөтөлбөрөөсөө яаж ухарч байгааг бид харлаа. Олон түмний бухимдлыг ч төрүүлсэн.

Тэрэн дээр сөрөг хүчний хувьд Ардчилсан намын бүлэг байр сууриа хатуу барьж ажилласан. Үүний үр дүн ч гарсан гэж харж байгаа.

Энэ бүх асуудлуудыг Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаантай давхцуулж хийх гэж оролдсон нь өөрөө улс төрийн зорилготой байсан. Энийг бид олж харсан учраас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан. Хойшлуулсан нь ч зөв байсан.

-ҮЗХ-ны хуралдаанд бус цаг үеийн чухал асуудалдаа ач холбогдол өгөх нь зөв-
-ҮЗХ-ны хуралдаан хэдий хэр хугацаагаар хойшилсон бэ?

Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Ялагдал хүлээсэн хариуцлагаа АН-ын удирдлагууд хүлээгээд, мэдэгдлээ гаргаад, шийдвэрээ гаргасан. ҮЗХ-ны хуралдааныг яаран хуралдуулах бус, цаг үеийн чухал асуудалдаа илүү ач холбогдол өгөх нь илүү үр дүнтэй юм байна гэж харж байгаа.

АН-ын үндсэн дүрмээр ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлыг хуралдуулахаар болсон. Үндсэн дүрмэндээ бол намын даргыг  АН-ын Их хурлаар сонгодог. Намын үндсэн дүрэм, хяналтын хороог Их хурлаар баталдаг дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу ирэх арванхоёрдугаар сард хуралдах АН-ын ээлжит Их хурлаар асуудлууд шийдэгдэнэ.

-Танай намд зөвхөн намын даргыг сонгохоос гадна шийдэх олон асуудал байгаа болов уу?

Тийм ээ. Шийдэх олон асуудлууд бий. Намаа шинэчлэх шаардлага бий. Бидэнд аливаа асуудалд түргэн гоомой хандах эрх байхгүй. Ямар ч тохиолдолд асуудалд нухацтай, ултай суурьтай хандаж, урт хугацаанд амьдрах үзэл баримтлал, дүрэм, холбогдох шийдвэрүүдээ гаргах ёстой.

Тийм учраас ҮЗХ-ны хуралдааныг хийх гэж яарах шаардлага байхгүй. Бидэнд хангалттай хугацаа байгаа. Энэ хугацаанд бид намынхаа шинэчлэлийг хийгээд, дотоод асуудал, бодлогоо гаргаад, намын даргаа сонгоно.

-Төрийн албан хаагчдыг хоморголон халж, хэлмэгдүүлж байгааг зогсоохыг шаардана-
-АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн  хуралдаанаар юу, юу шийдсэн бэ?

Үндсэн гурван шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулж, орон нутгийн сонгуульд илүү ач холбогдол өгье гэж шийдсэн. ҮЗХ-ны гишүүд болон бусад хариуцлагатай албан тушаалтнуудыг орон нутаг руу явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, орон нутгийн сонгууль руу удирдагчдаа явуулахааар болсон. Орон нутгийн сонгуулийн удирдах штабын даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, үүрэг өгсөн. Гуравдугаарт, төрийн албан хаагчдыг хоморголон халж, хэлмэгдүүлж байгаа үйлдлээ зогсоохыг шаардсан мэдэгдлийг эрх баригчдадаа хандаж гаргахаар шийдвэрлэсэн.

-Хэд хоногийн өмнө Ардчилсан намыг үүсгэн байгуулагчид гэсэн хүмүүс хэвлэлийн хурал хийсэн. Тэд ҮЗХ-г татан буулгаж, намын их хурлыг “Онц Их хурал” хэмээн яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай гэж байсан. Энэ мэтчилэн АН-ыг хатгаж байгаа хатгаасууд хэр их байна вэ?

Дүрмийн бус тоглолтууд их гарч байна. Эдгээр үйлдлүүд бүгд хууль бус. Ингэж хэвлэлийн бага зарласан хүмүүс дотор үнэхээр АН-ыг анх байгуулахад байсан хүмүүс байна лээ. Ийм байдлаар намын хувь заяаг шийднэ гэж байхгүй.

Манай нам бол өөрийн гэсэн дүрэм журамтай. 21 аймаг, есөн дүүрэг, 333 сумын намын хороотой. Энэ олон намын байгууллагууд, гишүүд өөрсдийнхөө хувь заяаг хэдэн хүнээр заалгахгүй ээ. Бидэнд асуудлаа шийдвэрлээд явах бүрэн боломж бий.

-“Супер лидер” гарч ирээд АН-ыг өөрчилчих юм шиг санаад байна-
-Ардчилсан намын шинэчлэл яаж явагдах ёстой юм бэ. Хэн шинэчлэх ёстой юм бэ?

АН-ын шинэчлэлийг янз янзын өнцгөөс харж, ярьж байна. Шинэчлэнэ гэдэг үгийг хүн бүхэн ярьж байгаа. Харин яг яаж шинэчлэх юм бэ гэхээр онолын түвшинд, өөрчлөх ёстой асуудал дээр тогтож ярьж байгаа хүмүүс цөөн байна. Миний харж байгаагаар намын шинэчлэлийн асуудал дээр заримтай нь санал нийлж байгаа. Заримтай нь огт санал нийлэхгүй байгаа.

Зарим хүмүүс “Супер лидер” гарч ирээд л энэ намыг өөрчилчих юм шиг санаад байна. Мэдээж, хувь хүний үүрэг роль байна л даа. Гэхдээ намын бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, онол гээд маш олон зүйлийг бид иж бүрдлээр нь өөрчилж байж шинэчлэл явагдана.

Манай нам бол онцлогтой нам. 18 улс төрийн хүчин, эвслүүд нэгдэж байж энэ АН боссон түүхтэй. Энэ олон эвслийг нэгтгэж нэг нам болгоно гэдэг бол амар зүйл биш. Одоо бид төлөвшлөө зөв тогтоох хэрэгтэй байна.

-Намынхаа үнэт зүйлийг шинээр тодорхойлох уу. Эсвэл...?

Ардчилал, хүний эрх, хувийн өмч, шударга ёс гээд үнэт зүйлүүд манай намд бий. Энэ үнэт зүйлээ онолын түвшинд маш зөв тодорхойлох ёстой. Үнэт зүйлээ төв тодорхойлж гаргах нь нэн тэргүүний ажил. Үзэл баримтлал, онолоо л зөв тодорхойлох, шийдэх хэрэгтэй байна. Манай нам чинь улс төр, эдийн засгийн маш олон лидерүүдтэй шүү дээ.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаас ямар үр дүн гарсан гэж та дүгнэж байна вэ?

МАН-ын мөрийн хөтөлбөр тов тодорхой байгаа. МАН олонх болоод байгуулсан Засгийн газар, түүний оруулж ирж байгаа мөрийн хөтөлбөр нь өөрөө намынх нь мөрийн хөтөлбөрийн яг эсрэг байсан. 180 градус эргэсэн.Дандаа мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг заалтууд оруулж ирсэн. Би эхэндээ гайхсан.

Бүх төрлийн татварыг нэмэгдүүлэхгүй гэсэн. Гэтэл бүх татварыг нэмэгдүүлж, шинэ төрлийн татвар бий болгох зүйл ярьсан.

Засгийн газарт оруулж ирсэн төсөл, саналууд нь үндэслэлтэй юм бол МАН сонгуулиар худал, хуурмаг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм байна гэдэг зүйл эндээс харагдана. Сонгогчдыг хууран мэхэлсэн юм байна гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрнэ. Бүх төрлийн татварыг нэмэгдүүлэхгүй гэсэн. Гэтэл бүх татварыг нэмэгдүүлж, шинэ төрлийн татвар бий болгох зүйл ярьсан.

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.