Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч байна
2016.09.23

Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч байна

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. 

Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга бөгөөд зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Зөвлөгөөний үеэр ГХУССЗ-өөс зохион байгуулсан ажлуудын талаар болон цагдаа, прокурор, Замын цагдаа зэрэг холбогдох байгууллагууд товч тайлан, мэдээлэл хийлээ. Мөн гудамж, байрны нийтийн эргүүлүүд өөрсдөд нь учирдаг хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, хүсэлтээ хэллээ. Зөвлөлдөх уулзалтад гудамж, байрны нийтийн эргүүл 1000 орчим иргэд хамрагдав.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч байгаа нь Гудамж байрны нийтийн эргүүлтэй болсны үр дүн юм гэдгийг онцлоод өнөөдрийн уулзалт зөвлөгөөний үеэр гарсан та бүхний шинэлэг санал, зөвлөмжийг бид цаашдынхаа бодлого шийдвэрт тусгаж ажиллах болно гэдгээ хэллээ. 

Мөн үеэр дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим “Гудамж байрны нийтийн эргүүлийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсан юм.