Халх гол чөлөөт бүс халуун сэдэв хэвээр байна
2016.09.26

Халх гол чөлөөт бүс халуун сэдэв хэвээр байна

Хараа үл гүйцэх Мэнэнгийн хялганат тал, Халх голын сав газраар 2000 гаруй км туулаад ирлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч пүрэв, баасан гаригт Дорнод аймгийн төв, Халхгол суманд ажилласан юм. Энэ үеэр иргэд Засгийн газрын тэргүүний сонорт хэд хэдэн зүйлийг чухалчлан хүргэснийг онцолж байна.

Дорнод нутагт дулаахан байсан. Ойрын өдрүүдэд орсон оройтсон бороо зуны ногоон өнгийг хадгалж байна гэлтэй. Намрын халуун өдрүүдээс дутахгүй халуухан сэдэв Ерөнхий сайдыг угтсан нь “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай асуудал байлаа. УИХ 2015 оны долдугаар сард Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоол баталсан. Энэ нь нутгийнхан төди гүй олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан тул өнгөрөгч дөрөвдүгээр сард дээрх тогтоолыг хүчингүй болгож, дараа сард нь Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай 46 дугаар тогтоол баталсан.

Улмаар дээрх тогтоолын хүрээнд Засгийн газраас “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын хөтөлбөр байгуулах тухай 328 тоот тогтоол гаргасан. УИХ, Засгийн газрын эдгээр тогтоол, шийдвэрийг тус аймгийн иргэд нэрийг нь өөрчилж, нүд хуурсан төдий зүйл байсан хэмээн бухимдаж байна. Аймгийн төвийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Халхгол сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Цэрэндулам “Энэ бол Халх голын бүс нутгийг бүхлээр нь төрийн тусгай хэрэгцээт газар болгож, хуулиар далайлган, төрийн нэрээр хүчээр булаан авах гэсэн тогтоол.

Дэлхийд сүүлчийнх гэгдэж буй ганц хялганат талаа устгахаар улайран дайрч байна. “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргал 17 мянган га-д газар олгочихоод алга болсон сурагтай.Ер нь 1994 онд Халхгол сумыг татан буулгаж, Ялалт баг болгосон нь туйлын алдаатай,энэ том газар нутгийг хяналтгүй болгох үндсийг тавьсан” гээд дээрх тогтоол, шийдвэрийг цуцлахыг Ерөнхий сайдаас хүс- сэн. Мөн иргэн Ч.Камаров “Засгийн газрын 328 дугаар тогтоолыг сонгуулийн үеэр буюу зургадугаар сарын 13-нд баталсан. Дорнодын тал хээрийн эко систем маш эмзэг, удаан хугацаанд бүрэлдэн бий болдог учраас бид эсэргүүцээд байгаа юм.

Одоо тэнд ашиглаж буй газар тариалангийн талбайн 70-аас дээш хувь нь элэгдэлд орчихсон байхад экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Тэгээд ч эх орноо хамгаалж тэмцсэн баатарлаг эрсийн түүх тэнд бий” гээд гадаад иргэдийг суурьшуулах бааз болгох санаархал байж болзошгүй гэж хардаж буйгаа ч нуусангүй. Иргэн Д.Намжил “328 дугаар тогтоолын дагуу Халх гол дагуу пайз хатгаж, малчдыг өвөлжөөгүй бсшгож байна” гэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудалтай холбоотой шийдвэрүүдийг цуцалж, улмаар хэрэгжүүлж болохуйц бодлого, хөтөлбөр боловсруулахын тулд газар дээр нь зорьж ирснээ хэлж байсан юм. Харин дээрх тогтоолын нэрээр нийт 170 мянга биш, бүр 320 мянган га газрыг 8-10 мянгаар нь жижиглэн олгосон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр дуулгана лээ.

Боловсролын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хаана ч асуудал дагуулж байдаг. Тус аймагт ч ийм асуудлууд байсаар буйг боловсролын хэд хэдэн байгууллагын удирдлага уулзалтын үеэр учирлаж байсан. Энэ тухайд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг өргөтгөх асуудлыг ирэх жилээс цогцоор нь шийдэх бодлого баримталж ажил- лахаа Ерөнхий сайд хэлсэн.

Ж.Эрдэнэбат: Бүгээгдэхүүн хуваах гэрээг шинэчилнэ

Засгийн газрын тэргүүн газрын тосны “Петро Чайна дачин Тамсаг” компанийн XXI талбайн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани 1993 оноос бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2012 оноос ашиглалт нь эхэлсэн. XXI талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.

Мөн XIX талбайд ч ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй. Олборлолтын хугацаанд (2015 оны эцсийн байдлаар) нийт 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Өнгөрөгч оны эцсийн байдлаар тус компани 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хоёр тэрбум ам.долларын түүхий тос экспортлон боловсруулжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газарт 518 сая, БНХАУ-ын талд 719 сая ам.долларын орлого оруулсан байна.

Нийт 691 хүн ажиллаж буйгийн 100 нь хятад, бусад нь монгол аж. Тус компани Чойбалсангаас буюу “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас зуун хувь эрчим хүчээ авдаг бөгөөд энэ нь найдваргүй эх үүсвэр болохыг удирдлагууд нь Ерөнхий сайдад хэлж байсан. Үнэхээр ч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн үйлдвэрлэж буй эрчим хүчний талаас илүү хувийг уул уурхай, газрын тосны компаниуд хэрэглэдэг.

Улмаар суурилуулсан хүчин чадал нь хүрэлцэхгүйд хүрээд буй. Тиймээс тус станцын хүчин чадлыг 50-100 мВт-аар өргөтгөх ажлыг ирэх жилээс эхлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдээд байсан юм. Энэ нь Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх эрчим хүчний томоохон таван төслийн нэг байх юм.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн “Петро Чайна дачин Тамсаг” компанийн удирдлагуудын XXI талбайд өрнүүлсэн яриа ч халуухан болсон. Компанийн удирдлагууд энэ онд 1.3 сая тонн түүхий тос олбор- лох төлөвлөгөөтэй ч 300 мянган тонн-оор дутааж, улмаар төсөвт төвлөрүүлэх орлого 20 сая ам.доллароор буурахаар буйг шулуухан хэлсэн. Мөн тос нь харьцангуй гүнд байдгаас өрөмдөх хугацаа урт, байгалийн гарц бага зэрэг шалтгаанаар хөрөнгө оруулалт нэлээд шаарддаг зэрэг нь тус төслийн эдийн засгийн үр ашгийг “Ерөнхийдөө муу, тааруухан” гэж дүгнэхэд хүргэж буй гэнэ.

 “Петро Чайна дачин Тамсаг” компанийн удирдлага “Нефтийн үнэ 43 ам.доллароос унасан нөхцөлд ашигтай ажиллахад хүндрэлтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг тогтвортой үргэлжлүүлэх ёстой, 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль бүтээгдэхүүн хуваах гэрээний зүйл, заалттай зөрчилдөж байгаа” гэв.

Харин Газрын тосны тухай шинэ хуулийн чухам аль зүйл, заалт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй зөрчилдөж буйг тодруулсан Ерөнхий сайдын асуултад тус компанийн удирдлагууд тодорхой хариулт өгөөгүй. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Цаашид манай Засгийн газар хөрөнгө оруулагчдад хүнд суртал гаргаж, ажлыг нь чирэгдүүлэхгүй байх боддого баримтална. Хөрөнгө оруулагчтай холбоотой аливаа асууддыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Харин хөрөнгө оруулагч нар Засгийн газраас тавьж буй шаардлагыг биелүүлэх ёстой.

Танай компани Монгол Улсад цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах учраас компанийн нарийн мэргэжилтнүүдийг монголчуудаас авч ажиллуулах, сургах санаачилга гаргах хэрэгтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх шаардлагатай байна.

Газрын тосны тухай хуулийн заалт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хэрхэн зөрчилдөж байгаа талаар та бүхэн тодорхой хариулт өгсөнгүй. Аль аль талдаа ашигтай байх хувилбарыг л сонгох хэрэгтэй. Хэн нэг нь давуу ашиг хүртэх ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэхүү байр суурийг өмнө нь Ерөнхий сайд иргэдтэй уулзах үеэр илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар ч санал нэгтэй байсан юм. Ерөнхий сайдыг ийн хэлсний дараа “Петро Чайна дачин Тамсаг” компанийн удирдлага Газрын тосны тухай хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлыг төрийн холбогдох байгууллагаар дамжуулан уламжилна гээд “Хамтын ажиллагаа маань бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд явна” гэж байлаа.

ХАЛХ ГОЛООС АЗИЙГ “ТЭЖЭЭНЭ”

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн Халхгол суманд ажиллах үеэрээ Тэжээлийн үйлдвэр “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцсон. 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Жилд гурван удаа ургац хураах аж. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалжээ.

Энэ жил гэхэд л анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч маш сайн ургасан байна. “Ирэх долоо хоногоос эхний бүтээгдэхүүнээ гаргах бөгөөд зах зээл, захиалга хангалттай. Жилд гурван удаа ургацаа хураана. Ийм үйлдвэр дахин 2-3-ыг барих боломжтой. Бүрэн автомат, европ технологитой уг үйлдвэр ашиглалтад орсноор 120 гаруй хүн ажлын байртай болсон. Мөн нутгийн малчид, иргэдийг чанартай тэжээлээр хямд үнээр хангах боломжтой. Халх гол орчмыг экспортод тулгуурласан газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх нь бидний хамгийн том зорилго” гэж “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ танилцуулсан.

‘Түймэрт шатаачихдаг өвсөө бид тэжээл болгож экспортлох боломжтой. Дотоод зах зээлээ хангахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хамгийн том бүтээн байгуулалт. Тэжээлийн энэ үйлдвэр эхнийх нь. Цаашид олон үйлдвэр байгуулна. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голд ирж ажиллах болно” гэж Ерөнхий сайд хэлж байлаа.