МҮЭСТО-ыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-р шагналаа.
Соёл урлаг үзвэр үйлчилгээний менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх,соёл урлагийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хөгжил хүн ардын соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, үе үеийн хамт олны амжилт бүтээлийг нь үнэлж МҮЭСТО-ыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-р өнөөдөр шагналаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Ц.Баярсайхан, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа, МҮЭСТО-ны дэд захирал С.Гэрэлмаа, дэд захирал Ц.Мөнхбаяр болон МҮЭСТ-ны үе үеийн ажилчид, ахмадууд, мэргэжил үйлдвэрлэлийн салбарын дарга нар оролцлоо.
МҮЭ-ийн Соёлын Төв Ордны барилга байгууламж нь ЗХУ (хуучин нэрээр), БНМАУ (хуучин нэрээр)-ын засгийн газар хоорондын гэрээгээр Бүх Холбоотын ҮЭ-ийн хөрөнгөөр баригдаж МҮЭ-ийн Төв зөвлөлд бэлэглэсэн Оросын ард түмний бэлэг юм.
Тус ордон 1975 онд ашиглалтанд орж соёл урлагийн ажил үйлчилгээг өргөн олон нийтэд үзүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өнөө хүртэл тасралтгүй 41 жил явуулж ирсэн мэргэжлийн соёлын байгууллага билээ.
Соёлын Төв Ордон нь МҮЭ-ийн байгууллага, гишүүд, идэвхтэн, сонгуультан болон иргэд, хөдөлмөрчдийн оюун санаа, бие бялдарын хөгжил, соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн чөлөөт цаг, соёл урлаг, спортын төрөл бүрийн ажил үйлчилгээ үзүүлэх, авъяастнуудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, уран сайхан, гоо зүйн боловсрол хүмүүжил олгох, ажиллаж амьдрах арга ухаанд сургах, соёл урлагийн бүтээл, биеийн тамирыг нийтийн хүртээл болгох, чанар хүртээмжийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж ирлээ. МҮЭСТО нь дээрх чиг үүрэгтэйгээр тасралтгүй 41 жил үйл ажиллагаа явуулж үзвэр үйлчилгээ, урлаг соёл, биеийн тамирын арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр хамруулж нийт 18 сая гаруй хүнд үйлчилсэн байна.
МҮЭСТО байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл Соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутны дадлагын бааз болж СУИС, Соёлын дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.
1990-ээд оноос тус ордон зах зээлийн харилцаа, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зорилго үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шинэчилж соёл урлагийн салбарт анхдагч алхмуудыг хийж үр дүнтэй ажиллаж байна. Зах зээлийн шилжилтийн эхний жилүүдэд лангуун дээр давс гоймонгоос өөр зүйлгүй байсан цаг үед ч нийслэлчүүддээ соёлын олон арван бүтээл бүтээгдэхүүн нийлүүлж байсан нь түүхэн хуудаснаа үлдсэн юм.