Д.Оюунхорол сайд Туркийн Элчин сайдтай уулзлаа
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Монгол Улсын Их хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой уулзлаа.
Д.Оюунхорол сайд Турк улс нь ногоон хөгжилд ач холбогдол өгдөг орон болохыг дурьдаад, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Турк Улстай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс нь цөлжилт болон гадаргуугийн усны хомсдол зэрэг сорилттой тулгараад буйд анхаарал хандуулаад, энэ талаар Туркийн туршлагыг судлах боломжтой гэв. Тэрбээр аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Нүүдлийн аялал жуулчлал, тогтвортой хотууд сэдэвт Олон улсын Торгоны замын хуралдаанд Турк Улсыг идэвхитэй оролцох болсонд талархаж байгаагаа илэрхийлээд Турк Улсын Соёл, аялал жуулчлал, Байгаль орчин, хотжилт болон Ой, усны сайд нарыг Монгол Улсад урив.
Түүнчлэн Д.Оюунхорол сайд Элчин сайд Мурат Карагөзийг Турк-Монголын харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсанд талархаж байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүслээ.
Элчин сайд Мурат Карагөз сайд Д.Оюунхоролд энэхүү албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргээд Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулна гэдгийг мэдэгдэж Турк Улсын Байгал орчин, хотжилтын сайд Мехмет Өзхасеки болон Ой, усны сайд Вейсэл Эроглу-ийн мэндчилгээг уламжиллаа.
Мөн 2016 онд Турк болон Монголын Аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид харилцан айлчлал хийсэнд баяртай байгаагаа тэмдэглээд Турк Улс нь байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байгаа хэмээлээ.
Дашрамд дурьдахад, Элчин сайд Мурат Карагөз сайд Д.Оюунхоролын хүсэлтийн дагуу байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын сэтгүүлчдийн багийг Турк Улсад айлчлуулахаа амлалаа.