Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дөрвөн асуудлыг шийдвэрлэлээ
Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдаан 14 цаг 33 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нар хуралдаанд оролцсон Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг урьд нь цалин хөлснийх нь дунджаар тооцож олгодог байсан бол ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд тэтгэмжийг үндсэн цалингийнх нь дунджаар тооцож олгодог байхаар тусгажээ.
Ингэснээр батлан хамгаалах, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдлын зэрэг төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн хэмжээ өмнөхөөс 46-48.5 хувиар буурахаар байгаад байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж, хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай, төсөв санхүү хүнд байгаа ч гэлээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй гэсэн улс төрийн шийдэл гараад байхад улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчдад олгодог тэтгэвэр тэтгэмжийг бууруулах саналыг удаа дараа оруулж ирж байгаа нь хариуцлагагүй явдал гэдгийг хэлж байлаа.
Гишүүдийн саналтай холбогдуулан байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төрд тангараг өргөж үүрэг хүлээн, түүнийхээ төлөө олон эрхээ хязгаарлуулж байгаа эдгээр хүмүүсийг төрийн бусад албан хаагчидтай адилтгаж үзэж болохгүй.
Энэ асуудлаас болоод мэргэжлийн өндөр ур чадвартай олон арван албан хаагч ажлаас гарах өргөдлөө өгөхөд хүрээд байна. Салбарын төсөв багасч байгаа, цалин тэтгэврийг нь нэмж чадахгүй байгаа, гэхдээ хасч болохгүй. Энэ нь эцэстээ албандаа итгэх итгэлийг сулруулах, төрийн тусгай албадын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартайг сануулав.
Ингээд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нарын гаргасан хуулийн төслийг буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн юм.
Хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилгыг дээшлүүлж тэвчиж болох боломжит зардлуудыг аль болохоор хэмнэх, энэ үндсэн дээр татварын орчинг тогтвортой байлгах үүднээс шинээр татвар нэмэхгүй, бий болохгүй байх зарчим баримталсан. Ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн байдлыг хэвээр хадгалах, эрүүл мэнд, боловсролоос бусад салбарт шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх бодлогыг Засгийн газар барьж буйг хууль санаачлагч танилцуулгадаа дурдлаа.
Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг төриийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, зарим удирдлагууд оролцож байгууллагынхаа ирэх оны төсвийн төслийн талаар байнгын хорооны гишүүдэд товч мэдээлэл өгөв.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар салбарын сайд нар болон ажлын хэсгийн гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Занданшатар Засгийн газар хямралыг даван туулахтай холбогдуулан төсвийн бүтцийн өөрчлөлтийг эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй хамтад нь оруулж ирэх байсан юм. Мөн өрийн бүтцийн өөрчлөлтийг ч хийх байсан.
Энэ талаар Сангийн яам хариуцлагагүй ажиллаж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ойрын жилүүдэд Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа мөнгө олоход чиглэгдэх ёстой, шинэ боломж бий болгох чиглэлээр шинэ бодлого явуулж, гадаад бодлогын салбарын нөөц бололцоог зөв ашиглахад анхаарах, гаднаас хөрөнгө татах, технологи оруулж ирэх чиглэлээр богино хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа төсвийн боловсруулалтад уян хатан байдал, шинэчлэл хэрэгтэй байгаа, ойрын хоёр жилд төсвийн онцгой горимоор ажиллах шаардлагатайг хэлж байлаа.
Ингээд 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. УИХ-ын гишүүн Н.Энхболд батлан хамгаалах салбарын хичээл үйлдвэрлэлийн дадлага, команд штабын сургуулийн зардалд зориулсан хөрөнгийг сайдын багцад нэмж тусгах, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдын багцад салбарын гадаад арга хэмжээтэй холбоотой зохих мөнгийг нэмж тусгах, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Т.Аюурсайхан нар Цэргийн төв эмнэлгийн барилгын санхүүжилтэд шшардагдах хөрөнгийг нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмж тусгах, Онцгой байдлын ерөнхий газрын давтан сургалтын төвийн үйл ажиллагаа, тусгай хувцас хэрэгсэл авахад шаардагдах хөрөнгийг төсөвт нэмж тусгахаар болов.
Ингээд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төслийг зөвшилцөв
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төслийн зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.
Энэхүү гэрээ нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой аж. 2014 оноос албан ёсоор үйлчилж буй уг гэрээнд одоогоор дэлхийн 143 улс нэгдэж оржээ.
Манай улс энэ гэрээнд нэгдэж орсноор газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортныг даах тэсвэртэй, ургац өндөр, чанартай хүнс, тэжээлийн шиннэ таримал, сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн ургамлын генетик нөөцийн сангаас шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг авч ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетикийн нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх боломж нээгдэнэ гэж Засгийн газар үззж байгаа юм байна. Энэхүү гэрээнд нэгдсэн улс орнууд ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг хүлээдэггүй аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар манай улс энэ гэрээнд нэгдэж орсны үр ашгийн талаар хийсэн ямар нэг тооцоо судалгаа байгаа эсэхийг ажлын хэсгээс тодруулахад “Олон улсын 12 төвд харьяалагдаж байгаа ургамлын генетик нөөцийн материалыг манай улс ашиглах, мөн гэрээний дэргэд ажилладаг олон улсын сангаас хөгжиж байгаа орнуудад зориулан жил бүр гаргадаг 6-7 сая долларын төсөвтэй төсөл хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авах боломж бүрдэнэ” гэсэн хариулт өглөө.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах, үндэсний түүхээ хадгалан хамгаалж хөгжүүлэх, эрх оронч, үндэсний үзлийг дээдлэх, төлөвшүүлэх, хүүхэд залуучуудад түүх, соёл, уламжлалаа гүнзгий таниулах, түүх, соёлын дурсгалт болон үнэт зүйлсийг хамгаалах, сэргээх, “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан түүхийн дурсгалт газрууд, Монголын их, бага хаадын төрсөн газруудыг тогтоон нэгдсэн ойлголтод хүрч гадаад улсад сурталчлах зорилгоор санал, дүгнэлт гарган байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгуулж ажиллуулахаар боллоо