Ц.Даваасүрэн: Ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд подвалд хэвтэж байх вий
2010.04.13

Ц.Даваасүрэн: Ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд подвалд хэвтэж байх вий

УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн , Ц.Сэдванчиг, А.Тлейхан нар хөдөөнөөс төр болон хувийн хэвшлийн сургуулиудад ирж  суралцаж байгаа сурлагын өндөр амжилт гаргасан шилдэг оюутнуудад зориулан дотуур байр барих хэрэгтэй гэж үзжээ. Ингэж улс эх орны ирээдүйг авч явах залуусыг сурах боломж нөхцөлийг нь хангах хэрэгтэй гэж Ц.Даваасүрэн гишүүн ярьж байв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүнээс авсан тодруулга яриаг хүргэж байна.

-Энэ намрын УИХ-ын ээлжит чуулганаар энэ тухай асуудлыг оруулах юм уу?

-Хөдөө орон нутгаас, тэр дундаа бусдаас илүү сурч боловсорч байгаа оюутнуудад зориулан байр барих асуудлыг төсөвийн хэлэлцүүлгийн явцад оруулна. Бид 4.5 тэрбум төгрөгний өртөг бүхий оюутны байр барихаар шийдвэрлүүлсэн.

-Оюутны дотуур байрны асуудал бол үнэхээр ярих ёстой сэдэв. Та бүгд оюутнуудыг яажшуухан амьдарч байгааг очиж хараа юу?

-Бид  хөдөө орон нутгийн оюутнуудын амьдарч байгаа дотуур байраар  явж үзсэн. Гэтэл  авъяас чадвартай, сурлагадаа өндөр амжилт гаргасан оюутнуудын  маань зарим нь байшингийн подвалд  амьдарч байсан. Орчны хувьд сурах ямар бололцоогүй. Ийм нөхцөл байдалд амьдарч байгаа нь оюутнууд яаж олигтой сурах вэ дээ. Иймээс цаашид хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа тэр тусмаа авъяастай, ирээдүйд улс орныхоо хөгжилд хувь нэмэр болох оюутнуудыг төр адаглаад сурах нөхцөлөөр нь хангах ёстой юм байна гэж үзсэн.

-Хаана баригдах юм бэ, Хотоос  зайдуу оюутны хотхон барина гэж яригдаад байсан юу болсон юм бол?

-Хотоос зайдуу оюутны цогцолбор барих тухай асуудал яригдаж байгаа. Гэхдээ ингэж цаг хугацаа алдмааргүй байна. Хаана баригдах талаар ер нь газрын асуудлыг хотын захиргаатай ярьж байж шийдвэрлэнэ гэж бодож байна.

-Ер нь яг хэзээнээс барилгын ажил эхлэх бол?

-Хөрөнгө оруулалтын явцын талаар Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын мэдээллийг сонсож барилгын ажлыг яаралтай эхлүүлэх чиглэл өгсөн. Ирэх онд хөдөөний оюутнууд өөрийн гэсэн дотуур байртай болно гэж тооцоолж   байна. 

-4.5 тэрбум төгрөг бол овоо их мөнгө. Их л том оюутны дотуур байр баригдах нь ээ?

-Бид 12 давхар байр барих хэрэгтэй гэж бодож байгаа. Давхар бүртээ 00 той, ер нь бол оюутнуудад хэрэгтэй  юм юмтай байхаар шийдэх хэрэгтэй гэж 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сайхан тохилог байр барьж ирээдүйн чадварлаг боловсон хүчнүүдийнхээ сурах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж шийдсэн хэрэг.  Улс орны ирээдүйг авч явах залуусаа бид одооноос л сурах орчин нөхцөлөөр нь хангах хэрэгтэй. Томоохон ордууд ашиглагдаад ирэхэд бид маш сайн боловсон хүчин бэлдсэн байх ёстой шүү дээ.  Гэтэл оюутнууд сурч боловсрох орчин нөхцөл тааруу байна. Магадгүй ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд подвалд амьдарч байгаа ч юм билүү.

-Баярлалаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.