МБЗ: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө цогц арга хэмжээ авна
Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит 10 дугаар сарын хурал /2016.10.26/ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь” сэдэв дор боллоо. Сарын хурлын модератороор Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан ажилласан бол хэлэлцэж буй сэдвийн хүрээнд нэр бүхий 4 албан тушаалтан оролцсон. Хурал оролцогч тус бүрийн танилцуулга, асуулт хариулт гэсэн хэлбэрээр өрнөсөн юм.
Үндсэн асуудалдаа орохын өмнө Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн зөвлөлийн энэ сард хийсэн гол ажлууд хийгээд ирэх саруудад бие даан болон хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан юм.
Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар шалгаж, судлах Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох нь энэ өдрийн чухал ач холбогдолтой хэсэг байлаа.
Сарын хурлын модератор, оролцогчид, Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд
Хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний шахалт, дарамт байдаг нь тогтоогдсон
Сар гаруй хугацаанд 4 чиглэлээр явуулсан шалгалт, судалгаанаас гарсан санал дүгнэлтийг зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ирсэн юм.
Тэрээр ажлын хэсгийнхэн үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэд хэдэн тохиолдол байсныг шалгаж тогтоосон, хуулиас давсан заалттай зарим шийдвэрийг хүчингүй болгосон, гадаад, дотоодын иргэдийн хилийн хоригийг цуцалсан, төрийн албан хаагчийн хууль зөрчсөн үйлдлээс болж хохирол учирсан болохыг шалгаж тогтоосон болохоо хэллээ.
- Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг тодруулах
Энэ ажлын хүрээнд эрүүгийн 139 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, прокурорт шилжүүллээ. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан эдгээр тохиолдолд түгээмэл ажиглагдаж байсан дутагдал нь гэмт хэргийн шинжтэй мэдээллийг сайн шалгадаггүйгээс үүджээ. Тиймээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, дарамталдаг, нэг талыг барьдаг, удаан хугацаагаар шалгадаг гэдэг нь батлагдсан бөгөөд цаашид үүнийг таслан зогсоох нь зүйтэй гэж үзсэн.
- Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж буй захиргааны хэм хэмжээ, эрх зүйн актууд бий эсэх
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 900 гаруй захиргааны хэм хэмжээний акт байдгаас 237 нь хөрөнгө оруулагч, компаниудад чиглэсэн байдаг. Ажлын хэсгийн хүрээнд эдгээр актыг хянаж үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс 86 шийдвэрийг хүчингүй болгож, 14 шийдвэрийг шинэчлэн батлахаар болжээ. Мөн 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин бууруулах шаардлагатай гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар дэмжсэн байна.
- Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж хөрөнгө оруулагчид хохирч байгаа эсэх
Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж, иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол 15 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнд, худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээгээр завших, татварын өрөнд хураасан хуулийн этгээдийн орон сууцыг хувьдаа ашиглах, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх зэргээр компаниудыг хохироож байжээ.
- Хилийн хориг тавьсан тохиолдлыг шалгах, цуцлах
2016 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191, нийт 5582 иргэн бүртгэлтэй байж. Үүнээс ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дотоодын 298, гадаадын 21 нийт 319 иргэний хилийн хоригийг цуцалсан.
Энэхүү санал дүгнэлтээ 2016 оны 10 дугаар 26-ны Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Танилцуулгыг сонссон Засгийн газрын гишүүд гурван үндсэн чиглэлд 50 орчим цогц арга хэмжээ авч ажиллахыг холбогдох төрийн албан тушаалтнууд, байгууллагуудад үүрэг болгожээ. Үүнд,
Хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй үүднээс хөрөнгө оруулалтын багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн төрийн үйлчилгээг чанар, стандартын дагуу явуулахад бодитой арга хэмжээ авах юм. Төрийн албан хаагчид ажлаа хийх явцдаа өөрийн хувийн үзэмж, хандлагаар ханддагийг таслан зогсоох болно.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн танилцуулгыг сонссон Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан 2 асуулт асуусан.
Б.Бямбасайхан: Хилийн хориг оновчтой шийдэл мөн үү?
Тэрээр Монгол Улс нь олон улсад “Hotel Mongolia” гэсэн имижтэй болсныг дурдаад хилийн хориг нь эрх чөлөө, хууль зүйн талаараа хэр оновчтой шийдэл болохыг асуугаад хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль тогтоомж, захиргааны актуудыг өөрчлөх, шинэчлэх нь тогтворгүй байдал үүсгэж байгааг хэллээ. Б.Бямбасайханы асуултад Засгийн газрыг төлөөлж сарын хуралд оролцож буй Г.Баясгалан хариулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан
Г.Баясгалан: Хилийн хориг тавьчихаад “мартчихдаг”
Хилийн хориг тавих нь маш ноцтой асуудал. Одоогийн практикт, зарим байгууллага хилийн хориг тавьчихаад “мартчихдаг”. 2011 онд тавьсан хилийн хориг одоо хүртэл үргэлжилж байх жишээтэй. Тиймээс хилийн хориг тавьж шалтгааныг тодруулах, шаардлагатай бол сунгадаг, шалтгаан нь арилсан бол цуцалдаг, хууль бус гэж үзвэл хилийн хоригийг хүчингүй болгодог байх нь зүйтэй гэж үзсэн. Хилийн хоригоос үүдэлтэй сөрөг үр дагавар их байна. Хамгийн сүүлийн жишээгээр НДШ-ээ төлөөгүй гэдэг үндэслэлээр хилийн хориг тавьсан байна. Энэ нь хилийн хориг тавьтлаа хүндрүүлэх шалтгаан мөн үү гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.
Тогтвортой байх нь чухал л даа. Гэхдээ хуулиас давсан актууд байгаа учраас хүчингүй болгох, шинэчлэх шаардлага байна. Эдгээр өөрчлөлт, шинэчлэл нь хөрөнгө оруулагчдад илүү таатай байх үүднээс хялбаршуулсан, хязгаарлалтуудыг багасгасан байх болно.
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан
Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан хоёр асуултдаа хариу авч дууссаны дараа үргэлжлүүлэн өөрийн байр сууриа илэрхийлсэн.
Б.Бямбасайхан: “Ойрын түүхийг авч үзэхэд, хөрөнгө оруулагчидтай холбоотой маргаан үүсээд байгаа нь таны хэлдэг хуулийг давсан захиргааны актууд, тушаал, журмаас үүдэлтэй асуудал байна. Энэ нь эргээд бидний хүсээд буй хөрөнгө оруулалтын тогтвортой, ээлтэй орчин бий болгоход сөрөг нөлөөтэй байна.” гэлээ.
Нийслэлд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж буй бүх хүнд нээлттэй
Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хуралд Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ оролцсон. Тэрээр зөвлөлийн үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулсан. Тиймээс хөрөнгө оруулагчдын гомдлыг шууд Засгийн газрын түвшинд тавих биш нийслэлд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байгаа бол тус зөвлөлд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болохыг хэллээ.
Тус зөвлөл нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар байгуулагдсан. Бүрэлдэхүүндээ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дарга, МҮХАҮТ-ын төлөөлөл, хоёр хувийн хэвшлийг багтаасан байна. Улиралд 3 удаа хуралдах тус зөвлөл нь гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн тухай гомдлыг шийдвэрлэх
- Гомдлыг судалж, хянан хэлэлцэх явцад хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль тогтоомж ойлгомжгүй байх, хийдэл байх тохиолдолд сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж Засаг даргад уламжлах
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг мөрдүүлэх талаар Засаг даргад зөвлөмж хүргүүлэх
Д.Мөнх-Эрдэнийн танилцуулгын араас уламжлал ёсоор сарын хурлын модератор Б.Бямбасайхан асуулт асуулаа. Тэрээр танай зөвлөлд хэн дуртай нь гомдол гаргаж болох уу гэж асуухад “Тийм” гээд асуултад дэлгэрэнгүй хариулсан юм.
Дэлхийн банкнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 33 компанийн дунд “face to face” хэлбэрийн судалгаа явуулахад ААН-үүдийг том, жижгээр нь ялгаварладаг, гомдол гаргалаа гэхэд шийдвэр нь удаан гардаг, үүнээс улбаатай цаг, мөнгөө алддаг гэжээ. Мөн гомдол, маргааныг шийдвэрлэх арга механизм нь боловсронгуй бус, шүүхийн шийдвэр хэрэгждэггүй, хэрэгжлээ ч үр ашиг багатай байдаг гэж бизнес эрхлэгчид үзэж байгааг Д.Мөнх-Эрдэнэ асуултын хариу болгож хэллээ.
Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, баруун гар талаас эхэнд сууж буй
Д.Мөнх-Эрдэнэ: "Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад тулгардаг энэ мэт хүндрэл, бэрхшээлийг харгалзан үзэж, нийслэлийн түвшинд хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэдэг бүтэц бий болгож, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Гомдол шийдвэрлэх хугацааг шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгаж болно."
Монголын Бизнесийн зөвлөлийн сарын хурлын мэдээллийн хуудас
Хуралд оролцогч хоёр эрхмийн танилцуулгын дараа Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга нэгэн чухал асуудал хөндсөн. Тэрээр манай зөвлөл бодлого, шийдвэр гаргагчдыг оролцуулсан энэ төрлийн уулзалтыг гишүүдийнхээ дунд тогтмол зохион байгуулдаг. Уулзалтаас маш том хүлээлт үүсдэг. Гэсэн ч Засгийн газар, УИХ-ын гаргаж буй бодлого, шийдвэр нь хүлээлтэд хүрдэггүй. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь өмнөх энэ төрлийн зорилготой хэсэг, бүлгээс яаж ялгарах вэ гэдгийг асуусан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Манай ажлын хэсэг төрийн байгууллага, албан тушаалтнаас үүдэлтэй хөрөнгө оруулагчдад бодит бэрхшээл учирдаг болохыг баримтаар тогтоосон. Засгийн газар, УИХ-аас гаргаж буй бодлого, шийдвэрт бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байдаг нь тэдний оролцоо хангагдахгүй байгаатай холбоотой. Тиймээс ч ирэх оны эхнээс хэрэгжих “Хууль тогтоомжийн тухай” хуульд хууль батлагдахын өмнөх олон нийтийн оролцоо, процессыг хуульчилж өгсөн. Тиймээс цаашид гарах бодлого, шийдвэр илүү бодитой, зорилтот бүлгийнхээ эрх ашигт нийцэн гарах байх.
Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ДНБ-ий 60 хувийг үйлдвэрлэдэг, 44 мянган ААН үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага, орон нутгийн төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын гаргах аливаа гомдлыг Засгийн газрын түвшинд биш нийслэл гэсэн эхний шатанд шийдэхээр ажиллаж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах хоёр хувийн хэвшлийг нээлттэй сонгон шалгаруулна. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг төлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалж чадахуйц компани байна.
Манай компани өөр ямар ч аргагүйд хүрсэн тохиолдолд шүүхэд ханддаг
Сарын хуралд гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон нь Вагнер Ази ХХК-ийн гүйцэтгэх захирал Стийв Поттер юм. Тэрээр ярианыхаа эхэнд компаниа танилцуулж, цааш Монголын компаниудтай тоног төхөөрөмж худалдах, худалдан авахтай холбогдсон элдэв гомдол, маргаанаа яаж шийдвэрлүүлж ирсэн бодит байдал, арга туршлагаа ярилаа.
Вагнер Ази нь Монголд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани юм. Өнгөрсөн хугацаанд 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан борлуулахтай холбоотой өр төлбөрийн асуудал үүсчээ. Мөн одоогоор тус компанийн 11 гомдол шийдлээ хүлээж байна. Шүүхээр явах, шийдвэр гаргах хүртэл маш их цаг хугацаа алддаг бөгөөд Вагнер Ази компани боломжит бүх нөхцлийг худалдан авагч талд тавьдаг, асуудалд маш уян хатан ханддаг байна. Тус компани Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хандаж, тулгарч буй асуудлыг жагсаан өгчээ.
Вагнер Ази ХХК-ийн гүйцэтгэх захирал Стийв Поттер
"Миний хувьд Монголд 20 жил ажиллаж, амьдарч байгаа учраас гадаадын түнш, хөрөнгө оруулагчид надаас Монголд хөрөнгө оруулахад хэр байдаг вэ? гэж асуудаг. Би тэдэнд Монголын тухай сайн сайхан зүйл хэлэхийг хичээдэг."
Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангана
Монголын Бизнесийн Зөвлөлийн 10 дугаар сарын хуралд Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан хэлтсийн дарга Г.Жаргалсайхан оролцсон. Г.Жаргалсайхан ажилладаг газрынхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Үндэсний хөгжлийн газар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдаад удаагүй бүтэц юм. Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд суурилсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлүүдийг тодорхойлж, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого тэр дундаа концес-төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зөв зохистой төлөвлөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, салбарын хөгжлийн бодлогыг хүн амын нутагшил, суурьшил, бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг хот байгуулалт бодлоготой зөв уялдуулан, хөгжүүлэхэд анхаарч, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан хүн амын ажиллаж, амьдрах эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэх юм байна.
Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан хэлтсийн дарга Г.Жаргалсайхан
Г.Жаргалсайхан: "Хөрөнгө оруулалтын төслийг татварын болон татварын бус аргаар дэмжих хэлбэрийг санал болгох, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулах боломжийг гадаад, дотоодод сурталчлах зэрэг ажлыг тасралтгүй, цогц байдлаар явуулж байна. Гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдын асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдвэрлэхээр Үндэсний хөгжлийн газар тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн барих үүрэгтэй ажиллаж байна."
Ингээд сарын хуралд оролцогч төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл танилцуулга хийж, тухай бүрд нь модераторын сонирхсон асуултад хариулж, тодруулга хийсэн. Төгсгөлд нь Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд оролцогчдоос асуулт асуусан юм.
Асуулт-Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүн: Засгийн газар, УИХ-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх арга механизм, стратегийн талаар нилээд ярилаа. Тэгвэл Засгийн газрын зүгээс тогтвортой институцийг ажиллуулахад ямар бодлого барьж байна вэ?
Хариулт-Г.Баясгалан: "Шинэ Засгийн газар байгуулагдаад олон зөвлөл бий болгож, ажил байдалтай танилцдаг, дүгнэлт гаргадаг. Тиймээс төрийн албанд хүнээс үл хамаарсан тогтвортой бүтэц, технологи үгүйлэгдэж байна. Асуулттай холбогдуулан, Монгол Улсын Их хурлаар Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсон. Хэрэв энэ хууль батлагдвал гадаадын хөрөнгө оруулагчид маргаанаа харьцангуй зардал багатайгаар Монголын арбитраар шийдвэрлүүлэх боломжтой. Хуулийн төсөлд Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд тодорхой саналаа нэмэрлэж, олон улсын шилдэг туршлагыг хуваалцаж болно шүү."
Тодруулга- Д.Мөнх-Эрдэнэ: "Засгийн газар, яам, агентлагийн түвшинд тогтвортой байдал дутагдаж байна уу гэвэл тийм. Үүнийг засах ёстой. Асуудал нь хэвээрээ мөртлөө ярьж байгаа хүмүүс нь өөрчлөгдөөд байдаг. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг мөрдөж, сайн засаглалыг бэхжүүлэх ёстой. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар тогтвортой, мэргэшсэн төрийн алба бэхжинэ. Хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх нэг нөхцөл юм. Нийслэлийн түвшинд ч тэр хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох нь Засгийн газрын хийх ёстой ажил гээд орхилгүй, асуудалд идэвхтэй оролцож, санаачилгатай ажиллана. Сүүлийн 20-иод жил шинэчлэгдээгүй байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Монголын Бизнесийн Зөвлөл идэвхтэй оролцоно гэж найдаж байна."
Асуулт-Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн: Би Монголд 11 дэх жилдээ хувийн хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. Би хэдэн жилийн өмнө шүүхэд ялагдал хүлээсэн. Хэргийг сайтар нягтлаагүй атлаа нөгөө талд шийдвэр гаргасан. Тиймээс би Монголын шүүгчийг авлигад идэгдсэн гэж үзэж байна. Манай өмгөөлөгч ч тийм сайн ажиллаагүй. Тэгэхээр ажлаа сайн хийж чаддаггүй хүмүүсийг ажиллуулаад байдаг нь хэр оновчтой вэ?
Хариулт Г.Баясгалан: "Ийм тохиолдол тийм ч олон гэж бодохгүй байна. Та өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй. Шүүхийн шинэтгэл хийхгүйгээр бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгож байна. Шүүх бол найдаж болохуйц, шударга ёсны баталгаа бүхий төрийн институци байх ёстой. Сүүлийн жилүүдэд шүүгчийн цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хуульчийн сонгон шалгаруулалтыг чангатгах зэрэг арга хэмжээ авч байна. Бидний сүүлд авсан судалгаагаар шүүгчид итгэх итгэл өмнө нь 20-30 хувьтай байсан бол өнөөдөр 50-иас дээш хувьтай болсон. Тиймээс шүүхийн хэрэг шийдвэрлэх процесс үнэн шударга явагдаж байгаа гэдэгт найдаж байна."
Асуулт, хариултын төгсгөлд Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга өнөөдрийн хурлыг дүгнэж, хөрөнгө оруулагчдад туслах, тэднийг дэмжих талын бодлого, шийдвэр гаргахаар Засгийн газар, УИХ-ын түвшинд ажиллаж байгаа юм байна. Гагцхүү хурдлах хэрэгтэй байна." гэсэн юм. Ийнхүү Монголын Бизнесийн Зөвлөлийн 10 дугаар сарын хурал босоо хүлээн авалтаар үргэлжиллээ.
Монголын Бизнесийн Зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын хурлын модератор, панелд оролцогч, гүйцэтгэх захирал нар