2016.11.04

Б.Гантулга: Бүтээлч сэтгэлгээг дэмжсэн бодлого хэрэгтэй

Vip76.mn сайтын редакциас санаачлан "Шинэ Засгийн газарт өгөх санал" онлайн хэлэлцүүлгийг салбар экспертүүдийн дунд өрнүүлж байна. Хэлэлцлүүлэгт "Сүү ХК"-ийн захирал Б.Гантулгыг экспертээр урьж, саналыг нь хүргэж байна.

Шинэ Засгийн газарт өгөх таны санал?

Төр бүх ажлыг өөрөө хийх нь авлига, хээл хахууль бий болгохоос гадна төсвийн зардал өсч, эрх мэдэл нь хэтийддэг гэдгийг бид мэднэ.

Шинэ Засгийн газар нийгмийн халамжийн бодлогуудыг хумих шийдвэр гаргасанд баяртай байна.

Цаашид Засгийн газар зоримог алхам хийж, төрийн бодлогоо шинэчлэх хэрэгтэй.

Нэн тэргүүнд нийгмийн даатгалын санг хувьчлах хэрэгтэй байна. Ингэснээр нийгмийн даатгалын санд хуримтлагддаг асар их хэмжээний мөнгийг зөв зохистой зарцуулах, эдийн засгийг эргэлтэд оруулах боломжтой болно.

Нийгмийн даатгалын сан, хөрөнгийн зах зээл хоёрыг уяж өгснөөр иргэн бүр хөрөнгө оруулагч болж, тэдний идэвх оролцоо нэмэгдэнэ.

Нэг тооцоо хийж үзье л дээ. Сарын 1 сая төгрөгийн цалинтай хүн НДШ-д 210 мянган төгрөг төлнө.

Тэгвэл энэ мөнгөө хувийн нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээр 25 жилийн дараа гэхэд багадаа 460 орчим сая төгрөгийн хуримтлал үүсэхээр байна. Энэ нь тухайн хүний нэрийн дансан дахь мөнгийг банкны хадгаламжийн хүүгээр (жилийн 14%) тооцсон дүн юм.

Та тэтгэвэрт гарсан ч мөнгөө үргэлжлүүлэн хадгалуулсаар байвал сар бүр 5 сая 300 мянган төгрөгийн хүүгийн орлого авах боломжтой.  (Гэтэл одоогийн системээр 1 сая төгрөгийн цалинтай байсан хүн сард ойролцоогоор 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.)

Зөвхөн банкны хадгаламж гэлтгүй хөрвөх чадвартай бусад хэрэгсэлд хөрөнгө оруулснаар таны мөнгө үүнээс ч их өсөх магадлалтай.

 Хувийн  даатгалын санд эрсдэл гарах уу?

Мэдээж хувийн нийгмийн даатгалын санг аль нэг хувийн компанид дангаар хариуцуулах нь эрсдэлтэй.

Тиймээс том аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, Монголбанк, арилжааны банк, даатгалын компани, Засгийн газрын гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ байгуулан, сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахад эрсдэл гарахгүй.

Нийгмийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг илүү үр ашигтай хэрхэн зарцуулж болох вэ?

Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгөний тодорхой хэсгийг хөрөнгийн зах зээлд оруулж, компанийн хувьцаа, Засгийн газрын бонд, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тэргүүлэх салбарууд, томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж болно.

Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж, үйлдвэрлэл хөгжин, эдийн засаг сэргэж, хүн амын амьдралын чанар сайжирна.

Олон улсад, компанийн ажилтанд тэтгэврийн сангийн тодорхой хэсгээрээ хувьцаа худалдан авах боломж нээж өгсөн байдаг.

Ажиллах хугацаандаа бага багаар компанийхаа хувьцаанаас худалдан авсаар тэтгэвэрт гарах болоход томоохон хувьцаа эзэмшигч болсон тохиолдол олон.

Ингэж хүн бүрт хөрөнгийн зах зээлд оролцох тэгш боломж, эрх зүйн орчинг бүрдүүлж өгснөөр ирээдүйдээ санаа зовох зүйлгүй, өдөр тутамдаа бүтээмжтэй ажилладаг байна.

Манай улсад, ажилтан нэрлэсэн цалингаасаа татвар төлж, бодит цалингаасаа хуримтлал үүсгэх боломж хомс байна.

Тиймээс одоогийн уламжлалт тогтолцоог халж, хувийн нийгмийн даатгалын систем рүү шилжих цаг болсон. Хүн бүр л өнөөдөртөө сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг хүсдэг шүү дээ.

Монголын төр нийгмийн даатгалын сангаар дамжуулан ард иргэддээ сайхан амьдрах ирээдүйг нээж өгөх боломжтой гэж ойлгож болох уу?

Төр юуны төлөө оршин тогтнодог билээ. Ард түмэн, иргэдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө байх ёстой.

Монголын төр нийгмийн даатгалын тогтолцоогоо зөв хэлбэрт шилжүүлэхгүй юм бол 2030 он гэхэд тэтгэврийн насны хүн амын тоо олширч, нийгмийн даатгалын сан ачааллаа даахгүй хямралд орно гэсэн судалгаа байгаа.

Өнөөдөр нийгмийн даатгалын санд жилд 1.5 их наяд төгрөг хуримтлагддаг гэсэн тоо бий.

Энэ нь сард 100 тэрбум төгрөг гэсэн үг. Эхний ээлжинд ядаж энэ сангийн 10%-г хувьчиллаа гэж бодъё.

Ингээд санд хуримтлагдсан 10 тэрбум төгрөгөөс 5 тэрбум төгрөгийг банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж, үлдсэн 5 тэрбумыг нь хөрөнгийн зах зээлд оруулж болно.

Хэрэв ингэвэл үндэсний компаниуд гадны хөрөнгийн бирж дээр биш өөрийн орны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах боломжтой болно.

Компаниуд хувьцаат компани рүү шилжихэд Хөрөнгийн биржийн зүгээс компанийн засаглалыг маш өндөр хэмжээнд хангасан байхыг шаардаж эхэлнэ.

Компаниудын санхүүгийн тайлан олон улсын жишигт нийцдэг болно.

Компанийн мэдээлэл нээлттэй болсноор татварын орлого бүрдүүлэлт сайжирч, далд эдийн засаг мэдэгдэхүйц хумигдана.

Өнөөдөр компаниуд банкнаас мөнгө зээлж үйл ажиллагаа явуулдаг. Энэ тохиолдолд ашигтай ажиллаж чадах уу?

Тухайлбал, Сүү ХК шинээр нэг үйлдвэрлэлийн шугам барилаа гэж бодьё. Бидэнд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй боллоо. Банкнаас бизнесийн зээл аваад ямар ч ашиггүй.

Харин үүний оронд хөрөнгийн зах дээр хувьцаа нэмж гаргавал ямар ч хүүгүй санхүүжилт босгох боломжтой. Манай компанид ч ашигтай, иргэд ч хөрөнгө оруулсныхаа үр шимийг хүртээд явна. 

Өнөөдөр зээлгүй бизнес гэж Монголд байхгүй. Монголын ихэнх компани ашгаа дангаараа хүртэж байгаа мэт боловч санхүүгийн тайланг ажиглавал, ашгаасаа давсан зардал туссан байдаг.

Санхүүгийн зардалд зээлийн хүүгийн төлбөр, ханшийн зөрүү гэсэн нийтлэг хоёр зүйл томоохон хувь эзэлдэг.

Монголын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгох боломж муу гэдэг энэ юунаас болж байна вэ?

Банкны хүү жилийн 18%, засгийн газрын бонд нь 17%-ийн хүүтэй байгаа өнөө үед хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл рүү мөнгөө оруулахгүй. Засгийн газрын бонд татвараас чөлөөлөгддөг, ямар ч эрсдэлгүй мөртлөө ийм өндөр хүүтэй.

Төрөөс бондын орлогыг төсвийн алдагдлаа санхүүжүүлэхэд зарцуулдаг. Гэтэл төр данхгар бүтцээ халчихвал Засгийн газар бондоо хөрөнгийн зах зээлд оруулж болно.

Манай компанийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум төгрөг. Жилд 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байж бид банкны хадгаламжийн хүүнээс илүү ашгийг хувьцаа эзэмшигч нартаа өгөх боломжтой.

Манайд үйлдвэрлэл эрхлээд энэ хэмжээний ашигтай ажиллана гэдэг бол хэцүү. Ийм учраас ихэнх хөрөнгө оруулагч нар хадгаламжинд мөнгөө байршуулахыг илүүд үзэж байна.

Гэтэл Монгол Улсын үйлдвэрлэлийн салбар хөгжих ёстой шүү дээ. Бүтээлч сэтгэлгээг төрөөс бодлогоор дэмжиж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй бол Монгол улсад үйлдвэрлэл эрхлэхэд эрсдэл өндөртэй байна.

Монгол Улс эдийн засгаа солонгоруулна гээд 100 өөр төрлийн бизнесийг дэмжиж, жижиг дунд бизнесийг хөгжүүлнэ гээд зээл олгосон.

Одоо банкны өртэй баахан жижиг цехүүд үүдээ хаасан байдалтай байна.

Бизнесийг жижиг дунд гэж ялгалгүй тэгш боломжийг олгох нь зүйтэй санагддаг.

Зах зээлийн багтаамжийг нь харж, тухайн салбартаа амжилттай яваа цөөн тооны үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжихгүй бол баахан өрсөлдөгч бэлдчих жишээтэй.

Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газруудын гаргасан алдааг давталгүй, экспертүүдийн санал бодлыг сонсож үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсье.

Ярилцсан Б.Уугантуяа