2010.07.27

Ц. Даваасүрэн: Гадаадад амьдардаг иргэд маань эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нөхцөл бүрдэнэ

УИХ-ын гишүүн, Тесвийн байнгийн хорооны хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та нэгэн ярилцлагадаа гадаадад амьдарч байгаа өндөр мэргэжилтэй иргэдээ эх орондоо ажиллуулах нөхцөл бүрдүүлнэ гэж ярьж байсан. Энэ талаар хууль боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн гэж сонслоо. Тэднийг ямар болзолтой авчрах юм бэ?

-Гадаадад амьдарч байгаа өндөр мэдлэг эзэмшсэн, ажлын туршлага хуримтлуулсан иргэдээ амьжиргааны орлогыг нь бууруулахгүйгээр тухайн оронд авч байсан цалин хөлстэй дүйцүүлэн тооцсон цалин өгч ажиллуулах харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Мөнэдгээр иргэдийн маань экспортыг нэмэг-дүүлэх, импортыг орлох зах зээл дээр эрэлттэй болох нь амьдрал дээр батлагдсан технологийн шинэ шийдлийг Хөгжлийн банкны урт хугацаатай хөнгөлөлттэй зээл болон төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байх боломжийг хуулийн төсөлд тусгаж өглөө.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнуудын хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд нь зайлшгүй шаардлагатай, гадаадад байхдаа ашиглаж байсан лабортори, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө худалдан авч, тээвэрлэн авчрахад гарах санхүүжилтийг төрөөс хариуцаж байх заалт бас орсон байгаа. Манайхан гадаадад суралцаж байгаад төгсөхөд юм уу, эсвэл түр хугацаагаар ажиллаж байгаад буцахад нь хэрэглэж байсан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй үнээр, бүр үнэ төлөхгүйгээр аваад яв гэхээр төлбөр, татварыг нь төлж чадахгүй асуудал гардаг. Үүнийг шийдэх зориулалтаар эдгээр иргэдийн гаднаас авчирч байгаа лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн татвараас нь чөлөөлж байхаар хуулийн төсөлд оруулсан.

-Гадаадад өндөр цалин авч, сайхан амьдарч байгаа хүмүүс ирэх болов уу. Ер нь дуудах ямар шаардлага байгаа юм бол?

-Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн байгалийн баялаг маань бидэнд хөгжих боломж олгож байна. Одоогийн яригдаад байгаа уул уур-хайн том төслүүд хэрэгжээд ирэхээр түүнийг дагасан олон төрлийн шинэ бизнесийг хөгжүүлэх, шинэ технологийг эзэмших шаардлага аяндаа гарна. Энэ бүхнийг гаднаас өндөр цалинтай мэргэжилтэн авч ажиллуулна гэвэл нөгөө баялгаасаа олсон хэдэн бор төгрөгөө өгөөд дуусна. Тиймээс гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшсэн тэр чиглэлээрээ нэр хүнд бүхий байгууллагуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан иргэдээ цалин, хангамжийн асуудлыг нь шийдээд эх оронд нь авчирч ажиллуулах хэрэгтэй байна. Ийм туршлага гадаадын орнуудад байдаг. Ялангуяа Солонгос, Хятад зэрэг орнууд ийм арга замаар шинээр хөгжүүлэх салбараа босгож ирж, шинэ технологийг нутагшуулдаг. Ирэх, ирэхгүйн тухайд бол ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд маань амьжиргааны эрхээр хэдэн бор төгрөг олох л гэж харийн газар хүч хөдөлмөрөө зарж яваа. Тиймээс амьдралын орлогын асуудлыг нь хохироохгүйгээр цалин хөлсийг нь төрөөс шийдээд өгвөл эх орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэлээр хүрээд ирнэ. Харьд амьдарч явахад эх орноо хөгжүүлэх юмсан гэсэн сэтгэл байнга төрж байдаг юм. Тэд хоорондоо Монгол орноо хөгжүүлэх тухай ярьж, эх нутагтайгаа сэтгэлээрээ байнгын холбоотой байдаг улс. Бидний санаачилсан хууль бол тэдэнд эх орондоо буцан ирж ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Ямар гишүүд уг хуулийг санаачилсан юм бэ?

-Боловсролын чиглэлд ач холбогдол өгдөг, энэ талаар хамтарч ажиллаж байдаг, өмнө "1000 оюутны байр" төсөл, "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тухай" хууль дээр хамтарч байсан Н.Энхболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Ш.Сайхансамбуу гэсэн бидний найман гишүүн санаачилсан байгаа.

-Харьд амьдарч өндөр цалинтай, нарийн мэргэжлийн ажил хийдэг хичнээн иргэд байдаг юм бол?

-За, ер нь нарийн тоо байдаггүй гэхэд болно. Төрөөс, татвар төлөгчийн хөрөнгөөр сургасан хүмүүсийн маань ч зарим нь сураггүй болсон байна. Ийм 200 гаруй залуус байдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд Төрийн сургалтын сангийн тэтгэлгээр 1100 гаруй хүнийг өндөр хөгжилтэй орны нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад илгээсэн байна. Хувийн зардлаараа үүнээс ч илүү тооны залуучууд гадаадад суралцдаг гэсэн. Эдгээр иргэний маань нэлээд нь гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшин ур чадвараа үнэлүүлэн гадны байгууллагуудад ажилладаг гэсэн судалгаа байдаг. Бид үндэсний боловсон хүчний судалгаатай болох ёстой. Энэ чиглэлийн бүтцийг Засгийн газрын аль нэг түвшинд бий болгох шаардлага байгаа юм. Уг нь монголчуудаа зөв зохион байгуулаад, ухаалаг удирдаад өгвөл юуг ч бүтээх онцгой авъяастай хүмүүс. Чингэсийн Монгол гээд хүчирхэг гүрнийг байгуулсан л биз дээ. Бид жижиг үндэстэн гэхэд математик, физик, шатраар олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргана. Спортоор гэхэд олимпод хэдэн арав, зуун сая хүнтэй орныг ардаа орхино.

-Одоо бидэнд юу саад болоод хүчирхэг Монголоо байгуулжчадахгүй байна гэж та хэлэх вэ?

-Төр боловсролтой иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, тэд төрийн албыг гүйцэтгэдэг болсон цагт хөгжил урагшилна. Тэд баялгийг зөв хуваарилж, ирээдүйн баялаг бүтээдэг. Ер нь онцгой авьяас, ур чадвартай иргэнээ дэмжиж байж хөгжихөөс биш худал бурЖ, сайхан ярьсан, зальжин, өөрийн гэсэн бодолгүй эрх мэдэлтэнд долигносон хүмүүс хөгжүүлдэггүй. Иймэрхүү нөхдүүд бол нөгөө баялгаас олдсон хэдэн бор төгрөгийг харийнхантай хуйвалдаж, өөрсдийнхөө төлөө зарцуулаад дуусна. Нийтийн эрх ашиг гэж тэдэнд байдаггүй. Тиймээс байгалийн баялгаас олдох мөнгөө боловсрол, оюуны үнэлэмжинд эхэлж зарцуулах нь алс ирээдүйдээ үр дүнгээ өгнө гэдгийг эцэст нь хэлэх байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.