Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
2016.11.15

Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад 30 орчим Элчин сайд оролцож, Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Монгол Улс 1990-ээд оны эхээр бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр хөршөөсөө гадна бусад улс орнуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлж, Европын холбоо болон гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг гэж Ерөнхий сайд уулзалтын өмнө хэлээд Европын холбоо нь Монгол Улсын хувьд гадаад худалдааны том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм гэлээ.

Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжих, улмаар иргэдийнхээ амьдралыг сайжруулан Монгол Улсад үүсээд буй эдийн засаг, санхүүгийн хүнд байдлаас гарахыг зорьж байна. Үүнтэй холбогдуулан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах тухай хөтөлбөр” боловсруулан УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Мөн гадаадын түнш орнууд болон ОУВС зэрэг байгууллагатай хамтран ажиллахаар хэлэлцээ хийж байна гэж Ерөнхий сайд ярилаа.

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотой ч манай дотоод хүчин зүйл их нөлөөлсөн. Засаглалын тогтворгүй байдал, төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотойгоор хөрөнгө оруулалт буурсан гэж үзэж байгаа. Засгийн газар энэ алдааг засахын төлөө, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Иймд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг сурталчилж, зуучилж өгөхийг Ерөнхий сайд Элчин сайд нараас хүслээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авна гэдгийг хэллээ.

Газрын тос боловсруулах, зэс хайлуулах, нүүрс боловсруулах зэрэг үйлдвэр байгуулна. Эдгээр томоохон төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд нарын асуултад хариулахдаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.