Өнөөдөр Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.11.18

Өнөөдөр Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийв

Ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Саяхан Үндэсний статистикийн хорооноос оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Статистик мэдээллийг нийгмийн толь гэж эрдэмтэн, судлаачид ярьдаг, тэгвэл энэхүү мэдээлэлд манай улсын өнөөгийн эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдал маш тодорхой тусгагдсан байна.

Хэдийгээр гадаад, дотоод худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бууралт үргэлжилж байгаа боловч хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлт гарсаар байна. Оны эхний 10 сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарт оны үнээр тооцсоноор 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн бөгөөд 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсоноор өнгөрсөн оны мөн үеэс 2,8 хувийн өсөлттэй гарч байна.

Хөдөө аж ахуйн салбар бол монголчууд биднийг олон мянган жилийн туршид, үүний дотор байгаль, цаг уур, эдийн засгийн хүндрэл хямралтай жилүүдэд ч хооллож, хувцаслаж, ажил хөдөлмөртэй байлгаж ирсэн уламжлалт салбар билээ.

Засгийн газраас баримтлах хөгжлийн бодлогод эдийн засгийг төрөлжүүлэх, үүний дотор хөдөө аж ахуйн салбарын бүтээмж болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 108.1 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсны зэрэгцээ дараа оны тариалалтад зориулан 45.5 мянган тонн үр нөөцөлсөн байна.

Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг 5 дугаар сарын 30-ны дотор зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг бүхэлдээ Төв аймгийн зарим бүс нутагт хур тунадас багатай, гандуу байснаас ургац алдаж, нэгжээс дунджаар 3.6-8.0 цн ургац хураан авсан байна.

Бусад бүс нутагт цаг агаар харьцангуй тааламжтай байснаар ургацаа амжилттай хураах нөхцөл бүрдсэн боловч 9, 10 дугаар сард нийт нутгаар хур тунадас ихтэй, талбайд техник ажиллах боломж хомс байсан нь ургац хураалтад хүндрэл учруулан, ургацын хаягдлыг нэмэгдүүлж, хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлжээ.

Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 31.3 мянган га талбайн ургац ганд нэрвэгдэж, болц дутуу байснаас 1.0 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 32.3 мянган га талбайн ургац алджээ.

Хураан авсан ургацын динамик тоо мэдээллээс авч үзвэл, манай газар тариаланчид сүүлийн 25 жилд гурван удаа 460,0-аас дээш мянган тонн буудай хураан аваад байна. Тухайлбал 2012 онд 461,8 мян тн, 2014 онд 489,4 мян тн, 2016 онд 460,8 мян тн тус тус хураан авсан.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэх талаар удаа дараагийн зөв зүйтэй арга хэмжээ авч ирсэн, “Атрын III аян” хөтөлбөр хэрэгжүүлсний нааштай үр дүн гэж үзэж болно.

Хаврын тариалалтыг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар товч дурдвал:

Тариалалтад дутагдах буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхх шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулав.

2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2 жилийн хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй 25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдүүлсэн.

Хөгжлийн банкнаас олгох дээрх 25.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс олгогдоогүй байсан 11.6 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, зээлийг бүрэн олгох ажлыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгууллаа.

Ийнхүү намрын ургац хураалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдсэнээр 90 гаруй аж ахуйн нэгжид 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн.

Тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах, төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонн шатахууныг зээлээр олгосон.

Буудайн үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилгоор 6.5 мянган тонн үрийн буудай импортоор авч, 146 аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай зээл олгожээ.

Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 258.3 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 64.9 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 323.2 мянган тонн буудай хүлээн авч, борлуулалтын шатандаа 37.9 мянган тонн буудай байгаа мэдээтэй байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын 322 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгаврыг батлан гаргаж хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгуудын Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын даргын захирамж, бэлтгэл хангуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалт хийлээ.  

Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутай байгаа тул отроор өвөлжих өрх, малын тооны талаар аймаг, сумдын удирдлагууд харилцан тохиролцон гэрээ байгуулж байна. Үүний үр дүнд нийт 16,5 мянган өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгдлээ.

Малчид, малчин өрхүүдийн хувьд 1.1 сая тн өвс, 35.8 мянган тн сүрэл, 22.3 мянган тн ногоон тэжээл, 27.1 мянган тн үйлдвэрийн тэжээл, 38.1 мянган тн гар тэжээл, 8.0 мянган тн дарш, 105.6 мянган тн давс, хужир бэлтгээд байна.

Ургац хураалтын дүнгээр 431.9 мянган тн улаан буудай хураан авч, үүнээс гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна.

Малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарч байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх стратегийн зорилт тусгагдсан.

УИХ-аас өнгөрсөн 9 дүгээр сард батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч эдийн засгийг төрөлжүүлэх, үүний дотор уламжлалт хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт Атрын 3 дахь аяныг үргэлжлүүлэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилттусгагдсан билээ.

Иймээс ирэх хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, зайлшгүй бүрдүүлбэл зохих үрийн нөөц, дутагдаж байгаа техник хэрэгслэлийн шинэчлэлийг хийх, тариалалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг судлан шийдвэрлэх талаар УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

Энэ онд шаргуу хөдөлмөр бүтээлийнхээ үр дүнд арвин ургац хураан аваад байгаа манай нийт тариалан эрхлэгчид маань тариа будаагаар арвин, малчин түмний маань мал сүрэг улам өсөн үржиж, ашиг шимээр арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.