МҮЭХ, ОУХБ-ын хамтын ажиллагаа үргэлжилнэ
МҮЭХ Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.11.28

МҮЭХ, ОУХБ-ын хамтын ажиллагаа үргэлжилнэ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай 2017 онд хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт энэ сарын 23-ны өдөр боллоо. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, 2016 оны  тайлангаа хэлэлцэж 2017 оны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.        

МҮЭХ-ны тухайд ОУХБ-тай хамтран 2016 онд Ази, Европын хөдөлмөрийн 10  дугаар чуулганыг “Ази, Европын ханган нийлүүлэлтийн сүлжээнд худалдааг хүртээмжтэй болгох, тогтвортой байдлыг дэмжих  нь”сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсныг талууд онцлон дурдлаа.

Ингээд ирэх 2017 онд талууд дараах таван чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтын Зохистой хөдөлмөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд цуврал арга хэмжээ зохион байгуулах аж. Ингэснээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго болон УИХ-аас 2016 онд батлагдсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 он хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ОУХБ-тай нэгдсэн байр суурьтай байж УИХ-аар хэлэлцүүлэх, Засгийн газрын Нийгмийн түншлэлийн бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 370 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгнө.

Түүнчлэн ОУХБ-ын Эхчүүдийн хамгааллын тухай болон Нийгмийн хамгааллын конвенцид нэгдэн орох асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх, ОУХБ-ын Ерөнхий захирлын санаачилсан “Зууны санаачилга, ирээдүйн ажил хөдөлмөр”-ийн хүрээнд Монголд Улсад үүсч буй эдийн засгийн хямралын үед Үйлдвэрчний эвлэлийн хяналтыг сайжруулах, ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэх, цалин хөлсийг нь бууруулахгүй байх, өөр ажил хийсэн тохиолдолд хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүй байх, хөдөлмөрийн хяналтын байцаагчийн эрх үүргийг сайжруулах асуудалд ОУХБ-ын туслалцааг авахаар болсон байна.