Зэвсэгт хүчний 015 дугаар ангид "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах түүхэн үйл явдал тохиолоо
Зэвсэгт хүчний 015 дугаар анги
2016.11.24

Зэвсэгт хүчний 015 дугаар ангид "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах түүхэн үйл явдал тохиолоо

Өнөөдөр Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цаг ямагт зүтгэж байдаг Монгол улсын ууган ангиудын нэг Зэвсэгт хүчний 015 дугаар ангид "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах түүхэн үйл явдал тохиолоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа , БХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Монгол улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян болон тус ангийн үе үеийн ахмадууд оролцлоо.

Одон гардуулах үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас БНМАУ-ын баатар Д.Данзанваанчиг, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Дашдорж, Монгол Улсын Ардын жүжигчин нэрт алиалагч Ж.Данзан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чимэд-Осор, Монгол улсын заан Д.Бадам, БНМАУ-ын буудлагын спортын анхны мастер хошууч Л.Аюуш зэрэг алдар цуутай хүмүүс төрөн гарсан бөгөөд Сьерра-Леон, Чад, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Хойд Судан улсуудад явагдсан НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлж буй олон залуус ахмад үеийнхээ дайчин уламжлалын буухиаг залгамжлан нэр төртэй албаа хааж байна.

1921 онд Ардын журамт цэрэг Богдын хүрээг чөлөөлөх тулалдаан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож үүргээ амжилттай биелүүлсэн үе үеийн ахмадууд, Зэвсэгт хүчинд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид та бүхэндээ ангийн түүхт 95 жилийн ойн мэндийг хүргэхийн хамтаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдаж байгаад Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа ажил , хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

Зэвсэгт хүчний 015 дугаар анги нь 1921 оны 7-р сард Ардын журамт цэрэг Их хүрээг чөлөөлсөний дараа тэдний тээн ирсэн цэргийн нөөцийн зэвсэг галт хэрэглэлийг хуучин Богд хааны зэвсгийн сантай нэгтгэн "Их зэвсэг" хэмээн нэрлэж анх байгуулагдаж байсан түүхтэй.

Тус ангийн бууны үйлдвэрийн токарьчин Ч.Лувсан, төмрийн дархан Н.Доржпалам нарын хүмүүс Panhard -3 маркийн автомашин дээр морин чиргүүлийн зориулалттай 1902 оны загварын хорооны их бууг газраас татан ачих механик төхөөрөмжийг бүтээн кабины ард машины арал дээр суурилуулж шууд машин дээрээс гал нээж болохоор бэхлэн тоноглосон нь зөвхөн манай армид бус Зөвлөлтийн армид ч сонирхол татсан шинэ зүйл болсон тул ийм аргаар 6 автомашиныг тоноглож артиллерийн өөрөө явагч батарейг анх Монгол нутагт бүтээсэн нь энэ ангийн бахархалт түүхэн замналын нэг юм. Улмаар 1937 оноос БНМАУ-д анх зэвсгийн бага мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн ба Зэвсгийн бага мэргэжилтний 33 курсээр 700 гаруй хүн бэлтгэн гаргаж армийн анги, нэгтгэлүүдийг зэвсгийн бага мэргэжилтнээр хангаж байсан түүхтэй.