“Алтан луужин”-гийн эзэд тодорно
БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулдаг “Алтан луужин” ёслолын ажиллагаа ирэх сарын 28-нд болох тов гарчээ.
Утаагүй үйлдвэрлэл гэгддэг аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай, хоёр дахь жилдээ тохиож буй энэ удаагийн наадмыг Монголын аялал жуулчлалын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойд зориулж буйгаараа онцлог аж.
“Алтан луужин”-д оролцох аж ахуйн нэгж, байгууллагуудыг тус холбооны байранд ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл бүртгэж, есөн төрөлд шилдгүүдийг өргөмжлөх юм байна. Тодруулбал, ёслолын ажиллагааны үеэр аялал жуулчлалын салбарын шилдгийн шилдгийг шалгаруулах арга хэмжээ, ресторан, зочид буудал, жуулчны бааз, нийгмийн хариуцлагатай аж ахуин нэгж, аяллын компанийг тодруулахаас гадна хөрөнгө оруулагчдыг ч өргөмжлөх аж.
Зохион байгуулагчид уг арга хэмжээний ач холбогдлыг “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин урамшуулж, олон нийтэд сурталчилснаар Монголын аялал жуулчлалын салбарт мэргэжлийн зөв хандлага тогтоно” гэж тодотгов.