УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.12.01

Ц.Даваасүрэн: Томоохон ордуудын хувьцааг арилжаанд оруулснаар хөрөнгийн зах зээл идэвхижнэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Таны хувьд Сангийн яаманд Санхүүгийн зах зээлийн асуудлаар ажиллаж байсан хүн байна. Санхүүгийн зохицуулах хорооны хүрээнд хийгдэх ёстой гол ажлын нэг бол хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх явдал байдаг.

Манайд ялангуяа банкны зээлийн хүү өндөр байгаа энэ үед шууд зээлийн систем буюу хөрөнгийн зах зээлийг дорвитой хөгжүүлж чадвал зээлийн хүү өрсөлдөөний зарчмаар буурах нөхцөл бүрдэх юм.

Гэтэл энэ чиглэлд манайд олигтой ахиц гардаггүй. Жишээ нь, Оюутолгой мэтийн томоохон ордууд яагаад стратегийн хүүгийн 10 хувиа хөрөнгийн зах зээлээр дамжуулан арилжаалахгүй өдий хүрчихэв?

Хөрөнгө оруулалтын гэрээн дээр энэ заалт байж л байгаа. Бид энэ мэт томоохон ордуудынхаа хувьцааг арилжаанд оруулах замаар хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлнэ.

Тэгж чадвал тэнд эргэлдэх мөнгөний хэмжээ өснө шүү дээ. Тийм учраас таны хувьд орон тооны бус гишүүнээр ажиллах нөхцөл бүрдвэл хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлэх чиглэлд ямар алхмууд хийх вэ?

Мөн стратегийн ордуудын хувьцааг арилжаанд оруулах тал дээр ямар байр суурь баримтлаж ажиллах вэ?"