УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.12.01

С.Бямбацогт: Хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдсөн, уялдаатай байх ёстой

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай 4.2-т “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан.

Улсын Их Хурал өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан. Тухайлбал:

- Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62;

- 2004 он хүртэлх үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96;

- 2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96;

- 2012 он хүртэлх үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь тус тус батлагдсан.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй байна.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт  43 байгууллагаас санал авч нэгтгэн боловсрууллаа.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр, хуулийн төслийн хэсгийг хууль санаачлагчаар нь буюу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулах хуулийн төсөл гэж ангилж, Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслийг сайд нарын эрхлэх асуудлын хүрээгээр нь тус тус ангилан тусгасан болно.

Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл, үүнээс 2016 онд -31, 2017 онд- 131, 2018 онд-71, 2019 онд-24, 2020 онд-3, нийт 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, үүнээс 2016 онд-4, 2017 онд-11, 2018 онд-1 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар-239, Улсын Их Хурлын гишүүд-17, Монгол Улсын Ерөнхийлөгч-4 хуулийн төсөл тус тус санаачлахаар, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд Засгийн газар-12, Улсын Их Хурлын гишүүд-3, Монгол Улсын Ерөнхийлөгч-1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тогтоолын төсөлд тусгалаа.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийн 75 нь анхдагч хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл болно.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно.