УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн хэрэгжилт ямар байх тухай асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 1993 оноос хойш батлагдсан хэдий ч хэрэгждэггүй нэг хууль байгаад байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гээд. Бие даасан хот гэж яваа юм бол өөрийн гэсэн захирагч, төсөвтэй, өөрийн гэсэн газартай байх ёстой. Энд Засгийн газраас тодорхой чиглэл өгч болохгүй гэж байгаа юм уу. Хуулийн дагуу гэж үзвэл одоогийн Хотын дарга Сү.Батболд гэдэг хүн сонгогдох ёсгүй. Тухайн Хотын захирагчийг нийт ард түмний дэндаас сонгох ёстой. Үүнтэй холбогдуулаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Хот тосгоны эрх зүйн байдлыг 2020 он гэхэд хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа вэ? Үндсэн хуулиа хараад суугаад байх уу? Сү.Батболдыг Хотын дарга гэж үзэх юм уу, Хотын захирагч гэж үзэх юм уу. 1993 оны Хот тосгоны тухай эрх зүйн байдлын тухай хуульдаа маш тодорхой заасан байгаа. Ажлын хэсгээс ийн хариуллаа. Энэ үндсэн чиглэл нь Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар он цагийн зааг хайчин дунд орж таарсан. Тэр ч утгаараа энэ 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх хуульд зааснаар Засгийн газраас санаачилж байгаа энэ хуулийн үндсэн чиглэлд тусч байгаа. Санал хураалтаар дэмжигдвэл УИХ, УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль нь энэ үндсэн чиглэлд тусгагдахгүй. Тухайн тогтоолынхоо заалтаар зохицуулагдаад явах юм. Хотын захирагчийн тухайд хэлж мэдэхгүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлд эргэлзээтэй зүйл байсныг залруулсан эсэхийг лавласан юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Хавсралтад хамаарахгүй, нийгэм, эдийн засгийн цаг үеийн зайлшгүй шаардлагын улмаас санаачлан, боловсруулах хуулийн төслийг зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлэх юм шиг ойлгогдоод байсныг өөрчилсөн гэж ойлгож болох уу? УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид хамаарахгүй гэсэн заалтыг нэмж өгсөн үү?" УИХ-ын гишүүн Н.Оюундарь: "Тогтоолын төслийн хоёрдугаар заалтад “Тогтоолын хавсралтаар батлах Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд хууль, УИХ-ын тогтоолын төслийн нэрийг зааж, тухайн хуулиар зохицуулах харилцаа, хууль санаачлах, өргөн мэдүүлэх хугацаанд хяналт тавихыг байнгын хороонд тусгана” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд уг тогтоолын төсөл хамаарахгүй бөгөөд үндсэн чиглэлд тусгагдаагүй ч зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг төслийг санаачлах, боловсруулах эрх нь УИХ-ын 76 гишүүнд хэвээр хадгалагдаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд өөрийн бүрэн эрхийн хугацаанд хуулийн төсөл санаачлан, боловсруулж болно гэсэн үг."
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 55 саналаар санал хурааж эхэлсэн. Санал хурааж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсан нь үнэн. Гэхдээ энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүмүүс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай надад өмнө нь ярьж байсан. Гэтэл энэ заалтуудыг нэмэх биш бүр хасчихаар юу болох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм? УИХ-ын гишүүд хууль санаачилах эрхтэй гэдгээ манай гишүүд бүрэн ойлгомоор байна. Өмгөөллийн хуульд гэхэд нөхөрлөл байгуулж байж өмгөөлөл хий гэсэн байдаг. Ямар нэгэн байгууллагад хуулийн зөвлөгөө өгч байгаа хүн бол шүүхэд орж болохгүй гэсэн байгаа. Ингэж ажил, хөдөлмөр эрхлэх байдлаар нь ялгаварлан гадуурхах хэрэг юу байна. Энэ зүйл, заалтуудад нэмэлт заалт оруулчих гэсэн. Гэтэл Эрх зүйн байдлын тухай хууль байгаа учраас өмгөөллийн хууль оруулахгүй гэдэг жижиг амбиц гаргаад байгаа нь сонин. Гишүүдээс хүсэхэд гурав дахь хэлэлцүүлэгтээ оруулаад өгвөл сайн байна гэдгийг хэлмээр байна. Нэгэнт батлагдсан хуулийг дахиж хэлэлцэхгүй гэдэг ойлголт байхгүй. Батласан хууль нь бодит байдал дээр хэрэгжүүлэх гэтэл хоёр жилийн дараа болохгүй бол яах вэ? Бид 2020 он хүртэлх хууль эрх зүйн төлөвлөгөө ярьж байна. Төрийн болон, албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулна гэсэн саналыг маань хууль дахин батлана гэсэн юм шиг буруу ойлголтоор хасчихгүй байхыг хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт оруулах саналд би байсан. Гэхдээ 2017 онд хий гээд намайг шахаад байх юм. Би 2018 онд хиймээр байна. 2021 онд болох сонгууль учраас 2019 онд ч хийсэн болох юм. Жилийн өмнө байхад болоо шүү дээ. Та нар сонгууль болох гэж байхад 6 сарын өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрсэн хүмүүс. Харин одоо Сонгуулийн тухай хуулийн тухайд нэг жилийн өмнөөс өөрчлөлт оруулахгүй байна гээд энэ төлөвлөгөөнийхөө тодорхой хэсэгт заагаад өгчихмөөр байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд тогтоолын төслийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: "Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-т заасны дагуу Үндсэн чиглэлийн төслийг бусад Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж, санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Хууль зүйн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дээрх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүд болон Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцсэн болно."
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 55 саналаар санал хурааж эхэлсэн. Санал хурааж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд санал хэлсэн юм. Шинэ он гарчихаад байна. Гэтэл 2016 онд батлана гэсэн маш олон хууль энэ төлөвлөгөөнд байж байна. Өөрөөр хэлбэл УИХ-аар батлагдаад хүчин төгөлдөр болчихсон хуулиуд энэ дунд байна. Жишээ нь Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулга гэхэд батлагдчихсан шүү дээ. Гадаад харилцааны тухай хуулийн төслийг бид хэлэлцэж байгаа. Гэтэл Засгийн газар энэ хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина гэсэн байна. Энэ мэт зөрчлүүдээ засаж, заларуулах ажлын хэсэг гаргамаар юм биш үү? Энэ төлөвлөгөөний 251.252.253-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг О.Баасанхүү гишүүн бид хоёрыг боловсруулаарай гээд оноочихсон байгаа. Аливаа сонгуулийн тухай хуулийг ямар нэг ашиг сонирхолын зөрчилгүй өргөн барьж, батлах ёстой. Өмнөх алдаагаа бид засах байтал дахин давтах гээд байх юм. УИХ-ын гишүүд өөрөө өөрсөддөө зориулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан биз. Тэгээд тэр нь ард түмнийг эргэлзүүлсэн эрх ашгийн зөрчилтэй хууль болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэр хуулиар АН сонгуульд ялсан бол та нар гудамжинд жагсаж байх байсан биз. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Засгийн газарт өргөн бариад дараагийн дөрвөн жилд зориулаад одооноос боловсруулж баймаар байна. Гэтэл УИХ-ын байнгын хорооны дарга нь өөрөө энэ хуулийг боловсруулаад өргөн барихад УИХ-ын дарга нь хүлээн авч л байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших гэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Дараагийн дөрвөн жилийн төлөвлөгөөнд энэ асуудлыг тодорхой тусгасан мөртлөө хүч түрж яаравчлан батлах гээд байдаг нь ямар учиртай юм? Ерөнхийлөгчийн сонгууль энэ хуулиар явбал дахиад ард түмэнд эргэлзээ төрүүлэх юм болно. Тэр дундаа энэ сонгуулийн хуулийг өргөн барьж баталсан хүмүүс ялалт байгуулчихлаа гэхэд ард түмэн эсэргүүцэл үзүүлэх гэж бодохгүй байна уу? Тэгэхээр одоо хоёр намын бүлгээс төлөөлөл оруулаад ирэх дөрвөн жилд боловсруулах хууль, эрх зүйн хөтөлбөрөө ямар нэг нам, бүлэгт хуваагдаж, элдэв зөрчил үүсгэхгүйгээр батлах нь чухал юм.