О.Баасанхүү: Замын-Үүдийн Монгол иргэд Эрээний сургууль, цэцэрлэгт хүүхдээ зөөж, тэнд үл хөдлөх хөрөнгө авч байна
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Хилийн мэргэшүүлэх гэсэн нэрийн доор та бүхэн үндсэн бодлогоосоо татгалзах гээд байна уу? Хувь хүн бүр хилээ манаж хамгаална гэсэн ойлголт алга болж байгаа бололтой. Зөвхөн гэрээт цэргийн албан хаагчид хил хамгаална гэсэн үг биш тэр бүс нутагт оршин суугаа иргэд нь ч хилээ хамгаалдаг чиг үүрэгтэй байдаг.
Гэтэл одоо 15 километрээс цааш оршин сууж байгаа өөрөөл хэлбэл хилийн бүс орчмын хүмүүсийн чиг үүрэг устаж байна уу? Хилийн шалган нэвтрүүлэх буюу штамб дардаг асуудлыг Гадаадын иргэн харьяатын байгууллага хэрэгжүүлдэг байсан.
Одоо энэ хууль хэргэжвэл тухайн байгууллагын чиг үүрэг байхгүй болох уу? Өмнө нь би Сэлэнгэ, Замын-Үүд, Баян-Өлгийн боомтуудаар явж байсан. Тэгэхдээ хилчидтэй уулзаж хамт хоносон. Тэд юу гэж ярьж байна гэхээр хилийн шалган нь хилийн цэргийн байгууллагад хамааралтай байх ёстой гэж байсан.
Өмнө нь шалган нэвтрүүлэгчийн хайнга байдлаас Хятадаас, Улаанбаатар, Улаанбаатараас Хятад руу нас барсан хоёр хүн оруулж, гаргасан аюул учирч байсан. Хилийн цэрэгт энэ чиг үүргийг шилжүүлснээр гадаадын харьяатад ажиллаж байсан шалган нэвтрүүлэгч албан хаагчдыг ч бас хилийн цэрэг рүү татна гэж ойлгож байна. Хэрвээ цэргийн албан хаагчдыг буцааж татвал цэргийн насны нэмэгдлийг яах болж байна.
Мөн гадаадын иргэн харьяатын албанд хүний эрхэд халдах тодорхой заалтыг хуулиар олгосон байдаг. Түр саатуулах, албадан гаргах, хорих гээд. Гэтэл шинэ хууль хэрэгжээд эхэлвэл тэдний шалган нэвтрүүлэх эрх, үүрэг нь зөрчигдөж байгаа юм биш үү?
Замын-Үүдийн хил орчмын иргэд Эрээний сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ явуулж байна. Тэндээ үл хөдлөх хөрөнгө авч байна. Энэ мэт хил орчмын нутагт байгаа иргэдэд хаанаас хяналт тавих тухай ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хил хамгаалах байгууллагад шалган нэвтрүүлэх эрх үүргийг шилжүүлсэн
"Хилийн хуулийн тухай асуудлаар олон нийтийн дунд буруу зөрүүтэй мэдээлэл нэлээд гарсан. Энэ тухай өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байна. Энэ асуудлын тухай анхны хэлэлцүүлгийн явцад зөв ойлголт бий болно байх гэж найдаж байна.
Хил орчмын бүс нутгийг 15 километр болгоод багасгачихлаа гэсэн асуултад хариулт өгье. Хилийн зурвас өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хилийн тухай хуульдаа 15 километр байна гэсэн заалттай. Тэр заалтын дагуу энэ тоо өөрчлөгдөөгүй байгаа. Харин хилийн бүс гэсэн ойлголтын тухай 100 километр байна гэж заасан байдаг.
Хилийн бүсийг 100 километрээр тогтоох шаардлагагүй юм. Хил орчмын нутагт манай улсын 21 аймгийн 14 аймаг нь Орос болон Хятадын хилтэй залгаа байрладаг. Үүнээс 70 орчим сум нь хилийн зурвас дагуу байршдаг юм. Үндсэндээ тэр 70 орчим сум нь хил орчмын нутаг дэвсгэр болж байгаа гэсэн үг. Энэ сумдад ажиллаж, амьдарч байгаа оршин суугч ард иргэд энэ шинэчилсэн найруулгын төслөөр хил хамгаалах байгууллагын туслах хүчин болж байгаа гэж ойлгож болно. Тэдний хувьд эрх үүргийг нь тодорхой байхаар зохицуулж өгсөн.
Шалган нэвтрэх алба хаана байх ёстой бэ гэдэг асуудал яригдаж байна. Хуучин хилийн цэрэг хилийн боомтуудаар орж ирж байгаа гадаад болон дотоодын иргэд зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн шалгадаг үйлчилгээг хилийн цэргүүд хийдэг байсан. 2014 оноос үүнийг салгаж Гадаадын иргэн харьяатын албад шилжүүлсэн. Үүнтэй холбоотой таны ярьж байгаа шиг зөрчил дутагдлууд цөөнгүй гарсан.
Хилийн цэрэгт алба хааж байгаа, Хил хамгаалах байгууллагад алба хашиж байгаа албан тушаалтнууд бүгд цэргийн тангараг өргөсөн. Цэргийн албаны эрх зүйн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг албан хаагчид байдаг. Өөрөөр хэлбэл хил манах, хилийн боомтод үйл ажиллагаа явуулахдаа байлдааны бэлэн байдалд тушаал авч гардаг.
Энэ хүмүүс албан үүргээ гүйцэтгэх явцдаа ямар нэг зөрчил гаргах юм бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байсан. Ийм байсан учраас манай улсын 46 боомт дээр хил дамнасан зөрчил, хилээр хууль бус бараа таваар, мал, амьтан нэвтрүүлэх зөрчилд тушаал авч ажиллаж байгаа албан тушаалтнууд хариуцлагатай, сонор сэрэмжтэй ханддаг байсан.
Нийт 46 боомтоор жилдээ 1,6 сая автомашин, нэг сая гаруй суудлын болон ачааны вагон, 6500 гаруй агаарын хөлөг нэвтэрдэг. Таны хэлээд байгаа нас барсан хүн вагонд, автомашинд хилээр нэвтэрч орж гарсан гэх асуудал хилийн шалган нэвтрүүлэх үүргийг Гадаадын иргэн харьяатын байгууллагад шилжсэнээс хойш болсон тохиолдлууд.
Энэ байгууллагад үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд нь энгийн иргэд байдаг болохоор хууль эрх зүйн хувьд ямар нэг хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байдаггүй. Хилийн боомтод зөрчил үүсэхэд холбогдох олон байгууллага байдаг. Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харъяат гээд.
Тэгсэн хэрнээ яг асуудал үүсээд ирэхээр аль байгууллагад хамааралтай, хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байдаг байсан. Ийм учраас энэ бүхнийг цэгцлэх үүднээс шалган нэвтрүүлэх асуудлыг Хил хамгаалах байгууллагад шилжүүлсэн тодорхой заалтыг энэ хуулийн төсөлд оруулж ирсэн юм."