УИХ-ын гишүүд АНУ-ын Конгрессийн туршлага судалж байна
2016.12.08

УИХ-ын гишүүд АНУ-ын Конгрессийн туршлага судалж байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, Б.Ундармаа, Н.Учрал нар 2016 оны арванхоёрдугаар сарын 05-10-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон Ди Си хотод ажиллаж, АНУ-ын Конгрессийн туршлага судлахын зэрэгцээ АНУ-ын Конгрессийн байранд болж буй “Парламентын гишүүний үүрэг, сонгогчдодоо үр бүтээлтэй, хангалттай хүрч үйлчлэх нь” сэдэвт семинарт оролцож байна.

УИХ-ын гишүүд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бүгд найрамдахчуудын  олон улсын хүрээлэнгийн шугамаар ийнхүү ажиллаж буй юм.

АНУ-ын Конгрессийн байранд болж буй семинарт Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Кыргыз Улс, Бүгд Найрамдах Перу Улс, АНУ-ын Конгрессийн гишүүд оролцож байна.

Семинар өнөөдөр /2016.12.07/ гурав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд энэ өдөр  "Монголын парламентын үйл ажиллагаа" сэдэвт танилцуулгыг  УИХ-ын гишүүн Н.Учрал хийж,  бусад орны парламентын гишүүдтэй санал бодлоо солилцжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй холбогдож семинарын талаар тодруулахад “Улс орнуудын парламентын гишүүдтэй туршлага солилцох сайхан завшаан тохиож байна. Улс улсын хууль тогтоох байгууллага өөр өөрийн онцлогтой ч үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэл төстэй, нэг л цэгт төвлөрдөг. Энэ бол эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүтгэл юм. Сонгогчдодоо үр бүтээлтэй, хангалттай хүрч үйлчилж, бодлогоо ажил хэрэг болгох нь хамгийн чухал зүйл байдаг. Энэ чухал ажилдаа амжилт гаргахад энэ өдрүүдэд үзэж харж, мэдэж буй бүхэн хэрэг болно” хэмээн хэллээ.