Баасанхүү.О 2016.11.17 | Телевиз: Парламентын суваг

О.Баасанхүү: Та нар даргалах биш үйлчлэхээр томилогдож байгаагаа ойлгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.17/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Тухайн улсад улс орноо төлөөлж, өөрийн орны нүүр царай болж, тэнд байгаа иргэдийнхээ эрх ашгийн төлөө явна гэдэг бол том бөгөөд хүндтэй хариуцлага. Сая би Ази, Номхон далайн парламентчдын чуулган уулзалтад оролцож, дэд ерөнхийлөгчөөр томилогдсон.

Уг чуулга уулзалтыг зохион байгуулагч талаас улс орноо төлөөлж оролцож байгаа хүнээ онгоцны буудлаас тосож аваад, үдэж гаргаач гэж БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдаас шаардсан байдаг. УИХ-ын гишүүн иймэрхүү жижиг байдлаар харагдаж байна. Өөрийн улсыг төлөөлж ирсэн оролцогчийг тосож авч, үдэж өгнө гэдэг тухайн хүнийг хүндлээд байгаадаа биш дипломат ёс шүү дээ.

Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд тухайн улсад өөрийн орны Элчин сайдын яам байдгийг мэддэггүй, Элчин сайдын яамны ач холбогдлыг мэдрээгүй байна. Тиймээс Элчин сайдаар томилогдох гэж байгаа та бүхэн хоёр улсын хоорондын харилцаа, өөрийн орны иргэддээ гүүр нь болоорой.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр хүн Элчин сайдаар томилогдож байна. Бусад орны түүхэнд Ерөнхий сайд байсан хүн Элчин сайдаар томилогдож байсан ч юм уу, үгүй ч юм уу хүн төрөлхтний түүх агуу болохоор би сайн мэдэхгүй юм. Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс дотор тухайн орныхоо хэлээр ярьдаг хүмүүс багтсан нь таалагдаж байна.

Тэр утгаараа Наранбаатарыг онцолж байна. Даргаар биш улс эх орондоо үйлчлэх гэж томилогдсон гэж ойлгох хэрэгтэй. Аялахаар очсон хүмүүст үйлчилж болохгүй. Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдаар томилогдсоноос Элчин сайдууд чих хатуутай болсон юм шиг.

Дээрх чуулга уулзалтад оролцож, Ази, Номхон далайн парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, Элчин сайд ирсэн эсэхийг асууж байх юм. Бусад орны БНСУ-д суугаа Элчин сайдууд чуулга уулзалтад оролцдог юм билээ."