Гишүүдийн ирц хангалтгүй байгаад О.Баасанхүү гишүүн шүүмжлэлтэй хандав
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.09

Гишүүдийн ирц хангалтгүй байгаад О.Баасанхүү гишүүн шүүмжлэлтэй хандав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы нэгдсэн хуралдаанд тогтмол, хариуцлагатай оролцдог нэгэн.

Чуулганы хуралдаанд зөвхөн суух биш хэлэлцэх асуудлаар үг хэлж, байр сууриа маш идэвхтэй илэрхийлдэг.

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн. Сонгуулийн жил, шинээр сонгогдсон гишүүд ихтэй энэ парламент эхэндээ ирц сайтай байсан ч саарсаар өнөөдөр гэхэд 56,3 хувийн ирцтэйгээр хуралдсан.Чуулганы хуралдаан эхлэхийн өмнө байнгын хороо хуралдсан ч, энэ бол хуралдаа суухгүй байх шалтгаан биш. Өчигдрийн ирцийн мэдээллээс харахад 21 гишүүн гадаадад томилолттой байна. Эмнэлгийн чөлөө, акттай хүмүүсийг хасаад тооцвол ядаж 50 гишүүн хуралдаанд оролцох ёстой.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд орон, гаран 40-42 гишүүн санал хураалтад оролцсон юм. Хэлэлцэх асуудлаар саналтай гишүүн гэвэл зөвхөн О.Баасанхүү байлаа. Төсвийн тодотгол, улсын төсөв, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байх үеэр сөрөг хүчин идэвхтэй байсан бол өнөөдөр эрч нь суларчээ.

Магадгүй намын их хурал болохын өмнө, болохын дараах үе тохиож байгаа учраас үүндээ илүү анхаарал хандуулж байж ч болох юм. Энэ мэт чуулганы ирц бүрэн биш байгаад О.Баасанхүү маш шүүмжлэлтэй хандаж байна.

Тиймээс ч өнөөдөр тэрээр УИХ-ын чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдийн цалингаас хасдаг байх хуулийн төсөл санаачилбал ямар вэ гэсэн санал гаргалаа. УИХ-ын гишүүдийн гол үүрэг бол хууль санаачлах, чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөлд өөрийн санал бодлыг нэмэрлэх шүү дээ. Энэ утгаараа О.Баасанхүүгийн бухимдах нь аргагүй. Эрхэм гишүүд минь хуралдаа суу л даа.