Засгийн газарт үндэсний ойн тооллогын тайланг хүлээлгэн өглөө
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2016.12.13

Засгийн газарт үндэсний ойн тооллогын тайланг хүлээлгэн өглөө

Монгол Улс 60 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болов.

Ёслолын ажиллагааны нээлтэд оролцсон БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлснээр, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, UN-REDD хөтөлбөрийн түнш орон, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлох, тайлагнах үүргийг хүлээжээ.

Энэ үүргийнхээ хүрээнд ойн үндэсний тооллогыг амжилттай явуулж,Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байгаа аж.

Ойн тооллогыг явуулахад ХБНГУ-ын Засгийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” хөтөлбөр, “REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төслөөс дэмжлэг үзүүлсэн байна.

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ой судалгаа хөгжлийн төв болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, тэдгээрийн тусламж дэмжлэгтэйгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол орны шилмүүст болон навчит ойг бүрэн хамарсан “Олон зорилтот үндэсний ойн тооллого”-ыг зохион байгуулсан. Үндэсний ойн тооллогын зорилго нь шилмүүст навчит ойн талбай, ойн төлөв байдлын үндсэн үзүүлэлт, тэдгээрт харгалзах нүүрстөрөгчийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэхэд оршиж байгаа юм.

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас, “Энэ удаагийн ойн тооллого нь Монгол Улсын ойн салбарт ахиц дэвшил гаргах чухал судалгаа болсныг онцлов. Мөн GIZ-н “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт-Кроситто “Монгол Улсын Засгийн газрын хувьд эхлэх цэгээ тавилаа гэж би дүгнэж байна. Үүнээс цааш ойн талаарх менежмент, ойг тогтвортой байлгах гэх мэт бодлогоо хэрхэн зөв тодорхойлсноор ойн өсөлт, ирээдүй шалтгаална” хэмээлээ.

ИНГЭЭД ҮНДЭСНИЙ ОЙН ТООЛЛОГООС ГАРСАН ГОЛ ГУРВАН ГОЛ ДҮГНЭЛТИЙГ ТОЛИЛУУЛЬЯ.

  • МОНГОЛ ОРНЫ ОЙ ХӨГШИН БАЙНА
  • МОНГОЛ ОРНЫ ОЙ НӨӨЦӨӨР ЯДМАГ БАЙНА
  • МОНГОЛ ОРНЫ ОЙ БАГА АШИГЛАГДСАН БАЙНА

Бодит байдал:

Нийт ургаа нөөц 112м3/га бөгөөд түүний 30м3/га нь хөгшин модноос бүрдэж байна. Ойн нийт талбайн 87,1хувь нь 50-200 жилийн настай модноос бүрдэж байгаа бөгөөд дөнгөж 5,1 хувь нь 50-иас доош жилийн настай байна.

Хор уршиг:

Түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэл, залуу моддын ургах нөхцөлийг булаах, ойн эдийн засгийн үр ашгийг бууруулах, тухайн ойг ядмаг нөөцтэй болгох уршигтай.

Гарц:

Тогтвортой ойн менежментийг дор хаяхад 6 сая га ойд хэрэгжүүлэх шаардлагатай. Хөгширсөн ойг 34,5 м3/га-аас 10м3/га болгон багасгах. Гэхдээ нийт хөгширсөн нөөцийн 1/3 эсвэл 2/3-ыг үлдээх нь экосистемдээ ач холбогдолтой байдаг.

Үр дүн: Хөгшин модноос салсан ой жинхэнэ эрүүл ой болж үлддэг.

Бодит байдал:

Ойн46 хувь нь 0,54 өтгөрөлтэй буюу нөөцөөр ядмаг байна. Ашиглалтын бүсийн ойн ургаа нөөц 96м3/га байгаа нь ой өөрөө ядмаг нөөцтэй байна гэсэн үг юм.

Монгол орны ойн бүтцийг сайжруулах шаардлага тулгараад байна. Холимог бүтэцтэй ой нь хөнөөлт шавж, түймэрт илүү тэсвэртэй байдаг. Гэтэл манай ойд холимог бүтэцтэй хэсэг нь бага байна.

Гэхдээ манай ой байгалийн унаган ой тул байгалийн сэргэн ургалт, нөхөн төлжих чадвар сайтай ой. Сэргэн ургаж байгаа талбайн 1 га-д 3000 орчим зулзаган мод тоологдож байна.

Хор уршиг:

  • Нөөцөөр ядмаг ойд өвслөг, бут сөөглөг ургамлын хувь хэмжээ өндөр байдгаас түймрийн эрсдэл өндөр байдаг.

Гарц:

Ойрын жилүүдэд мод тарихаас илүүтэйгээр байгалийн сэргэн ургалтыг дэмжих бодлого барих, хамтад нь ургалтыг сааруулдаг, түймрийн эрсдэлд оруулдаг унанги модыг цэвэрлэх гэх мэт арга хэмжээг төлөвлөж явах шаардлагатай.

  • Ургаа нөөцийг 207м3/га болгон нэмэгдүүлэх (Ийм боломж байгаа талаар судалгааны дүн гарсан),
  • Таримал болон ойжуулалт хийж байгаа талбайдаа модны төрөл зүйлээ баялаг болгох төлөвлөлт хийх,
  • Ургаа ойд арчилгааны арга хэмжээг зөв төлөвлөж зүйлийн бүрдлийг дэмжих

Ой ашиглана гэдэг бол зөвхөн мод тайрахын нэр биш, харин ойг эрүүл биологийн хувьд баялаг экосистемд байлгахыг хэлдэг.

Бодит байдал:

Манайх олон жил “ой хамгаалах” бодлого барьж ирснээс хот суурин газрын ой илүү доройтож, ойн гол нөөц хөгширсөн байдалтай үлдээд байна.

Хор уршиг: Ойгоос олох орлого бага байгаагой доройтож байгаатай холбон тайлбарладаг.

Гарц:

  • Ойн тогтвортой менежментийг авч хэрэгжүүлснээр ойгоос хамгийн багадаа 1,0многоон модыг 1 га-аас авч ашиглах боломжтой болно.
  • Нарийвчилсан тооцоллоор 10-20 хөгшин модыг бэлтгэх хэмжээ нь 100 сая м3болно. (Жил бүр 5-10 сая м3)
  • Жилд 11-16 сая м3 хэмжээний мод бэлтгэснээр ирэх 10-20 жилийн дотор ойн бүтээмжид учруулах эрсдэлийг бууруулна.
  • Жилд 20-30 сая м3 модыг тогтвортойгоор бэлтгэх нь ойн менежментийн тогтолцоо сайтар хөгжсөн орнуудын туршлагыг харгалзсан урт хугацааны алсын хараатай бодлого болох юм.