Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх дүгнэлтийг танилцууллаа
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5, 32.3.7 дахь заалтад заасан журмын дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэж заасантай нийцүүлэх үүднээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн нэг удаа гэснийг хасах өөрчлөлтийг тусгасан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж. батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Та бүхэнд тараасан байгаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, уг хуулийн төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсьө.
Анхаарал тавьсанд баярлалаа