Д.Содномдоржийн нэрэмжит шагнал бий боллоо
Д.Содномдорж нь багачуудын дуулах дуртай “Жигмэд Тогмид хоёр” дууны шүлэг, “Норовын намтар” бэсрэг хошин найраглал, “Тахир тав, махир хоёр” бэсрэг найраглал, “Навсайдамба ба түүний нөхөд” зэрэг монголын хүүхдүүдийн унших дуртай бүтээлийг туурвисан монголын нэрт хүүхдийн зохиолч юм. Д.Содномдорж нь Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг ажээ.
Тиймээс нэрт зохиолчийн дурсгалыг алдаршуулах, хүндэтгэх үүднээс “Монголын хүүхдийн зохиолчдын холбоо” түүний нэрэмжит шагналыг бий болгон шилдэг бүтээл туурвисан зохиолчдод уламжлал болгон олгохоор болсон байна. Энэхүү шагналыг гурван жилд нэг удаа олгох юм.
Дашрамд дурдахад, “Монголын хүүхдийн зохиолчдын холбоо”-ны тэргүүн хүүхдийн зохиолч, театр судлаач, дэд профессор Н.Энхтайван нь хүүхдийн зохиолыг дагнан туурвиж, бүтээл нь гадаад, дотоодод танигдсан зохиолчдод олгох “Д.Содномдоржийн шагнал”-ыг анхлан санаачилж түүний дүртэй тэмдэг, үнэмлэхийг бий болгожээ.