2016.12.28

Х.Баделхан: Бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллана

Vip76.mn сайтын редакциас “76-аас асууя” буландаа УИХ-ын гишүүдийг урьж, цувралаар ярилцаж байна. Энэ удаад Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхантай ярилцлаа.

Та 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож  ажиллаж байсан. Тэр үеийн парламент, энэ удаагийн парламентын ялгаа нь юу байна?

2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох үедээ хөдөө амьдардаг, хөдөөний хүн байлаа шүү дээ. Хотод дасахаас авахуулаад шинэ гишүүний хувьд боловсрол, мэдлэг, туршлага дутах үе олон гардаг байсан. Харин одоо хоёр дахь удаагаа сонгогдож байгаа хүний хувьд нилээдгүй туршлагажсан байна.

Нэг талаас бүх шийдвэрийг МАН дангаараа гаргаж болно. Нөгөө талаас бүх хариуцлагыг  МАН үүрнэ, үүрэх ч ёстой.

Хоёр парламентын хооронд ялгаа байна. 2008-2012 онд МАН ялалт байгуулсан ч дийлэнх олонх болоогүй учраас хамтарсан Засгийн газар байгуулж, хамтын шийдвэр гаргадаг байлаа. Өнөөдөр МАН дангаараа үнэмлэхүй олонх болсон. Нэг талаас бүх шийдвэрийг МАН дангаараа гаргаж болно. Нөгөө талаас бүх хариуцлагыг  МАН үүрнэ, үүрэх ч ёстой.

2008 онд дэлхийн нийтэд санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн, улс орны нөхцөл байдал хүндэвтэр байсан. Тэгвэл өнөөдөр тэр үеэс илүү доройдсон, хэд дахин хүндэрсэн байна. Тиймээс МАН-ын үүрэх хариуцлага маш өндөр байна гэсэн үг.

Сонгогдсон гишүүдийн хувьд өмнөхөөсөө залуужсан. Тэр утгаараа залуу, эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, чадвартай гишүүн олон болсон. Тиймээс чадавхтай парламент бүрдсэн гэж  дүгнэж байна.

Та нэг завсарлаад УИХ-д дахин сонгогдож орж ирлээ. Олон зүйлийг хийхээр төлөвлөж орж ирсэн байх. Энэ бүрэн эрхийнхээ хугацаанд аль салбар, чиглэл рүү анхаарч ажиллах вэ?

Би инженер мэргэжилтэй хүн.  Гэхдээ өмнө нь аймаг орон нутаг удирдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүний хувьд улстөр, эдийн засгийн зохих боловсролтой хүн. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг эрүүлжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана.

Төсвийн сахилга батгүй  байдал,  хэт намчирхсан хандлага газар авсан байна. Тухайлбал, улсын нэгдсэн төсвөөс гадуурх төрийн өмчийн компаниуд дэндүү замбараагаа алджээ. Эдгээр компанийн нийт өр 2,8 их наяд төгрөгийн өр үүссэн байна. Хөгжлийн банк 5,9 их наяд төгрөгийн зээл олгосон байна.  

Компаниуд арилжааны банкнаас авсан зээлээ тухай бүрт нь эргэн төлдөг атлаа төрөөс авсан зээлээ буцааж төлдөггүй.

Төрийн өмчид хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тэр дундаа төрийн өмчит компанийн захирлуудыг хариуцлагажуулах шаардлагатай. Дөрвөн жилийн давтамжтай төрийн бодлого өөрчлөгддөг, улстөрждөг, төрийн өмчийг эзгүйдүүлдэг. Энэ байдлыг таслан зогсоохгүйгээр улс хөгжихгүй.

Та ойрын хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

УИХ хувьд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас санаачлах хууль, тогтоолын төслийг хүлээж байна.

Ирэх онд эдийн засгийн хямралыг даван туулах нь УИХ, Засгийн газрын хийх хамгийн чухал ажил. Тиймээс энэ чиглэлийн хуулийн төслийг дэмжиж ажиллана.

Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр ямар байр суурьтай байна?

ард нийтийн санал асуулгаар өөрчлөх нь зөв.

Энэ дөрвөн жилд л Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол өөр боломж гарахгүй. Нөхцөл боломж бүрдсэн энэ үед л Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ ард нийтийн санал асуулгаар өөрчлөх нь зөв.

Тухайлбал, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг зааглах, орон нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөх зэрэг заавал өөрчлөх ёстой зүйлс бий.  

УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой гэж үздэг вэ?

Улстөрийн мэдлэг, дадлага туршлагатай хэдий ч улстөржөөд байдаггүй, ноён нуруутай байх ёстой гэж үздэг.