Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна
2017.01.05

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг Удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулав.

Төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хамруулах болон  бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолж байна.

Хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэр эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшилд томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн, экологийн нөхцөл ч муудаж байна. Хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөл боловсруулах шаардлага гарчээ.

Төслийн хүрээнд:

-  Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох

-  Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох

-  Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх

-  Хот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох

-  Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох

-  Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.