МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2017.01.17

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр боллоо

Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр байгуулахаар өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард суулаа. Энэхүү хэлэлцээрийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд найм дахь удаагийн хэлэлцээр ийнхүү эхэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр  74.9 хувийн  биелэлттэй гарсан  байна.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэлцээрийн үеэр “Өмнөх хэлэлцээрийн биелэлтийг дүгнэж байж дараагийн хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой. Төсөв мөнгөний асуудлаас болоод хэрэгжээгүй гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс хэлж байгаа. Гэхдээ төсөв мөнгө огт шаардлагагүй зүйл ч хэрэгжээгүй байгаа. Энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой” гэлээ.

Өмнөх хэлэлцээрт тусгагдсан тухайлбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын албан томилолтын ялгааг арилгах, олон улсын банк санхүүгийн байгууллагын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зарцуултад нийгмийн түншлэгч хөндлөнгийн үнэлгээ хийх ажилд талуудын чадавхийг дээшлүүлэх зэрэг асуудал огт хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Засгийн газрын зүгээс хөдөлмөр нийгмийн хамгааллын нийтлэг асуудлаар зөвшилцөх, төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулах, ажлын байрыг хадгалах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгах саналтай байгаагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хурлын үеэр илэрхийллээ.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд захирал Х.Ганбаатар “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн үр дүнд өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийгмийг хамарсан томоохон  ажил хаялт гараагүй. Энэ нь дээрх хэлэлцээрийн үр дүн гэж харж байна” гэсэн юм.

Хэлэлцээр пүрэв гарагт дахин үргэлжлэхээр боллоо.