2017.01.24

Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” эхэллээ

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Стратегийн цугларалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын 70 гаруй удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

2016 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд албаны болон албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, шинэ бүтээн байгуулалт өрнөсөн дүүрэн сайхан амжилт бүтээлийн жил байлаа.

Батлан хамгаалахын багц хуулиуд батлагдаж Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болсноор албаны хэмжээнд цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, албан хаагчдынхаа эрхзүйн байдал, эдийн засгийн болон нийгмийн баталгаа нь цэргийн холбогдох хуулиудаар илүү нарийвчлан тодорхойлогдлоо.

Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг бүсчилсэн хэлбэрт шилжүүлснээр гамшгаас хамгаалах арга хэмжээг бүсийн хэмжээнд нэгдмэл удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шуурхай үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс орны буцалтгүй тусламжаар гамшигтай тэмцэх албаны чадавхи 55 хувьд хүрлээ.

Монгол Улсын хэмжээнд нийт 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдсоноос Онцгой байдлын албаны албан хаагчид 1315 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн Онцгой байдлын албан хаагчид 2016 онд эрэн хайх, аврах ажиллагааны 626, тээврийн хэрэгслийн ослын 102, нийт 720 удаагийн дуудлагаар ажиллаж, 1608 хүнд анхны тусламж үзүүлэн, 361 хүний амь насыг авран хамгаалав.

2017он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлсэн хөгжлийн шинэ шатанд гарсан жил байх юм. Түүнчлэн УИХ-д өргөн баригдаад байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааны зохицуулалт шинэ шатанд гарах юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцон, нийт удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чиглэлээр Онцгой байдлын албаны үйл ажиллагааны чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж дээшилж байгааг онцлон дурдлаа. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байгааг онцлон тэмдэглээд уг хууль батлагдснаар гамшгаас хамгаалах удирдлага, тогтолцоо, талуудын чиг үүрэг, хариуцлагын талаарх хуулийн зохицуулалт улам боловсронгуй болж, хамгийн гол нь Онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг өнөөгийн түвшнээс улам сайжруулахад ач холбогдол нь оршино” гэв.

Үүний дараа Азийн сайд нарын II хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын бэлтгэлийг эртнээс ханган ажиллах, Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа тул илүү зардлаас татгалзах, Шилэн дансны хуулийг ягштал мөрдөж ажиллах, цэргийн дүрэм, сахилга батыг сайжруулж, захирах, захирагдах ёсыг чанд сахин ажиллах, боловсон хүчнээ сургаж дадлагажуулахыг үүрэг болголоо.

Энэ удаагийн “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”- Батлан хамгаалах бодлогын үндэс, багц хуулиуд, 2017 оны сургуулийн жилийн удирдамж, сургалтын бодлогын баримт бичиг шинээр батлагдсаны дараа болж байгаараа онцлогтой.

Цугларалтад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагаас гадна Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төвийн дарга, доктор, профессор, хошууч генерал О.Үржин, Удирдлагын академийн багш доктор, профессор Б.Хэрлэн зэрэг доктор, профессорууд ирж илтгэл тавьж, лецк унших юм.

Түүнчлэн 2017 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгохГамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх гэсэн хоёр үндсэн зорилт тавиад ажиллаж байна.