Ж.Отгонбилэг: 2012 он дуустал 10 мянган өрхөд зээл олгох боломжтой
2012.03.13

Ж.Отгонбилэг: 2012 он дуустал 10 мянган өрхөд зээл олгох боломжтой

Төрийн банкныгүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгтэй цөөн хором ярилцлаа.

-Төрийн банк 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг эхний ээлжинд өөрийн эх үүсвэрээрээ санхүүжүүлж зээл олгох болсон. Танай банкны зүгээс зээл хүсэгчдэд ямар шаардлага тавих вэ?

-Засгаас тавьж байгаа шалгуурыг хангаад ирсэн иргэдэд бид банкнаас тавьдаг шалгуураа л тавина. Хамгийн гол нь тухайн хүн өөрийн гэсэн орлоготой, орлогынхоо тодорхой хувиар зээлээ төлөх чадвартай байх ёстой. Түүнчлэн худалдаж авах байраа сонгосон, өмнө нь банк санхүүгийн байгууллагаас авсан муу зээлийн түүхгүй байх хэрэгтэй.

-Төрийн банк гэсэн утгаараа арай илүү хөнгөлөлттэй хандах байх гэсэн горьдлого иргэдэд байж болох юм?

-Төрийн банк бол төрийн өмчит банк. Гэхдээ Голомт, Хас, Капитал гэх мэт бусад банктай яг адил ашгийн төлөө арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг. Өмчлөлийн хувьд ялгаатай болохоос биш хийдэг бизнес нь ижил. Тийм учраас бид ерөнхийдөө тавьдаг шаардлага, шалгуураа л тавина. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас тодорхой уян хатан хандаач гэсэн хүсэлт тавьж байгаа. Бид аль болох боломжит хэмжээнд уян хатан байх бодлого барьж ажиллана.

-Тэгэхээр арилжааны банктай адил эрсдэл хүлээнэ гэсэн үг үү?

-Өөрийн эх үүсвэрээр зээл олгосон ч бай, хүний эх үүсвэрээр олгосон ч эрсдэл хүлээнэ.

Жилийн зургаан хувийн хүүтэй, 60 хувийн хүүтэй ч бай зээл бүр өөрийн гэсэн эрсдэлтэй, энэ эрсдэлийг эцсийн эцэст банк өөрөө хүлээдэг.

Гэхдээ эрсдэл гээчийг бүгд л тооцож ажилладаг. Зургаан хувийн хүүтэй зээл олгох боломжтой, боломжгүй гэж яриад байгаагийн учир нь эх үүсвэрийн өртөг нь ямар байх вэ гэдгээс хамааралтай байгаа юм. Харилцагчид бидэнд итгэл хүлээлгэж мөнгөө байршуулдаг болохоор бид төслийг санхүүжүүлээд явах боломжтой.

-"100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн зээлийг олгож эхлэхэд бэлэн болсон уу. Тухайлбал дотоод журмаа баталсан уу?

-Бид журмыг энэ долоо хоногийн эхэнд батална. Ажиллах салбарын байр, боловсон хүчин гээд гол гол асуудлаа өнгөрсөн долоо хоногт шийдсэн. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн зээл олгох салбар байгуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ Монгол банкинд өгсөн. Хариу нь өнөө маргаашгүй ирнэ. Ингээд энэ сарын 16 гэхэд зээл хүсэгчдээс материал авах боломж бүрдэнэ гэж тооцож байгаа. Хэдийгээр энэ хөтөлбөрийг маш урт хугацаанд ярьсан ч гэлээ яг олгох болохоор давчуу хугацаанд буюу хоёрдугаар сарын 20-оос яриад өнөөдөр ажил болгоно гээд хүчтэй шахаж байгаа юм. Банкинд шинээр зээлийн бүтээгдэхүүн гаргах, шинэ нэгж нээх ажиллагаа хугацаа шаарддаг, ийм богино хугацаанд хийгддэггүй. Зах зээлээ судална, заавар журам боловсруулна, хүмүүсээ авна, сургана, байраа бэлдэнэ гээд олон үе шаттай ажил байдаг. Гэхдээ энэ бүхнийг бид аль болох хурдан хугацаанд амжуулж байна.

-Хэр хэмжээний зээл олгох вэ?

-Өнгөрсөн онд орон сууцны 45 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Том банкны хувьд жижиг тоо ч бидний хувьд том тоо. Бид энэ хурдаараа явахад оны эцэс гэхэд 10 мянга орчим орон сууцны зээл олгох байх гэсэн тооцоо байна. Энэ бол хөтөлбөрийн шалгуур хангасан Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудтай харьцуулахаар хангалттай. Бид энэ ажлыг эхлүүлж байгаа ч бусад банкууд нэмж орох байх. Учир нь, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал бол зөвхөн ашгийн биш нийгмийн шинж чанартай асуудал шүү дээ.