“Миат”, БНСУ-ын “Кореан эйр” компани хамтын ажиллагаагаа  өргөжүүлнэ
2012.03.26

“Миат”, БНСУ-ын “Кореан эйр” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хамтын ажиллагааны стратегийн түншлэлийг өргөжүүлэх харилцан ойлголцлын Санамж бичигт “МИАТ” болон БНСУ-ын “Кореан Эйр“ компанийн удирдлагууд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Энэ дагуу “Корейн Эйр” компани “МИАТ” компанийн үйлчилгээний чанарыг дэлхийн түвшинд хүргэх, үйлчилгээнийх нь стандартыг “Скай Тийм” /Sky Team/ холбоонд нэгдэн орох стратегийн зорилтын бэлтгэлийг хангах чиглэлэрэ хамтран ажиллах юм байна.

Түүнчлэн аюулгүй байдал, нислэг, техник, газрын үйл ажиллагаа, техник, үйлчилгээ, зардлын менежмент зэрэг үр ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн туслалцаа үзүүлэх юм.

18 жилийн хамтын ажиллагааны түүхээ өргөжүүлэхээр байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нар оролцов.

“МИАТ”, “Корейн Эйр” компани хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах үүргээ хамтын ажиллагаа болон өрсөлдөөний зарчмаар хослуулан явуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Мөн компани хооронд код хамтран эзэмших гэрээний дагуу үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах бөгөөд үүний дотор “МИАТ” компани нислэгийг хуваарийн дагуу үйлдэх чадвартай байх юм.

Хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааг өргөжүүлэхэд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй гэж “МИАТ”, “Корейн Эйр” компани үзэж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.