Л.Оюунхорол: Хар алтны төлөөх тэмцэл "цэнхэр" алтных болон хувирч байна
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2017.02.14

Л.Оюунхорол: Хар алтны төлөөх тэмцэл "цэнхэр" алтных болон хувирч байна

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2017 оны удирдах зөвлөгөөн хийгээд цаашдын бодлого чиглэлийн талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цөөн хором ярилцлаа.

-БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж, тулгамдаж буй асуудал, гарц шийддийн талаар хэлэлцэж байна. Таны хувьд зөнлөгөөнөөс гарах үр дүнгийн талаар ямар хүлээлтгэй байна вэ?

-Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас дөрвөн жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр, бодлогоо танилцуулж, бүх шатны удирдлагуудтайгаа уулзаж байна. Салбарын удирдах ажилтнуудын дунд шинээр ажил, албан тушаалд очсон хүмүүс бий, хуучин хүмүүс ч бий. Энэ салбарт өмнө нь болж байсан, болохгүй байгаа зүйл нь юу юм, хууль эрхзүйн талаас дутмаг зүйл юу байна, орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр ямар асуудал хамгийн их анхаарал татаж байна гэх зэрэг олон асуудлыг харилцан ярилцаж, сонсож байна.

-Цэвэр усны нөөц жилээс жилд хомсдож байгаа тухай ноцтой зүйлүүд ч яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор та салбарын усны асуудалд хатуу арга хэмжээ авна гэлээ. Чухам ямар байдлаар ажиллах нь үр дүнтэй вэ?

-Усны асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. 20-р зуун хар алтны төлөөх тэмцэл байсан бол 21-р зуун “цэнхэр” алтны төлөөх тэмцэл болон хувирч байна. Дэлхий даяар хүчтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс ч хамгийн өртөмтгий улсын тоонд багтаж буй. Манай яам Монгол Улсын хэмжээнд усны тооллого явуулсан. Энэхүү тооллогоор зөвхөн зүүн бүс нутагт л гэхэд 200 гол горхиноос 120 нь татарч ширгэсэн байх жишээтэй. Гол ус олноороо ширгэх болсон нь байгалийн хүчин зүйлээс гадна хувь хүмүүсийн өөрсдийнх нь ухамсраас ихээхэн шалтгаалж байна.

Тиймээс хувь хүмүүсийн буруутай үйлдлийг таслан зогсоох чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал ус бохирдуулсны төлбөр хураамжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг чангатгах гээд олон арга хэлбэрээр тэмцэх болно.

-Байгаль орчныг доройтуулж байгаа нэг томоохон хүчин зүйл нь уул уурхайн нөхөн сэргээлт хангалттай хийдэггүйтэй холбоотой. Энэ чиглэлд хийж байгаа дорвитой ажил байна уу?

Байгаль орчны доройтол хариуцлагагүй уул уурхай хамгийн ихээр нөлөөлж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Тиймээс энэ тооллогын дунг гаргаад цаашдаа нөхөн сэргээлт хийх олон улсын стандарт шаардлагыг аж ахуй нэгжүүдэд тавьж, нөхөн сэргээлтийн зардлыг урьдчилан төлүүлдэг тогтолцоо руу явна. Зөвхөн орлого олохын төлөө биш, олсон орлогоосоо байгаль эх дэлхийгээ хамгаалахад зарцуулдаг болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байна.

Байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй хаяж явсан зарим компаниудыг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Энэ ажил цаашдаа нэлээд идэвхижих байх.

-“Дэрэвгэр жиргэрүүд” нэртэй ургамлыг хилээр гаргахыг хориглосон өмнөх сайдын шийдвэрийг та цуцалсан. Ямар шалттаанаар энэ ургамлыг хилээр гаргахыг зөвшөөрсөн юм бэ?

-“Дэрэвгэр жиргэрүүг өмнө нь олон жил түүж, хилээр гаргадаг байсан. Монголчууд өөрсдөө бол огт хэрэглэдэггүй, эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй. Харин ганцхан БНХАУ худалдан авдаг, тодорхой орлогын эх үүсвэр болдог юм байна. Судлаад үзэхэд үнэтэй ховор эмийн ургамал болдог, элэгний эмчилгээнд хэрэглэдэг юм байна. Энэ ургамлыг хилээр гаргах, худалдаалахыг хориглосноор асуудлыг шийдэхгүй. Энэ төрлийн ургамлыг тарималжуулаад тодорхой хэмжээгээр нөөцөлсөн аж ахуй нэгжүүдийг төрийн захиргааны шийдвэрээр хохироож болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн.

-Хэнтий аймагт аялал жуулчлалын Чингис брэнд бий болгоно гэсэн. Энэ талаар?

-Чингис хааныг сурталчилсан музей нийслэлд ч, орон нутагт ч байдаггүй. Харин энэ чиглэлээр хувийн аж ахуй нэгжүүд идэвхитэй ажиллаад эхэлсэн байна билээ. Чингис хааны түүхэн замналыг бодитоор харуулсан үзэсгэлэн гаргахаар бэлтгэж буй гэсэн. Энэ төслийг дэмжиж, хамтарч ажиллана. МУ-ын Засгийн газрын тогтоол ч гарсан.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох менежментын чиглэлээр Байгаль орчны хууль тогтоомжуудад өөрчлөлт орж байгаа юу. Хэрэв орж байгаа бол ямар хууль вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх талаар тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт орох талаар яригдаж байна. Ер нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хуулиуд маш сайн боловсруулагдсан байдаг. Үүнийг бодитоор нь хэрэгжүүлэх амин сүнс л дутагдаж байгаа юм. Энэ чиглэлээр нэлээд идэвхитэй ажиллах, хоёрдугаарт хариуцлага тооцох асуудлууд харьцангуй сул байдаг.