А.Ундраа: Засгийн газар илүү эрчимтэй ажиллах хэрэгтэй
-Засгийн газрын сайд нар харилцан адилгүй байгаа. Тодорхой зарим яамд эрч хүчтэй, зарим яамд хойрго ажиллаж байна-
УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Та УИХ-ын шинэ гишүүдийн нэг. УИХ-ын гишүүн болохоос өмнөх А.Ундраа хэн байсан бэ гэдэг асуултаас ярилцлагаа эхэлмээр байна?
-Улс төрийн амьдралд хөл тавихаасаа өмнө би МАН-ын дэргэдэх судалгааны байгууллагын захирлаар ажиллаж байсан. Боловсрол, ажил мэргэжлийн тухайд МУИС-ийн физикийн ангийг 1994 онд төгссөн. Тэр жил Монголд анх магистр зэрэг олгож эхлэхэд элсэн суралцаж байлаа. Дараа нь Италид Олон Улсын Онолын Физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан. Ирээд МУИС-даа багшилж байгаад АНУ-д Ph.D хамгаалахаар явж 2002 онд Хойд Каролинагийн их сургуульд цөмийн физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморын үндэсний лабораторид ажиллаж, суурь шинжлэх ухааны судалгаа дагнан хийж байлаа. Олон улсын сэтгүүл, хуралд уригдсан илтгэл нийт 60 гаруй бүтээл хэвлүүлсэн маань олон улсад бүтээлч эрдэмтэн гэж тооцогдож байв. 2007 оноос бодлого судлалын чиглэлээр ажилласан. АНУ-ын Станфордын их сургуульд олон улсын бодлого судлалын чиглэлээр багшилж, эрчим хүчний бодлого судлал, тэр дундаа цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсэглэлийг хязгаарлах бодлогын судалгаа хийж байсан. Эх орондоо ирсний дараа бодлого судлал гэхээсээ илүү бодлого боловсруулах чиглэлээр ажилласан. Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж, уран, газрын ховор элемент, газрын тос, нүүрсний давхаргын метан хий, занарын асуудлаар бодлого боловсруулахад хүч хөдөлмөрөө зориулж байсан. 2013 оноос МАН-д ажиллаж байгаад, 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргийн 67-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
-Ажил мэргэжил гэхээсээ илүү хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулбал манай уншигчдад бас сонирхолтой байх?
-Би 1973 онд Налайхад төрсөн. Миний аав Агваанлувсан гэж хүн байсан, Налайхын уурхайд механикч. Уурхайн хүндийг нуруундаа үүрдэг гэгддэг хүдэр эрсийн нэг, жинхэнэ горняк гэж ч хэлдэг дээ. Миний ээж Баттогтох математикийн багш. Ээж минь гайхамшигтай эмэгтэй гэж би боддог, миний үлгэр дууриалал. Багаасаа ээжийнхээ дасгалжуулснаар математик, физикийн олимпиадад чамгүй амжилттай оролцож, дүүрэг, хотын аварга болж байлаа. Би дөрвөн хүүхэдтэй айлын том охин. МУИС-ийн нэгдүгээр курсэд байхдаа сангийн аж ахуйд нөхөртэйгөө танилцан, үерхэж, гэр бүл болсон, хоёр хүүтэй. Нөхөр Дашдорж маань Говь-Алтайн залуу. Оюутан байхаасаа амьдралаа босгохын тулд наймаа, бизнес эрхэлж, бас эрдмийн мөр хөөж, шаргуу дайчин хөдөлмөрлөж ирсэн. Дашдорж маань АНУ-д магистр бас докторын зэрэг хамгаалсан, физикч мэргэжилтэй. Хэрэгтэй гэж үзвэл ямар ч зорилгын ард гардаг, үнэхээр хөдөлмөрч бас ямагт намайг тууштай дэмждэг. Эмэгтэй улстөрчдийн ард миний аав шиг охиноо дэмждэг, магтаж, урамшуулж, сэтгэлд нь гэгээн мөрөөдлийн оч бадрааж өгдөг, эсвэл миний хань шиг ухаантай боловсролтой уужимхан эрчүүдийн бидэнд олгож буй тэнцүү бололцоо, эмэгтэйчүүд биднийг эн тэнцүү коллегоо гэж хардаг тэр хүндлэл, ухаан чухал үүрэгтэй гэж боддог.
-Физикч, судлаач хүн яагаад улс төрд “урвах” болов?
-АНУ-д олон жил ажиллаж, амьдарч ирсэн хүний хувьд яагаад Ардчилсан намыг сонгоогүй юм бэ гэж маш олон хүн надаас асуудаг. Би үзэл бодлоо дагаж Монгол Ардын Намын гишүүн болсон, зүүн төвийн үзэл бодолтой. Ардчилал гэх үнэт зүйлийг ганцхан Ардчилсан нам эзэмшдэггүй гэж би боддог. Ардчиллыг аль нэг нам эзэмшдэг гэхээсээ илүү Үндсэн хуулиар олж авсан нийт хүн ард бидний үнэт зүйл. Монголыг авч явж байгаа хоёр том улс төрийн намд хоёулаа сайн байж, институцийн хувьд бат бэх байж, бодлого нь боловсронгуй байж улсаа авч явна. Намууд бат бэх байх нь зөвхөн тухайн намын асуудал биш цаашлаад улс орны эрх ашигтай холбоотой асуудал. 90 гаруй жилийн түүхтэй, туршлагатай МАН зүүн төвийн, социал демократ үзэлтэй Ази тивийн ууган нам. МАН дотоод ардчилал сайтай, бодлогын судалгаанд тулгуурлаж шинжлэх ухаанч шийдвэр гаргах талдаа ч Монголдоо хамгийн урд явна. Тиймээс ч улс орноо авч явахдаа манай нам илүү байна.
-Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэн бодлого боловсруулах түвшинд ажиллах ухамсар чухал үүрэгтэй гэлээ. Өнгөрсөн жил гаруй хугацаанд эмэгтэй хүн улс төрд байх, бодлого тодорхойлоход оролцох хэр хүнд байв?
-Мөр зэрэгцэн ажиллаж байгаа гишүүдээсээ, тэр дундаа эрэгтэй улстөрчдөөс би нэг асуулт их асуудаг. “Та нар охинтой бол охиноо улс төрд төдийгүй нийгэмдээ манлайлагч байлгахыг хүсч байна уу” гэж. Хариуд нь бүгд л охидоо амжилттай яваасай, эмэгтэй гэдгээрээ ямар нэг дутуу боломжтой байх вий гэдэгт санаа зовдог нь харагддаг. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нэг жендер нь илүү эрхтэй байна гэхээсээ илүү аль алиных нь балансыг барьж байж бид хамгийн зөв шийдвэр гаргах чиглэл рүү явна гэдгийг зөвхөн эмэгтэйчүүд бус эрчүүд ч гэсэн ойлгодог нь анзаарагдсан. Эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгд оролцож хичээж зүтгэж байж бид улс орноо сайн сайхан авч явна. Тиймээс эмэгтэйчүүд бид өөрсдөө хичээж, зоригтой ажиллахын зэрэгцээ эрэгтэйчүүдийг энэ ярианд татаж оруулах, нийгмээрээ нэг ойлголттой болох нь зөв юм байна гэж бодож явдаг.
-Нийгмийн, эрүүл мэнд, боловсролын салбарт эмэгтэй гишүүд илүү их анхаарал тавьдаг. УИХ-ын гишүүн болсноосоо хойш ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-МАН-ын эмэгтэй гишүүд өнгөрсөн намрын чуулганы хугацаанд маш идэвхтэй, сайн ажилласан. Ялангуяа байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэх, асуудалд нухацтай хандаж байгаа байдал нь намрын чуулганы тайланг харахад тодорхой байгаа юм. Эмэгтэйчүүдийн хуралдаа оролцсон идэвх, ирц сайн байдаг нь аливаад хариуцлагатай ханддагийн нэг жишээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамгийн олон эмэгтэй гишүүдтэй. Энэ байнгын хороогоор өнгөрсөн намрын чуулганы хугацаанд эх, хүүхдийн, ахмадын асуудал, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт анхаарал тавин ажиллалаа. Би энэ байнгын хорооны гишүүний хувьд Ахмад настны тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. МАН-ын мөрийн хөтөлбөрт Ач санах хууль, "Насны хишиг" олгох зэрэг асуудлыг тусгасны дагуу энэ хуулиудыг намрын чуулган баталлаа. Шинээр батлагдсан хууль ахмад настны нийгмийн хамгааллыг зохицуулаад зогсохгүй зарчмын өөрчлөлт нь ахмадууд амьдралын баталгаатай, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, хүсвэл ажил, хөдөлмөр эрхлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, ахмадуудаасаа зөвлөх үйлчилгээг авах, туршлага өвлүүлэх гэх мэтийн олон талын харилцааг зохицуулсан дэлхий нийтийн чиг хандлагатай тохирсон хууль батлахад гар бие оролцон, ажлын хэсгийг ахалж ажилласан. Мөн шинжлэх ухаан, боловсролын салбарт анхаарч ажиллаж байна. Тухайлбал, шинжлэх ухааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт, Инновацийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллан их хурлаас тогтоол батлагдлаа. Мөн Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлага менежмент, сургалтын чанар, төгсч байгаа оюутнуудын ажлын байрны олдоц зэрэг чиглэлээр судалгаа хийх, мэргэжлийн байгууллага, экспертүүдийн уулзалтууд, тэдний саналыг сонсох хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар төлөвлөж байна.
-УИХ-ын гишүүдээс бүрдсэн “Лобби” бүлгийг та санаачлан байгуулсан байх аа. Энэ бүлэг ямар үүрэгтэй юм бэ?
-Миний хувьд УИХ дотор “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулах санаачлага гаргаж, танхимын нөхөд дэмжсэн. УИХ-ын гишүүн Л.Амарзаяа, Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Б.Батзориг, Ц.Гарамжав, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нараас бүрдсэн бүлэг. Энэ бүлэг яагаад байгуулагдсан гэхээр хариуцлагатай уул уурхайг дэмжих, уул уурхайг зөв хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь уул уурхай. Гэтэл бид уул уурхайн салбараа олон улсын жишгийн дагуу хөгжүүлж чадахгүй байна. Уул уурхайн салбарыг газрын баялгаа олборлохоос гадна баялгаа зөв хуваарилах хүртэл маш өргөн хүрээнд цогцоор нь авч үзэх шаардлагатай цаг үе ирээд байна. Уурхайг орчин үеийн техник, технологийн горимоор хамгийн үр ашигтай хэлбэрээр олборлох, уурхай хаасны дараах нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлагатай байна. Уурхайн хаалтын менежмент ямар чухал вэ гэдгийг Налайхын уурхайн жишээн дээрээс харж болно. Түүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тухайн орон нутгийн жижиг, дунд бизнесүүдтэй уяж байж эдийн засгийн үр өгөөж сайн байна. Ашигт малтмалын орлогоос бүрдсэн баялгийн сантай болох нь уул уурхай дээрээ түшиглэх цаашдын хөгжлийн суурь юм. Дэлхий нийтэд уул уурхайг нээхтэй зэрэгцэн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг баталдаг практик нэвтэрч байна. Эдгээр асуудалд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тал бүрийн хэрэгцээ шаардлагыг тусган, мэргэжлийн хүмүүсийн гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн салбараа зөв зүйтэй хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас хариуцлагатай уул уурхайг дэмжих бүлэг байгуулсан.
-Өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уурхайг бий болгоно гэдгийг улстөрч бүр л ярьж ирсэн. “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби” бүлгийн хийх эхний алхмууд юу байх юм бэ?
-Хууль тогтоох дээд байгууллага учраас бид уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг авч үзнэ. Энэ хүрээнд Уул уурхайн яам болон судалгааны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Монгол улс дэлхийд тэргүүлэх уул уурхайн орон болох потенциал байгаа гэж би боддог. Тэгэхийн тулд геологийн стандартаас эхлээд л ажлаа эхлэх хэрэгтэй. Геологийн стандарт, чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг системээ илүү боловсронгуй болгох, байгаль орчноо хайрладаг, хамгаалах сэтгэлтэй иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Төрийн өмчит уул уурхайн засаглал, менежментийн асуудалд тодорхой алхмууд хийх шаардлагатай байгаа. Төрийн өмчийн уул уурхайн компаниудын менежмент, ашиг орлого нь ард иргэддээ нээлттэй, хүртээмжтэй байх чиглэлээр манай бүлэг анхаарлаа хандуулж ажиллана.
-Уул уурхайн бүтээгдэхүүн ашиглах бус түүнийг түшиглэх бизнесийн салбарын талаар ярих хүмүүс их ховор байдаг?
-Бид хариуцлагатай уул уурхайг бий болгох хүрээнд ханган нийлүүлэлтийн чиглэлээр дотооддоо үйлдвэрлэх боломж юу байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Экспортлох нь зөв ч нөгөө талаар уул уурхайн салбар хөгжсөнөөр ханган нийлүүлэлтийн маш урт хугацааны орон зай бий болохоор харагдаж байгаа юм. Бид зөвхөн бээлий оёод суух биш аж үйлдвэрлэлд тохиромжтой бусад бараа бүтээгдэхүүн, хамгаалалтын багаж хэрэгсэл, тээврийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөс эхлээд орон зай маш их зүйл бий. Ашигт малтмалд нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байна.
-Дээд боловсролын тухай хуулийг шинэчлэх талаар судалж байгаа гэсэн. Дэлхий нийтийн бизнесийн чиглэл оюуны өмчийн чиглэл рүү явж байна. Та шинжлэх ухааны чиглэлийг хөгжүүлэх, анхаарч байгаа хүний хувьд монголын залуучуудаа дэмжих, ажлын байраар хангах боломж байна уу?
-Монголын экспортын бас нэг томоохон чиглэл бол мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүн байх боломжтой гэж би хардаг. Уул уурхай, хөдөө аж ахуйн уламжлалт бүтээгдэхүүнүүдээ дэлхийн зах зээлд гаргахаас гадна мэдээллийн технологийн салбараа хөгжүүлэх боломж байна. Гар утасны аппликэйшн, тоглоомын, хүүхэлдэй кино гэх мэт. Оюуны бүтээлийг төмөр зам, автозамаар тээвэрлэдэг зүйл биш. Монгол залуучууд дэлхийн оюуны бизнесийн салбарт тоглогч байх боломж, потенциал байна. Монголын залуучууд энэ чиглэлээр дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна, цаашид бизнес хэлбэрээр хөгжүүлэхэд нь бүгдээрээ туслах хэрэгтэй байна. Оюуны өмч, патентын хуулийн зохицуулалт, шинэ технологи эзэмшихэд нь оюуны өмчөөр патентжуулаад, түүнийг нь зах зээлд гаргах, ашиг олох нөхцөлийг бий болгох чиглэлээр УИХ-ын гишүүний хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
-Боловсон хүчин нь байна, зах зээл нь байгаа юм байна. Тэгвэл эрэлт, нийлүүлэлтийг хангахын тулд төр юу хийх шаардлагатай байна вэ?
-Жишээ татахад, ШУТИС, Налайх дүүрэгт байрлах Герман-Монголын технологийн институт гэсэн хоёр сургууль уул уурхайн инженер бэлтгэдэг тэргүүлэх сургуулиуд. Энэ хоёр сургууль Монголд төдийгүй Азид шилдэг болох боломжтой. Мэдээллийн технологийн чиглэлийн хувьд мөн адил. Хэрэв технологи дамжуулах төв байгуулах, энэ хоёр сургууль хамтран ажиллах, түүнийгээ инновацийн бүтээгдэхүүн болгох тал дээр ажиллах боломжтой. Тухайлбал, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн гаргасан тохиолдолд оюуны өмч болгон патентжуулах, түүний дараа үйлдвэрлэл рүү дамжуулах тэр нөхцөлийг бий болгох тал дээр дэмжих шаардлагатай байна. Монгол залуучуудын хувьд уран бүтээлч сэтгэлгээ маш хүчтэй. Энэ нь маш чухал, бүтээлч сэтгэлгээ бол төрөлхийн өгөгдөл юм. Оюуны өмчийг патентжуулах, түүний дараа үйлдвэрлэл рүү нийлүүлэх энэ процессыг бид маш сайн болгож, оюун өмчийн хамгаалалтыг сайн хийнэ гэдэг нь тухайн зохион бүтээгчид эзэн байх, түүний бизнес болгох нөхцөл бүрдүүлдэг. Мэдээж аливаа бүтээгдэхүүн санхүүжилттэй байж урагшилдаг. Санхүүгийн зах зээлтэй уяж чадвал хөл дээрээ босно.
-МАН-д иргэд 65 суудал өгч, маш их итгэл хүлээлгэсэн. Энэ хэрээр МАН-аас маш их зүйлийг хүлээж байгаа. Намрын чуулган үүргээ биелүүлж чадав уу?
-Энэ удаагийн чуулган маш амжилттай болж байна гэж бодож байна. Юуны түрүүнд өмнөх гурав, дөрвөн жилд авч хэрэгжүүлэх бодлогын буруу алхмуудыг зөв болгох тал дээр ажилласан. Мөн нийгмийн чиглэлийн олон хуулийг баталсан. Харин орлогоо эрчимжүүлэх, эдийн засгаа сайжруулах тал дээр Засгийн газар энэ хавар эрчимтэй ажиллах шаардлагатай байна. УИХ шаардлагатай арга хэмжээгээ тухай бүрт нь авсан, үүргээ сайн биелүүлсэн гэж бодож байна.
-Намрын чуулган хаахын өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал нь хууль бус байсан гэж үзэж төрийн мэдэлд авахаар болсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хувийн өмчийг нийгэмчиллээ гэх нь маш буруу тайлбар гэж бодож байна. Хувийн өмч, луйвар хоёрыг ялгаж салгах ёстой. Харин одоо 49 хувийг цаашид ямар менежментээр авч явах, яаж олон нийтэд хүртээмжтэй, хариуцлагатай авч явах вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй байна. Магадгүй тэр хувьчлалыг олон нийтэд зарласан бол оролцох, тодорхой хувийг худалдан авах сонирхолтой аж ахуй нэгж, иргэд олон байсан байх. Тэгэхээр энэ хүмүүсийн оролцоог яаж хангах, дотооддоо хийх үү, цөөхөн хэдэн том компаниудын дунд хувьчлалаа хийх үү гэх мэт олон асуудлуудыг бид ярилцах ёстой.
-Засгийн газрын ажил хойрго байна гэсэн шүүмжлэл байна. Байгуулагдсан цагаасаа хойш эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн зорилго тавьсан ч одоо болтол тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Засгийн газарт та ямар дүн тавих вэ?
-Засгийн газрыг илүү эрчимтэй ажиллах ёстой гэж бодож байна. Ялангуяа зээлийн эргэн төлөлт, орлогоо нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ зоригтой, хурдан хөдөлгөх, стратегийн асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэх ёстой гэж бодож байна. Засгийн газрын сайд нар харилцан адилгүй байна. Тодорхой зарим яамд эрч хүчтэй ажиллаж байгаа. Хөдөө аж ахуй, Уул уурхай, Зам тээврийн яамд эрчимтэй ажиллаж байна. Харин зарим яамд хойрго ажиллаж байна. Би Боловсролын яамны ажилд сэтгэл дундуур явдаг. Тэгэхээр шаардлага тавина, шахаж ажиллана гэж бодож байна.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ш.ОЮУНЧИМЭГ