Гишүүд УИХ-ын намрын чуулганыг үр дүнтэй болсон гэж дүгнэлээ
Улсын Их Хурлын Чуулган
2017.02.15

Гишүүд УИХ-ын намрын чуулганыг үр дүнтэй болсон гэж дүгнэлээ

УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. Хэдийгээр УИХ-ын даргын захирамж гараагүй ч маргааш хаах товтой байгаа юм.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна. Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.

Д.ЦОГТБААТАР: ЭНЭ ЧУУЛГАНААР ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Ер нь бүх зүйл өө сэвгүй, сайхан байсангүй. Эргээд бидэнд хаврын чуулганаар бодох зүйл олон байна. Гэхдээ ямар ч байсан нэг зүйлийг амжуулах, бүтээчих юмсан гэж ажиллалаа. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч “Энэ Засгийн газар хамгийн богино хугацаанд байгуулагдсан" гэж хэлсэн. Тэгэхээр байгуулагдахаасаа эхлээд л цаг адцахгүйг хичээж байна. Одоо нэг хэцүү зүйл нь өрийн асуудал. Үүнийгээ шийдвэрлэх шийдлийг одоо ч эцэслэн тохироогүй л байна. Үүнд гишүүд ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

Мөн зарим зүйлд цаг алдсан. Тухайлбал, өөр орноос зээл авах гэж царай алдаад явж байхаар “Стэнд бай” хөтөлбөр рүү аль эрт орох байсан юм. Гэтэл одоо ОУВС-гийн нөхцөл хоёр, гурван сарын өмнөхөөсөө өөр болсон байна. Энэ даяаршсан, үйл явдал нь хурдан өрнөж байгаа дэлхийд нэг хоног ч, нэг хоногоор хэмжигдэхгүй өндөр өртөгтэй болж байна. Энэ талд хангалттай хурдан ажиллаагүй юм шиг. Гэхдээ хангалттай хурдан ажиллаагүйдээ биш, шийдэмгий.

Х.НЯМБААТАР: БҮТЭЭЛЧ ЧУУЛГАН БОЛСОН

-Байнгын үйл ажиллагаатай парламентын хамгийн гал чиг үүрэг бол төрийн гадаад, дотоод чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг цаг алдалгүй батлан гаргах ёстой. Тэр утгаараа намрын чуулган маш их бүтээлч чуулган болсон гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан. Хууль эрх зүйн орчин дахь өмнөх парламентын үед хэрэгжүүлж эхэлж байсан шинэчлэлийг үргэлжлүүлэх, төрийн үйл ажиллагааны залгамж шинж чанарыг хадгалсан олон хууль тогтоомжийг ар араас нь гаргаж байна.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай, Дотоодын цэргийн тухай, Онцгой байдлын тухай хууль, цаашлаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг олон хуулийг хууль эрх зүйн орчин талаас нь батлан гаргаж амьдралд хэрэгжүүлэхээр ажиллах нь Засгийн газрын чиг үүрэг болон үлдлээ. Нөгөө талаас нэг намын үнэмлэхүй олон гишүүнтэй парламент өмнөхөөсөө ялгаатай нь хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэн батлах талд ирц бүрдэхгүй гэдэг ойлголт гарсангүй. Ирц бүрдээгүйгээс болж өмнөх парламентын үед чуулган хойшилдог байсан бол энэ удаа нэг ч тохиолдол гарсангүй.

Бүх чуулган товлосон цагтаа хуралдаж УИХ-ын зохион байгуулалт харьцангуй хариуцлагатай үйл ажиллагаа явууллаа. Ээлжит бус чуулган хуралдах үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж 580 сая ам.долларын эргэн төлөлтийг ирэх сарын 20-доор төлнө. Засгийн гаэраас ямар нэгэн хүндрэлгүйгээр бондын эргэн төлөлтийг хийнэ гэж мэдэгдсэн. Энэ утгаараа эргээд төсөвт тодотгол хийх асуудал ярихыг үгүйсгэхгүй.

М.БИЛЭГТ: ХОЙШ НЬ ТАВЬСАН АСУУДАЛГҮЙ ЧУУЛГАН БОЛЛОО

-УИХ-ын намрын чуулган ачаалал ихтэй байж, нийгэм, иргэд, залууст хэрэгтэй олон хуулийн төслийг баталж амжлаа. Наад зах нь нийгмийн бодлогын чиглэлээр Ахмадын тухай хууль, олон хүүхэдтэй ээжүүдийн ажилласан жилийг нэмэгдүүлэх талаар, мөн эрүүл мэндийн салбарт хэрэгтэй эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Өнгөрсөн хугацаанд хуулийн заалтад байсан алдааг засахын тулд нэлээд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ намрын чуулган ачаалал ихтэй байна гэж хэлж болно, Өөрөөр хэлбэл, цаг сунган ажиллаж, их олон асуудлыг шийдлээ. Үр дүн сайн байлаа. Энэ хэмжээгээрээ асуудлуудаа шийдвэрлэж чадсан. Шийдээгүй хойш нь тавьсан асуудал байхгүй.

А.УНДРАА: НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАСАН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ БАТАЛЛАА

-Энэ чуулганаар хэд хэдэн чухал хуулийг баталж амжлаа. Тухайлбал, Ахмад настны тухай, Цалинтай ээж хөтөлбөр гээд хэд хэдэн МАН-ын, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хууль, тогтоомжийг баталж чадлаа. Энэ маш чухал. Үүнээс харахад УИХ-ын намрын чуулганы үр дүн нийгмийн асуудал талдаа чухал үр дүнтэй байж чадсан гэж бодож байна.

Гэхдээ эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бид орлого талдаа санаа зовох ёстой. Ер нь орлого, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хууль харьцангуй цөөн байна. Гэхдээ 1.5 тэрбумаас ихгүй орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болголоо. Хэдийгээр дөрвөн салбарыг хамруулсан ч энэ бол сайн эхлэл гэж бодож байна.

Ж.ЭНХБАЯР: УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАН МАШ ҮР ДҮНТЭЙ ӨНДӨРЛӨЖ БАЙНА

-УИХ-ын намрын чуулган маш үр дүнтэй өндөрлөж байна. Их завгүй байсан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж маш том бодлогын бичиг баримтыг баталсантай холбогдуулан Гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах үзэл баримтлал гэсэн дагалдах хоёр том үзэл баримтлал гардаг. Батлан хамгаалах үзэл баримтлалыг өмнөх парламентын хамгийн сүүлийн хаврын чуулганы хуралдаанаар баталсан.

Үзэл баримтлал батлагдан гарсантай холбоотойгоор салбарын хууль эрх зүйн шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлага бий болдог. Энэ бүхнийг намрын чуулганаар бүрэн хэрэгжүүлж дууслаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай, Батлан хамгаалах тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай, Цэргийн албаны тухай, Хилийн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Тагнуулын байгууллагын тухай хууль гэж үндсэндээ тусгай чиг үүргийн батлан хамгаалах салбартай холбоотой эрх зүйн өөрчлөлтийг иж бүрнээр нь хийж дууссан.

Энэ их том амжилт. Заримд нь хамгийн багадаа 15-23 жилийн өмнө өөрчлөлт хийж байсан хуулийг дахин цоо шинээр боловсруулж, баталлаа. Үүнд би нэлээд олон ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ парламентын хийсэн том ажил. Мөн гадаад харилцааны салбартай холбоотой гурван хуулийн төслийг хэлэлцэж байна. Дипломат албаны тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг баталсан. Одоо бид Гадаад харилцааны тухай хуулийн хэлэцүүлгийн шатанд явж байна. Монгол Улсын гадаад харилцааг нэг бодлого, нэг цонхоор харах зайлшгүй шаардлага байгаа. Уг хуулийг бид энэ чуулганаар баталж арай амжсангүй. Ирэх чуулганаар оруулна.

Г.ТЭМҮҮЛЭН: ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙСАН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ БАТАЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

-Шинэ УИХ-ыг бүрдүүлснээс хойш хагас жил гаруйн хугацаанд ажиллаж, хүлээлттэй байсан хууль, тогтоомжийг баталж, эрх зүйн орчныг нь бүрдүүллээ. Сонгуулийн үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан, мөн Засгийн газрын хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан хэд хэдэн бодлогын шийдвэр гарсан. Тухайлбал, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Мөн малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Дээр нь малчдын зээлийн хүү 18 хувь байсныг 15 болгож бууруулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Залуу ээжүүд үр хүүхдээ өсгөн бойжуулах хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог болсон. Малчдын хөдөлмөрлөсөн нэг жилийг 1.2 жилээр ахиулан тооцдог болох хөдөлмөрийн хуулийн зохицуулалт хийлээ. Энэ мэтчилэн нийгмийн олон асуудал шийдлээ олоод байна. Үүний үр дүнд малчдад чиглэсэн, мал аж ахуйгаа дэмжсэн бодлогын шийдлүүд гарч ирлээ гэж дүгнэж байна. Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь хүн бүрийн анхааралд байна.

Бид ээлжит бус чуулган хийх асуудлыг ярьж байгаа, Гэхдээ тодорхой шийдвэр гараагүй. Мэдээж эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулахтай холбоотой асуудлыг ярьж таарах байх. Дээрээс нь өнөөдөр хэлэлцэж байгаа ОУВС-гийн "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал байна. Үүний үр дүнгээс хамаарч ээлжит бус чуулганыг хэлэлцүүлэх эсэх, үүнтэй улбаалан улсын төсөвт өөрчлөлт орох асуудал гарч ирэх болов уу.