ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж төмөр замыг хөдөлгөлөө
2012.03.30

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж төмөр замыг хөдөлгөлөө

Монгол Улсын нийгэм эдийн засагт дэвшил авчрах төмөр зам барьж байгуулах ажил сүүлийн хэдэн жил яригдсан ч хэрэгжээгүй билээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Төрөөс төмөр замын талаар авч хэрэгжүүлэх бодлогыг батлуулж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо.Уул уурхайн бизнес эрчтэй хөгжиж буй бүс нутагт баригдахаар төлөвлөгдсөн ч зогсонги байдалд орчихсон төмөр зам барих ажил ирэх тавдугаар сар Ухаа худаг-Гашуун сухайт, Ухаа худаг-Таван толгой, Таван толгой-Сайн шандыг чиглэн зэрэг эхлэх юм байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор төрийн өмч давамгайлсан “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийг байгуулж Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болсон.

“Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани нь шинээр баригдах төмөр замын 51 хувийг эзэмшсэн төрийн өмч давамгайлсан компани байх аж.

Олон улсын жишигт төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг. Учир нь төмөр замын суурь бүтэцтэй аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн замд тээврийн үйл ажиллагаа явуулах, эсрэгээр төмөр замын тээврийн компани өөрийн өмчийн суурь бүтэцтэй болчихвол хувийн тээврийн компанидаа давуу эрх олгох, өрсөлдөгчийнхөө суурь бүтэц ашигласаны төлбөрийг өндөр тогтоох гэх мэт монофоль үүсч эхэлдэг.Үүнээс сэргийлэх үүднээс төмөр замын 51 хувийг эзэмших эрх бүхий төрийн өмчийн шинэ компанийг байгуулсан хэмээн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж мэдэгсэн байна. Ийнхүү эрчтэй хөдөлсөн “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банктай хамтран шийдвэрлэж байгаа аж.