Д.Тогтохсүрэн: Улстөрчид буцаж, төрийн албан хаагчид үлддэг болно
Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж,намрын чуулган хаалтаа хийхтэй зэрэгцэж өргөн барьсан билээ. Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж, тунгаан шүүх нь нэгэнт тодорхой тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс хуулийн төслийн талаар товчхон мэдээлэл авлаа.
-Төрийн албаны тухай хуулийн төслийг шинэчлэн найруулгад ямар ямар өөрчлөлт орсон бэ. Бүлэг, зүйл заалтаар нь шинэчилсэн томоохон өөрчлөлт орсон уу?
-Төрийн албаны тухай хууль 7 бүлэг, 41 зүйлтэй. Бидний өргөн барьсан хуулийн төсөл 33 бүлэг, 109 заалттай. Өөрөөр хэлбэл одоо байгаа хуулиас гурав дахин томорсон. Төрийн албатай холбоотой шүүмжлэл маш их байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 186 мянган төрийн албан хаагч /ТАХ/ байна. Тэднээс хэдэн хувь нь тогтвор суурьшилтай ажилласныг тогтооход амаргүй. Сонгууль болгоны дараа,дөрвөн жил тутамд төрийн албан хаагчид солигдож, улс төрөөс хэт хамааралтай болоод байгаа. Үүнээс үүдэж төрийн алба тогтворгүй, чадваргүй боллоо гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Иймд Төрийн албаны тухай хуулийн төсөлд дөрвөн гол чиглэлийг тусгасан.
Нэгдүгээрт: Төрийн албыг улс төрөөс ангид байлгана. Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улстөрчид нь явдаг зарчим руу оруулах зорилготой. Төрийн алба хөдөлсөн ч дотроо хөдөлдөг, гаднаас хүн ордоггүй байх чиглэлийг баримталж боловсруулсан. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан. Яамны ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, яамны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг бүхий төрийн албан хаагч бол Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Тиймээс томилогдох хугацааг нь сонгуулийн циклээс нь зөрүүлж байгаа юм.Мөн Төрийн нарийн бичгийн дарга улсад 16 жил ажилласан, тухайн яаманд газар, хэлтсийн даргаар найман жил ажилласан байхаар заасан. Ингэснээр улс төрөөс хараат бус болж байгаа юм.
Хоёрдугаарт: Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах заалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болно. Өөрөөр хэлбэл ахлах түшмэл байсан бол эрхэлсэн түшмэл болно. Эрхэлсэн түшмэлээс тэргүүн түшмэл болно. Гэнэт дарга болохгүй гэсэн үг. Төрийн захиргааны албан хаагч ТЗ5–ТЗ10 хүртэл шатлан дэвшинэ. Ингэж дэвшүүлэхдээ тавигдах шаардлагыг тодорхой болгоно. Жишээ нь: Нэг байгууллагад даргын орон тоо гарлаа гэж бодоход дотроосоо томилогдоно. Эсвэл яг ижил төрлийн байгууллагаас томилогдож болно.
Гуравдугаарт: Төрийн албыг хариуцлагатай болгоно. Өөрөөр хэлбэл төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах нь олон тохиолддог. Үүнээс үүдэж гарсан зардлыг өнөөдрийг хүртэл төр төлсөөр байгаа. Хууль батлагдсанаас хойш болбуруу шийдвэр гаргаж,төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болно.Ийм заалт байхгүйгээс болж, төрийн албан хаагчид ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд шүүхэд гомдол гаргаж,цалингаа авдаг. Шинээр томилогдсон хүн нь ч бас цалингаа авч л байдаг. Үүний цаана татвар төлөгчид хохирч байгаа юм.
Дөрөвдүгээрт: Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгаж байгаа юм. Одоо бол Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулдаг газар шиг харагддаг. Тиймээсэнэ байгууллагыг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий байхаар тусгасан. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр явдаг байсан. Тэгвэл цаашид асуудал шүүх дээр очихын наана Төрийн албаны зөвлөл шийдэх боломж бүрдүүлж байгаа.
-Төрийн албанаас халагдаад шүүхээр явж, сул цалин авдаг хүмүүс зөндөө бий гэлээ. Ийм асуудлаас болоод хэдий хэмжээний зардлыг төрөөс төлсөн бэ?
-Би тооцож гаргаж чадаагүй байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан зардлыг тооцож гаргах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгсөн.Тэр тоо тодорхой болмогц дахин мэдээлэл өгье. Ер нь амьдрал дээр шүүхээс буцаад ажилдаа орохоор шийдвэрлэсэн ч байгууллагын дарга нь томилдоггүй, ажлаа хийхгүй хэр нь цалингаа аваад явж байдаг тохиолдол нэлээд харагддаг.
-Нэгэнт мөнгөний асуудал ярьсан тул хөндөхгүй орхиж болохгүй нэг зүйл байна. Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийдэг. Энэ байдлыг зохицуулж өгсөн үү?
-Байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас халахыг хориглоно. Цаашид төрийн байгууллагын нэр, яамдын нэрийг ч тогтвортой байлгах нь зөв гэдэг байр суурьтай байдаг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд яамдын нэрийг зааж өгөх тухай саналаа хүргүүлэх бодолтой байна.
-Төрийн албаны шалгалт өгөөгүй байж үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, олон сар, жил ажилласан тохиолдол гардаг. Үүнийг хэрхэн зохицуулсан бол?
-Төрийн албаны удирдах албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн үед түүний үүргийг зөвхөн дэд дарга гүйцэтгэнэ. Газрын дарга ажлаас чөлөөлөгдсөн бол тус газрын ахлах түшмэл гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн байгууллага дотроосоо үүрэг гүйцэтгэгчээр томилогдож болно. Гаднаас үүрэг гүйцэтгэгч томилохыг шууд хориглосон. Хэрэв гаднаас үүрэг гүйцэтгэгч томилбол Төрийн албаны зөвлөл тэрхүү шийдвэрийг хүчингүй болгоно. Үүрэг гүйцэтгэгчийг ямар тохиолдолд томилох вэ гэхээр удирдах албан тушаалтан нь гадаадад түр хугацааны сургалтад хамрагдах, жирэмсний амралт авсан үед байж болно. Энэмэтчилэн үүрэг гүйцэтгэгчийн асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгасан.
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан бол төрийн алба хашиж болохгүй гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байсан бол тэр хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй.
-Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн заалт биш үү?
-Ингэж хариуцлагатай болгохгүй бол төрийн алба төрийнх биш болчихоод байна. Нэг удаа алдаа гаргасан хүн дахиад алдахыг үгүйсгэхгүй. Тиймээс авлига, албан тушаалтын гэмт хэрэгт холбогдож байсан бол дахиж төрийн алба хашихгүй.
-Авлига, албан тушаалын гэмт хэргээс бусад төрлийн хэрэгт холбогдож байсан хүмүүсийн тухайд хэрхэх бол?
-Бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй. Тухайн хүний ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болно.
-Улс төрийн сонгуулийн дараа төрийн албан хаагчид солигддог жишиг бичигдээгүй хууль болсон. Одоогоор төр барьж буй МАН төрийн албанд дархлаагаа тогтоогоод байгаа. Гэтэл ийм хатуу хууль баталчихвал цаашид төрийн алба тэр чигээрээ МАН-ын гишүүд, дэмжигчдийнх болоод хоцрох юм биш үү?
-Сонгуулийн дараа төрийн албан хаагчид бүгд солигддог гэвэл дэндүү өрөөсгөл дүгнэлт болно. Практикаас харахад 10-20 хувь нь солигддог. Хууль хэрэгжээд эхэлмэгц шаардлага хангахгүй хүмүүс нь гараад, шаардлага хангасан хүн нөхөж орох юм.
-Хууль эргэж хэрэгжихгүй. Тэгэхээр одоо байгаа төрийн албан хаагчид үлдээд цаашид төрийн албанд орж ирэх хүмүүст хууль эрх зүйн шаардлага тавина гэсэн үг юм байна, тийм үү?
-Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдад нөлөөлөхгүй. Бидний тооцож байгаагаар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Төрийн албаны тухай хууль шинэ хэлбэрээрээ хэрэгжиж эхлэх болов уу.
-Төрийн үйлчилгээ чанарт хяналт тавьдаг олон нийтийн зөвлөл байгуулна гэж заажээ. Энэ байгууллага ямар учиртай байгууллага байх юм бэ?
-Төрийн үйлчилгээ чанарт хяналт тавьдаг олон нийтийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Түрүүн хэлсэнчлэн төрийн алба мерит буюу шатлан дэвших зарчимд ороод ажиллахаар жаахан хаалттай болж магадгүй. Ингээд ирэхээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ суларч мэдэх юм. Тиймээс үүнд хяналт тавих үүднээс Төрийн үйлчилгээ чанарт хяналт тавьдаг олон нийтийн зөвлөл байгуулна. Зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сонгон шалгаруулалт хийж томилох юм.
Энэ хуулийн төсөлд тусгасан бас нэг шинэ соргог зүйл нь төрийн албан хаагч ажлын гүйцэтгэл, тайлан тавих тухай асуудлыг хуулиар тогтоож өгнө. Тайлан гүйцэтгэл дүгнэхдээ A,B,C,D үнэлгээ өгөхөөр зааж өгсөн. Албан хаагч D үнэлгээ авах юм бол төрийн албанаас халагдана.
-УИХ-ын сонгуулиар МАН олонх болж, өмнөх парламентын гаргасан шийдвэр, баталсан хуулийг өөрсдийнхөөрөө өөрчиллөө. Тэгвэл дараагийн сонгуулиар гарч ирсэн нам хүчин ТАХ-ны хуулийг дахиад өөрчилж мэдэх юм. Ийм тохиолдолд хууль цаасан дээр үлдэхээс сэргийлж чадсан уу?
-Өөрчлөхгүй байлгах асуудлыг хуульд суулгаж өгнө. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүний 2/3 нь зөвшөөрсөн тохиолдолд хуулийг өөрчлөх босго тавина.
-Уншигчид маань хуулийн төслийн талаар багахан мэдээлэл авсан гэж найдаж байна. Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон шинэ гишүүнтэй уулзсаных хотод төвхнөж амжсан уу?
-Хотод ирээд төвхнөж амжсан. Манай хоёр хүүхэд том болчихсон учраас сургууль, цэцэрлэгийн асуудал тулгараагүй.
-Одоогоор Өвөрхангайн иргэн хэвээрээ байгаа юу. Хориг тавихаас урьтаж шилжүүлгээ хийлгэсэн үү?
-Би одоогоор Өвөрхангайн иргэн хэвээр байгаа. Үндсэн тойрог, гэр орон маань Арвайхээр хотод байгаа болохоор шилжиж ирэх бодол төрөхгүй байна.
-Улаанбаатар хотод тулгамдсан асуудал олон байдаг. Орон нутгаас сонгогдсон гишүүн болохоор тэр бүхнийг илүү их мэдэрч байгаа байх. Хамгийн эхлээд юуг шийдэх ёстой гэж харж байна вэ. Хотын даргад санаа өгч болох юм?
-Тулгамдсан асуудал олон байна. Утаа, замын түгжрэл гэх мэт.
Ярилцсан танд баярлалаа.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ