“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо
2017.02.24

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг удирдан зохион байгуулах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.  

Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалж, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дэд даргаар нь ажиллах тус ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 24 буюу өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын болон УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлж авах, үүнтэй холбоотой өр, авлагыг суутган тооцох асуудлыг хариуцсан дэд ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулан байгууллаа.

Дашрамд дурдахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт болон УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд УИХ-ын тогтоолоор үүрэг болгосон юм  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.