Д.Очирбат: 2020 он гэхэд вирусийн тархалтыг таслан зогсоож, устгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна
2017.03.23

Д.Очирбат: 2020 он гэхэд вирусийн тархалтыг таслан зогсоож, устгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНУ-д албан ёсны айлчлал хийсэн УИХ-ын гишүүн Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтан, тус улсад айлчлахдаа олон чухал ажлуудыг амжуулаад иржээ.

Төрийн нарийн бичгийн даргатай айлчлалын үеэр амжуулсан ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе. 

-УИХ-ын гишүүн Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтан АНУ-д 10 хоногийн айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын явцад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан нэлээд томоохон хөтөлбөрийн хүрээнд асуудлаа шийдээд ирсэн гэж сонслоо. Энэ талаараа яриач?

-Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлэгч улсын тоонд ороод байна. Үүний гол шалтгаан нь C, B, D вирусийн тархалт Монгол Улсад өндөр байгаатай холбоотой.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн судалгаа, эрдэм шинжилгээний дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АНУ-ын Стэнфордын их сургууль болон Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар элэгний В вирусийн архаг халдвартай иргэдийн 60 орчим хувь нь элэгний D вирусийн давхар халдвартай болохыг судлан тогтоосон.

Энэхүү судалгааны үр дүн элэг судлалын чиглэлээр дэлхийд хамгийн нэр хүндтэй, алдарт “Хепатологи” сэтгүүлд 2016 оны арваннэгдүгээр сард гарсан. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй “Journal of Viral Hepatites” гэдэг сэтгүүлд 2017 оны хоёрдугаар сард хэвлүүлсэн монгол эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнгээр 400 гаруй мянган хүн элэгний C, B, D вирусийн архаг халдвартай тухай дурдсан байна билээ.

Элэгний архаг вирусийн тархалт өндөр байгаа нь элэгний хорт хавдар, нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлэхэд хүргээд байгаа юм. Ердөө гуравхан сая хүн амтай, түүнийх нь 400 гаруй мянган хүн элэгний вирусийн халдвартай байна гээд бодохоор маш өндөр үзүүлэлт гарах нь аргагүй.

Дээр дурдсан вирусийн халдвартай 400 гаруй мянган хүний 150 мянга нь С вирустэй бол 150 мянга нь В вирустэй байна.

В вирустэй хүмүүсийн 60 орчим хувьд нь D вирус давхар байгаа. Ерөнхийдөө элэгний D вирус нь хүний элгэнд тусдаг хепатитын вирусийн хамгийн хүнд хэлбэр бөгөөд элэгний хатуурал, элэгний хорт хавдарт хамгийн хурдан хүргэдэг маш аюултай вирус юм. Тиймээс МАН болон шинээр байгуулагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд “Элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан.

В вирустэй хүмүүсийн 60 орчим хувьд нь D вирус давхар байгаа. 

Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд вирусийн тархалтыг таслан зогсоож, устгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо байгаа 400 гаруй мянган вирустэй хүмүүсийг эмчилнэ. Элэгний вирусийн өвчлөлийн талаар дорвитой арга хэмжээ авсан улс орны тоонд орно гээд үүрэг амлалт авчихсан.

Тэгээд би сая УИХ-ын гишүүн Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, АНУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр АНУ-ын алдарт Стэнфордын их сургууль дээр эрдэмтэдтэй уулзалт хийж, илтгэл тавилаа. Стэнфордын их сургуулийн хамгийн анхны байгууламжуудын нэг болох Синна холлын Окимото хурлын танхимд болсон энэхүү уулзалтад таван орны төрийн нарийн бичгийн даргатай зэрэгцэх албан тушаалтнууд болон тус сургуулийн элэг, эрүүл мэндийн чиглэлийн доктор, профессор, том том эрдэмтэд оролцлоо. Энэхүү уулзалт, зөвлөгөөнд миний бие Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, элэгний С вирусийн эмчилгээний үр дүнгийн талаар илтгэл тавьсан.

Илтгэлдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад хууль болгож, батлаад иргэддээ эм авахад нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлж байгааг дурдсан.

Ерөнхийдөө С вирустэй иргэдийн 98 хувь нь эдгэрэлттэй байгааг сонсоод тэдгээр эрдэмтэд үнэхээр сайшаалтай хандаж байсан. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбартаа үнэхээр том ажлуудыг хийж байна.

Жишиг улс болоход үнэхээр дөхсөн байна. Эрдэмтэд нь Монголд очиж, элэгний вирусийн эсрэг ийм сайн туршлагатай явж байгаа, элэгний эмчилгээг дэмжиж, хууль болгон баталж байгаа, эм авах гэж буй иргэддээ эрүүл мэндийн даатгалын сангаас 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, тэдэнд тулгарч буй санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөлж байгааг сонсоод АНУ-ын эрдэмтэд маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байсан.

Мөн гурван сая хүнтэй улс хүмүүсээ оношилгоонд хамруулчихдаг, төр засгаас нь эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг ийм улс оронтой хамтарч ажиллахад таатай байна гэсэн.

-Тэгэхээр цаашид элэгний вирусийг устгах тал дээр хамтарч ажиллах саналууд нэлээд иржээ дээ? 

-Айлчлалын үеэр АНУ-ын Калифорни мужийн Фостер хотод байрлах “Гилеад Сайнс”  компанийн төв байранд тус компанийн Корпораци болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Грейг Альтон, Хүртээмж хөтөлбөр болон хөгжиж буй орнуудын зах зээлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Клифорд Самуэль, тус хөтөлбөрийн стратегийг хариуцсан дэд захирал Ахмед Афифи, үйл ажиллагаа хариуцсан захирал Элизабет Циликунос нартай уулзлаа.

Грейг Альтон бол олон улсын хэмжээнд хэрэгжиж буй хүртээмж хөтөлбөрийн нөлөө бүхий албан тушаалтан бөгөөд түүний санаачилсан ажлын хүрээнд Монгол Улсад софосбувир/ледипасфир эм асар хямдралтай үнээр орж ирэх үндэс суурь тавигдсан юм. Хуучин бол элэгний С, В вирустэй хүн маш өндөр үнэтэй тариа хийлгэдэг. Тэр тариагаа зургаан сарын турш хийлгэдэг байлаа. Тэр тариаг хийлгэж байх хугацаандаа үс нь унадаг, бие нь хөхөрдөг, турдаг, эцдэг, бүр тариагаа хийлгэж байхдаа амиа хорлодог байсан бол эдүгээ шал өөр болчихсон.

Харвони эмийг уугаад л С вирусээс салах боломжтой болсон. Энэ эмийг оруулж ирж байгаа хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын буянаар Монголын олон мянган хүн С вирусээсээ салж байгаа.

С вирустэй хүмүүсийн эм уугаад эдгэж байгаа нь 98 хувьтай гарсан. Дэлхийн жишгээсээ бүр давсан. Дээрээс нь манай Засгийн газар  бүх эмэнд нь 85 ам.долларын хөнгөлөлт үзүүлж байгаа.  Энэ бол үнэхээр том ажил. Уулзалтын хүрээнд бид “Гилеад Сайнс” компанитай гурван чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан.

Тодруулбал, элэгний С вирусийн халдвартай эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын дунд уг вирусийн голомтыг устгах, тэднийг эмчилж эдгээх талаар санал тавьсан. Учир нь эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилтнууд маань ажлаа хийж байх үедээ хүний цустай хутгалдаад, вирусийн халдвар авсан байдаг. Одоогоор элэгний вирусийн халдвартай 48 мянган ажилтан, албан хаагчид байгаагаас 5,000 нь элэгний С вирусийн архаг халдвартай байна.

Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг эрүүлжүүлэх зорилгоор 5,000 хүн тун буюу 15 мянган хайрцаг эмийг хандивлах, дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтийг тавьсан. Бидний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж өгөхөөр болсон. Ингээд бидний явсан ажлын эхлэл амжилттай байж, эрүүл мэндийн салбарынхаа 5,000 хүнийг аврах, эрүүлжүүлэх, эмчлэх тал дээр том ажил бүтээж ирлээ.

Учир нь эмч, эмнэлгийн ажилтнууд маань эрүүл саруул байж эргээд иргэддээ тусламж үзүүлж, эмчилнэ шүү дээ. Тэгэхээр бид энэ салбарынхаа асуудлыг шийдэх тал дээр том алхам хийлээ гэж үзэж байна. Мөн Монгол Улсын ЭМЯ-наас нийт хүн амыг В, С вирусийн шинжилгээнд хамруулах тал дээр “Гилеад Сайнс” компанитай хамтран ажиллах талаар санал тавьсан. Энэ чиглэлээр Амстердамд болох Европын холбооны Элэгний эмгэг судлалын холбооны хурал, Олон улсын элэгний конгрессын үеэр дахин уулзалт хийж, хамтын ажиллагаагаа илүү тодруулахаар болсон.

Үүнээс гадна Монгол Улс элэгний С вирусийн эсрэг өндөр үйлчлэлтэй софосбувир/ледипасфир эмийг эх орондоо үйлдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцоход энэхүү эмийг үйлдвэрлэх эрх авсан компаниудтай нарийвчлан ярилцаад эргэж хариу хэлнэ гэдгээ Грейг Альтон илэрхийлсэн. Ийнхүү дээр дурдсан хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлье гэсэн Монголын талын хүсэлтийг “Гилеад Сайнс” компанийн тал нааштайгаар хүлээн авсан.

Тиймээс монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тал дээр онцгой анхаарч, өндөр үйлчлэлтэй эмийг Монголд авчирч,  дэмжлэг туслалцаа үзүүлж, олон хүнийг аварч байгаа буянтай үйлсэд нь талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Грейг Альтоныг Монголд албан ёсоор айлчлахыг урьсан. 

-Стэнфордын их сургуулийн эрдэмтэн элэгний хорт хавдрыг эмчлэх асуудал дээр дэвшилттэй алхам хийсэн гэж сонссон. Та айлчлалынхаа үеэр тэр хүнтэй уулзаж чадсан уу? 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, бүр устгах зорилт тавьсан. Түүнчлэн элэгний В,С вирусийн эсрэг маш өндөр үр дүнтэй эмчилгээнүүд Монголын эрүүл мэндийн салбарын эмчилгээний практикт нэвтэрсэн хэдий ч элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ хангалттай бус байгаа.

Өөрөөр хэлбэл, элэгний анхдагч хорт хавдраар Монголд жилд дунджаар 1,800-2,000 орчим хүн оношлогдож, эдгээрийн 80 орчим хувь нь жил хүрэхгүй хугацаанд өвчнийхөө улмаас нас барж байгаа тун харамсалтай тоо баримт байгаа.

Ийм учраас бид элэгний В, D вирусийн эсрэг эмчилгээг шинээр нээн илрүүлсэн Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн Жефри Гленнтэй уулзаж, ярилцсан. Тэрбээр хамт ажилладаг эрдэмтэдтэйгээ хамтран Айгер био Фармацевтикал компанийг байгуулсан бөгөөд түүний шинээр нээсэн элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ маш амжилттай явагдаж байгаа гэж ярьж байсан. Тодруулбал, Турк улсын Анкарагийн их сургуульд түүний шинэ эмчилгээгээр элэгний хорт хавдартай хүмүүсийг эмчилсэн нь үр дүнгээ өгч байгааг дурдаж байсан.

Тиймээс Монгол Улсад энэхүү шинэ эмчилгээг нэн даруй нэвтрүүлж, элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүстээ боломж олгох талаар профессор Жефритэй ярилцаж, түүний лабораторитой танилцсан. Уулзалтын үр дүнд Монгол Улсад энэхүү шинэ эмчилгээг хурдан хугацаанд нэвтрүүлэхээр санал нэгдэж, хамтран ажиллах талаар илүү нухацтай ярилцах нь зүйтэй хэмээн тогтсон. Профессор Жефри ирэх дөрөвдүгээр сарын 03-нд манай улсад айлчилна.

Тэр үеэрээ элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээний талаар Засгийн газар, УИХ-тай албан ёсоор, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцах юм. Үүнээс гадна бид Айгер био Фармацевтикал компанийн ерөнхийлөгч, доктор Дэвид А.Коритой уулзаж, тус компанийн хөгжүүлж буй Сарсар буюу Ланофармид эмийн клиникийн судалгааг Монгол Улсад оруулах нэн тэргүүний шаардлага байгааг дуулгаж, санал тавьсан.

Доктор Дэвид А.Кори АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, БНГУ-ын Хановирын их сургуулийн Анагаах ухааны хүрээлэн, Турк улсын Анкарагийн их сургууль зэрэг газруудад явагдаж буй клиникийн судалгааг танилцуулж, Олон улсын дөрөв дэх төвийг Монгол Улсад нээхээр хурдацтай ажиллаж байгаагаа бидэнд мэдээлсэн.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг буюу FDA энэхүү судалгааны протоколыг хянаж байгаа бөгөөд энэхүү судалгааны үр дүн тун удахгүй гарч, Монголд Олон улсын дөрөв дэх төв нээгдэж, элэгний В, D вирусийн давхар халдвартай иргэд маань энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдах боломж ойртлоо. Манай улсын В, D вирусийн давхар халдвартай иргэд энэхүү судалгааны талаар маш сайн мэддэг юм байна лээ. Энэ асуудлын талаар ярилцаж, зөвшилцлөө гэхэд маш олон хүн утсаар ярьж, хэзээ ирэхийг нь асууж байсан.

-Таны яриаг сонсож байхад 15-аас дээш насны бүх хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах тухай дурдагдлаа. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амыг хамарсан нэлээд том ажил болох нь дээ?

-Тийм ээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд бид эрт илрүүлгийн ажлыг хийхээр болсон. Одоогийн байдлаар бид элэгний вирустэй хүмүүсийг 400-430 мянга гэж тооцож байгаа боловч яг үнэндээ үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй. Тиймээс 15 наснаас дээш насны  хүмүүсийг эрт илрүүлэгт хамруулж, албан ёсны шинжилгээгээр тогтоох ёстой гэдэг шийдэлд хүрсэн юм.

Засгийн газраас элэгний С вирустэй хүмүүст 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд, эмийг нь хямдруулаад өгчихөж байна. Түүнчлэн энэ ажилд зөвхөн төрийг хараад суугаад байж болохгүй. Тиймээс төрийн болон ТББ, олон нийтийн оролцоог хангах тал дээр олон талт арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа.

Засгийн газраас элэгний С вирустэй хүмүүст 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд, эмийг нь хямдруулаад өгчихөж байна.

 

Бид сая АНУ-ын Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан хүмүүстэй уулзалт хийсэн. Энэ үеэр ЭМЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд нарийн бичгийн дарга Стив Смит судалгаанд суурилсан бодлого гаргаж, хөтөлбөрийнхөө үр дүнг хэмжиж байгаа нь маш зөв зүйтэй хэмээн сайшааж, энэ чиглэлд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, сургах, харилцан туршлага солилцох тал дээр ч хамтарч ажиллахаар болсон. 

-Сүүлийн үед С вирусийн эсрэг 3D эмчилгээ гарсан гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Бид сая айлчлалын хүрээнд АНУ-ын томоохон эмийн үйлдвэрлэгч компаниудын нэг болох “Аббвие” компанийнхантай уулзсан. Тус компани нь элэгний С вирусийн эсрэг 3D буюу “Викера пак” эмчилгээг зохион бүтээсэн, дэлхийн 176 оронд салбартай, дэлхий даяар 28 мянган хүнийг ажлын байраар хангадаг шинжлэх ухаанд үндэслэгдсэн дэлхийн хамгийн том биофармасептикал компаниудын нэг юм. Энэхүү компанийн гаргасан 3D эмчилгээ нь С вирусийн эсрэг маш өндөр үр дүнтэй бөгөөд энэхүү эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 98-аас дээш хувь нь гурван сарын дотор бүрэн эдгэрдэг гэсэн.

Бид тус компанийн Элэгний С вирусийн эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал Фернандо Татч болон албаны бусад хүмүүстэй уулзсан. Энэхүү эмчилгээг Монголд нэвтрүүлэх, бусад үйл ажиллагаанууд дээр хамтрах хүсэлтээ тавьсан. Түүнчлэн Амстердам хотноо болох хурлын үеэр дахин уулзаж, ярилцах байх. Үүнээс гадна бид “Женентох” компанийн дэд ерөнхийлөгч Карло Брагнотой уулзаж, хавдар судлалын чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсон.

Түүнчлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн талаар “Аллейд Телесис” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас судаллаа. Энэ компани нь Япон улсын 3,000 гаруй эмнэлгээс 1,000 орчмынх нь мэдээлэл технологийн сүлжээг ханган нийлүүлж, сүлжээг байнгын үйл ажиллагаатай байлгахыг бүрэн хариуцаж ажилладаг олон жилийн туршлагатай юм билээ.

Тус компанийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал Такаёши Ошима Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цахим эрүүл мэндийн системийн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.  

-Ирэх сард Нидерландын Амстердам хотноо ирэх сард “Олон улсын элэгний конгресс” болох юм билээ. Энэ хуралд манайхаас оролцох уу?

-“Олон улсын элэгний конгресс”-д маш олон орны төлөөлөгчид оролцоно. Их том үйл ажиллагаа болох юм билээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсыг оролцож, улсынхаа ололт амжилтын талаар, Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар, хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудынхаа талаар илтгэл тавиач гэдэг урилгыг өгсөн. Тиймээс Монгол Улсаа төлөөлж, оролцох нь зөв гэж бодож байна.