МҮОХ-ны шинэ ерөнхийлөгч сонгох долдугаар хуралд БСШУС-ын сайд оролцов
2017.03.24

МҮОХ-ны шинэ ерөнхийлөгч сонгох долдугаар хуралд БСШУС-ын сайд оролцов

Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар чуулган Шангрила зочид буудалд өнөөдөр эхэллээ.  

МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага бөгөөд 1956 онд байгуулагджээ. Долоо дахь удаагийн чуулганд 23-90 насны төлөөлөгчид олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож байна. Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2008, 2012 онд хуралдаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно.

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД:

    Ц.Бат-Энх Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

    Ч.Бат-Эрдэнэ Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

    Д.Загдсүрэн Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч

    Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

    Э.Мөнх-Очир Биатлоны холбооны ерөнхийлөгч

    Л.Халтар Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч нар тус тус нэр дэвшсэн байна

МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД:

МҮОХ нь дүрэмдээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан бөгөөд дараах нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.

    Ч.Отгонбаатар  Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч

    Б.Баттүшиг  Бадминтоны  сонирхогчдын холбооны ерөнхийлөгч

    Ц.Дамдин   Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч

    Ч.Зоригтбаатар  Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

     Ж.Хатанбаатар  Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч нар багтаж байгаа юм.

МҮОХ-ны дүрэмд санхүүгийн жилийн тайлангаа тушааж, хянасны дараа чуулганыг зохион байгуулахаар заасан байдаг аж. Иймд энэ удаагийн хурал зуны олимпийн наадмын дараа бус дараа жилийнх нь эхний улиралд хуралдаж байна.Хуваарь ёсоор чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсож, гишүүд саналаа хэлэх бөгөөд 13.30-аас сонгууль явагдах юм.