Ч.Улаан: Бидэнд хүсэл мөрөөдлийн сонголт хязгаарлагдмал болсон
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.04.05

Ч.Улаан: Бидэнд хүсэл мөрөөдлийн сонголт хязгаарлагдмал болсон

УИХ-ын хаврын чуулганыг нээлээ. Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаанаас Төсвийн тодотголын талаар зарим зүйлийг тодрууллаа.

 -Төсвийн тодотголоор татвар нэлээд нэмэгдэхээр орж ирсэн байна. Энэ тал дээр та ямар байр сууритай байгаа вэ?

-Ер нь бид эдийн засаг,  санхүүгээ эрүүлжүүлэх хэрэгтэй юм уу,  үгүй юм уу. Энэ үүднээс асуудалд хандмаар байна. Бодит үнэлэлт дүгнэлт хэрэгтэй байна. Түүнээс ингэмээргүй байна, тэгэмээргүй байна гэдэг хүсэл мөрөөдлийн сонголт бидэнд туйлын хязгаарлагдмал болсон гэдгийг ойлгох ёстой. Тиймээс өнөөдөр орж ирж байгаа Төсвийн тодотгол дээр ажиллана гэж бодож байгаа. Ер нь энэ асуудлыг одоогоос хагас жилийн өмнө буюу 2016 оны төсвийн тодотгол хэлэлцэх үедээ шийдэх ёстой байсан. Харамсалтай нь тэгэж чадаагүй. Тиймээс ч өнөөдөр дахиад энэ асуудлаа ярьж байна. Одоо хугацаа алдаж болохгүй. Дөнгөж сая Ерөнхийлөгч хэлэхдээ,  хамгийн үнэтэй юм хугацаа байдаг юм. Хугацаа алдвал бүх зүйлээ алдана гэдгийг хэллээ шүү дээ. Тиймээс ч энэ асуудал дээр нэлээд нухацтай хамтарч хэлэлцэх ёстой. Бидэнд ингэмээргүй, тэгмээргүй гэдэг сонголт үлдээгүй гэдгийг би хэлмээр байна.

-Эдийн засгийн байдал хүнд байгаа гэх хэрнээ Засгийн газрын зардал төсвийн тодотголоор  улам өсчихсөн байх юм. Яагаад зардлаа танаж чадахгүй байгаа юм бол?

-Энэ талаар маш тодорхой зүйл хэлээд байгаа шүү дээ. Эцсийн дүнд санхүүгээ эрүүлжүүлэхийг хүсч л байгаа бол төсвийн алдагдлаа бууруулах ёстой. Зардлаа оновчтой зөв хийж, хэмнэх учиртай. Өөр арга зам бидэнд байхгүй.

-Тодотгол дээр тэтгэвэрийн насыг хойшлуулахаар болсон байсан. Сая тойргийн сонгогчидтойгоо уулзсан байх энэ асуудлаар юу ярьж байна. Ахмад гишүүний хувьд үүнийг зөв гэж бодож байгаа юу?

-Харамсалтай нь би тойргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж чадаагүй. Учир нь манай тойрогт малын гоц халдварт өвчин гарч, нийтийн хамарсан хорио цээр тогтоочихсон байсан. Тиймээс тойрогтоо ажиллаж чадсангүй. Гэхдээ хорио цээр цаг хуцагаатай байдаг. Үүний дараа очиж иргэд сонгогчдынхоо байр суурийг сонсоно доо.