“ШИНЭ АЛХАМ” хийж буй залуустай уулзалт зохион байгууллаа
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын албаны хүмүүс болон ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, багш, ажилчид оролцов. Тус арга хэмжээг ЕБС-ийн 12 дугаар ангиа дүүргэн, амьдралд хөл тавьж буй залууст зориулан 2014 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 40 орчим мянган сурагч ЕБС-ийн 12 дугаар ангийг төгсөнө. Үүний 2500 гаруй нь Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудад суралцаж байна. Тиймээс ч хариуцлагатай сонголтын өмнө ирээд буй дүү нартаа хандан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Та нар амьдралынхаа хамгийн чухал, шийдвэрлэх мөчид ирээд байна. Хэн нэгний үгээр биш өөрийнхөө хүсэл, сонирхлыг дагаж, зүрх, сэтгэлээ сонсч мэргэжил сонголтоо зөв хийгээрэй. Мөн дэлхийд, эх оронд чинь ямар мэргэжил эрэлт, хэрэгцээтэй байгааг сайн судлаарай. БСШУСЯ-наас эрэлт, хэрэгцээтэй ажил, мэргэжлийн жагсаалтыг гаргасан байдаг. Түүн дотроос хөгжмийн багшийн мэргэжил чухал хэрэгцээтэй байгааг онцлон тэмдэглэмээр байна. Та нар маань улс, эх орныхоо ирээдүйг бүтээлцэх учиртай хүмүүс юм шүү, бүгдэд нь амжилт хүсье” гэв.
Мөн энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ажил мэргэжлээрээ хамт олноо манлайлсан багш Б.Чойдоржийг БНСУ-ын Дежон хотноо болох “Мэдээлэл технологийг сургалтад хэрхэн ашиглах вэ” сэдэвт сарын сургалтад хамрагдах эрхийн бичгийг гардууллаа. Арга хэмжээний үеэр уламжлал ёсоор өмнөх жилийн ЭЕШ-ын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээний талаарх заавар, зөвлөмж бүхий “Шинэ алхам 2017” номыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 24 сургуулийн төгсөх ангийн сурагчдад гардуулсан юм. Түүнчлэн сургууль бүрээс сурлага, авьяас, чадвараараа анги, хамт олноо манлайлсан шилдэг 24 сурагчийг шагнаж урамшууллаа.