Ө.Энхтүвшин: Бид ялагдах эрхгүй
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.04.11

Ө.Энхтүвшин: Бид ялагдах эрхгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулганаар хамгийн эхэнд хэлэлцэж байгаа асуудал бол 2017 оны төсвийн тодотгол. Тодотголыг дагаад татвар, тэтгэврийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байх шиг байна. Та чуулган завсарлах хугацаанд иргэдтэйгээ уулзаж, тэдний санаа бодлыг сонсоод ирсэн байх. Иргэд хэрхэн хүлээж авч байна вэ. Үүнээс яриагаа эхэлье.

-Татвар нэмэх нь Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотойгоор үүссэн асуудал. Арга буюу яригдаж байна. Хамгийн гол нь олон нийтэд шуурхай зөв ойлгуулж чадаагүй юм уу гэж би ойлгосон. Засгийн газар иргэддээ ойлгуулах, сурталчилгааны ажлаа бага хийсэн. Тодотголын төслийг боловсруулах, өргөн барихдаа гол анхаарлаа төвлөрүүлсэн.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ёсгүй, татвар нэмэх ёсгүй гэж үздэг хүмүүсийн сурталчилгаа түрүүлээд явчихвуу гэж бодогдлоо. Өөрөөр хэлбэл тэтгэврийн насыг өнөө маргаашгүй 60, 65 болгох гэж байгаа гэж иргэд ойлгоод байсан. Гэтэл үе шаттай явах юм. Сайн тайлбарлаад өгвөл иргэд нэг их эсэргүүцэхгүй байна лээ. Улс орон хүнд байдалд орсон учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр зам алга гэдгийг харин ч сайн ойлгож байна лээ. Өр шир ихтэй болсон. Өрнөөс яаж гарах, эдийн засгийн уналтыг яаж зогсоох гэдэгт хүмүүсийн сэтгэл санаа их л зовж байна лээ.

Манай тойргийнхон харьцангуй мэдээлэлтэй байдаг. Чингэлтэй дүүргийнхэн ер нь мэдээлэлтэй хүмүүс л дээ. Тийм хүмүүсийн хувьд ийм байр суурьтай байсан байж магадгүй. Гол зүйл нь манайхан хийх гэж байгаа ажлаа олонд түмэнд танилцуулах тал дээр хурд алдаж дээ гэж бодсон.

-УИХ-д 65 суудал авсан МАН-ынханы баримтлах бодлого тодорхой бус байна гэх шүүмжлэл гардаг. Та бүхэн цаашид ямар бодлогоо баримтлах вэ?

-МАН-ын баримтлах бодлого тодорхой. Бид 2020 он хүртэл хөгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Энэ хөтөлбөрөө сонгуулийн амлалт дээр үндэслэж боловсруулсан. Одоо тэр хөтөлбөрөө л баримтална. Хамгийн гол анхаарал татсан асуудал бол өрнөөс хэрхэн гарах вэ гэдэг асуудал. Гуравдугаар сарын 22-нд төлөх ёстой байсан 580 сая ам.долларын өр байна. Энийг төлж чадаагүй бол Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Ёстой нөгөө дефолт гэдэг нь болох байсан уу, юу болох байсныг бүү мэд. Дараа нь БНХАУ-ын 15 тэрбум юанийн своп хэлцэл байна. Үүний хугацааг сунгаж чадаагүй бол Монгол Улс, Монголбанк валютын нөөцгүй болох байсан. Валютын нөөцгүй болчихвол ханшаа тавиад туучихна. Тиймээс ямар ч байсан хойшлууллаа. “Чалко”-гийн өрийг барагдуулаад дуусч байгаа юм байна. Энэ мэт өрийн асуудал бол хамгийн нэгдүгээр зүйл.

Манайхан зарим нь эдийн засгийн уналтаа зогсоохгүйгээр шууд өсөлтийг хангах тухай яриад байдаг юм. Эхлээд уналтаа зогсооно, тогтворжуулна, өсөлтийг хангана. Ийм үе шаттайгаар явдаг л даа. Одоо бас ч гэж өөдрөг дүр зураг бий болж ирлээ. Төсвийн орлого 2012 оноос хойш байнга тасарч байсан. Гэтэл анх удаа биелж, 2016 оны төсвийн орлого 504 тэрбум төгрөгөөр давсан. Хулгайлж, хуйвалдаж иддэгээ багасгавал төсвийн төлөлвлөгөө биелдэг л юм байна. Энэ онд эдийн засгийн уналт зогсож, тогтворжино гэсэн итгэл төрж эхлээд байна.

-Та сая хамгийн гол нь өрнөөс гарах гэлээ. Гэтэл та бүхэн дахиад нэмж өр тавих гээд байгаа юм бишүү?

-Өрийг өрөөр сольж байгаа хэрэг л дээ. Тэгээд өөр яах юм бэ. Монгол Улс шууд 580 сая ам.доллар гаргаад өгөх бололцоогүй байсан. Арилжааны банкуудаас гаргаж болно. Хэрэв тэгэх юм бол ам.долларын ханш 2450 дээр байхгүй, наанадаж 3000 хүрэх байсан болов уу. Ханш өсөөд ирвэл Монгол төгрөг цаас болж, ард түмний амьдралд хамгийн хүнд тусна. Өмнөх 5,75 хувийн хүүтэй бондыг 8,75 хувийн хүүтэй бондоор солилоо гэж шүүмжилж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед босгосон бонд 10 гаруй хувийн хүүтэй байсан шүү дээ. Одоо авах Японы 850,0 сая болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлүүд маш хөнгөлөлттэй нөхцөлтэй. Юмыг харьцуулж ярих хэрэгтэй.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгоно гэж байсан. Энэ нь дахиад л мөнгө зээлж байгаа хэлбэр биш үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ. Нийтдээ 5,5 тэрбум ам.доллар дотор чинь БНХАУ-ын 15 тэрбум юанийн своп багтаж байгаа юм. Энэ мөнгийг бүгдийг нь “май” гээд цүнхэлж авч ирээд өгчихгүй. Жил жилийн төсөв яаж батлагдахаас хамаарна. Тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх юм. Заримыг нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бас валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулна. Хяналттай байж хүнд байдлаас гарна. ОУВС-гийн хөтөлбөрөөс өөр боломж харагдахгүй байна. Манайх өмнө нь таван удаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэр бүр Монгол Улсад ашигтай байсан. Энэ удаад ч ашиг тусаа өгнө гэж бодож байна.

-Намын бүлэг төсвийн тодотголыг дэмжиж байгаа юу?

-Манай 65 бол дэмжинэ. Өөр хувилбар байхгүй. Төсвийн тодотголыг батлахгүй бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудал хэцүү болно. Монголчууд дахиад худлаа ярилаа гэнэ шүү дээ. Үнэндээ бол валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн бидний амлалтаар БНХАУ-ын 15 тэрбум юанийн своп хэлэлцээр сунгагдсан. Япончууд бас ингэж ойлгоод 850 саяын асуудал шийдлээ. Мөн дээр нь 580 сая ам.долларын бонд амжилттай зарагдсан.

-Төсвийн тодотголоор татвар нэмэгдүүлнэ гэж орж ирсэн. Тухайлбал, иргэдийн хамгийн их унадаг “Приус” машины татвар 25 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Дээр нь бензин, архи тамхи, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Гэтэл сайд нарын зарцуулах мөнгөний хэмжээ өсөөд ороод ирлээ гэдэг шүүмжлэл байна.

-Би хувьдаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэхээр маш хүнд шаардлагууд тавигдах байх гэж бодож байсан. Тухайлбал, нийгмийн хамгааллын бүх арга хэмжээ, “Насны хишиг”, хүүхдийн мөнгийг зогсоох төрийн албан хаагчдыг эрс цомхотгох, НӨАТ-ыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд яригдах байх гэж айж байсан. Гэтэл харьцангуй зөөлөн байна. Бид нэгэнт 5,5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авна гэвэл тодорхой үүрэг хүлээх ёстой. Өнгөрсөн дөрвөн жил манайхан дэндүү задгай явж ирсэн. Төсвийн хөрөнгийг дур дураараа зарцуулсан. Идэж ууж, үрэн таран хийх, дур зоргоор авирлах нь ердийн үзэгдэл болсон шүү дээ.

Ер нь сахилга зохион байгуулалттай, хяналттай, цадигтай замбараатай, хариуцлагатай явахгүй бол улс биш болно.

Бидэнд нэг хэсэг хүнд байж мэднэ. Гэхдээ хэцүү ч гэсэн хийхээс өөр аргагүй ажлуудтай тулгарна.

-Танай намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм алхам хийж байгаа нь эрсдэл дагуулах юм биш үү?

-Цаг хугацаа яг тэгж таарлаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд хийнэ гэвэл байдал улам хүндэрнэ. Харин ч оройтлоо гэж бодоод байгаа юм. УИХ-ын сонгуулийн дараа орох ёстой байсан. Тэгсэн бол нэлээд асуудлаа шийдчих байсан.

-Нэг сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Танай намаас хэн нэр дэвших вэ. Магадгүй УИХ-ын дарга М.Энхболд нэрээ дэвшүүлбэл даргын суудалд хэн очих бол?

-Дараагийн юмыг бодоход эрт байна. Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч ялах ёстой. Хамгийн гол нь манай нам найман жил Ерөнхийлөгчийн суудлыг алдсан. Хүнд байлаа. Өнөөдөр 65 хүн суудал авчихсан байдаг. Бодлого нь уялдаж өгөхгүй бол амаргүй байх болно. Тийм учраас МАН энэ сонгуульд тун хариуцлагатай оролцох ёстой. Ялагдах эрхгүй. Асуудал ярихаар Ерөнхийлөгч нь хориг тавиад суугаад байвал амаргүй шүү дээ. Эхлээд сонгуульдаа ялах ёстой. Сонгуульд ялсны маргааш дараагийн асуудлууд гарч ирнэ. Эхлээд баавгайгаа алж байж баавгайн дахыг хэн өмсөх тухай дараа нь ярина шүү дээ.

-Одоо ганцхан сар байна шүү дээ. Хөшигний цаана үйл явдал ширүүн өрнөж байгаа байх тийм үү.

-Сарын дараа ярья. Тавдугаар сарын 6-нд нэр дэвшигч тодорно. Зургадугаар сарын 29-нд сонгууль болно. Сонгуулийн дүн гарна. Түүний дараа сарын дотор тангараг өргөнө. Хугацаа бол байгаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яаж ялах вэ гэдгээ бодох ёстой гэдгийг дахин хэлье.

-УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын гишүүдийг томилсон. Гэтэл томилгоотой санал нийлэхгүй ганц нэг гишүүд Засгийн газраа огцруулна гэж ярих боллоо. Ер нь нам доторх уур амьсгал нэлээд хуваагдсан уу. Одоо намын уур амьсгал эрүүл саруул, эвтэй байна гэж хэлж чадах уу?

-Сонгуулийн дараа янз янзын байр суурь байсан. Ялангуяа боловсон хүчний томилгоо явагдаж байгаа үед шүүмжлэл их байсан. Томилгоо бүгдийг зөв, зөв гэж алга ташаад суугаагүй л дээ. Сайн ч хүмүүс томилогдсон. Бас “ээ дээ энэ биш болов уу” гэж бодогдохоор хүмүүс байсан. Гэхдээ одоо нэг жил өнгөрөх гэж байна. Нэг жилийн ажлын дүнгээр албан тушаалтнуудын ажлыг дүгнэж болно шүү дээ. Жилийн хугацаанд хэн юу хийв, ямар ажил амжуулсныг дүгнэж болно. Сонгуулийн дараах үетэй харьцуулах юм бол одоо нам дотор харьцангуй тайван байна. Яагаад гэвэл одоо тийм юм ярьж байдаг цаг хугацаа биш. Бид том сонгуулийн өмнө ирсэн. Улс төрийн нам эв нэгдэлтэй байж том сонгуульд ялалт байгуулна.

-Оны өмнөхөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Тухайн үед Засгийн газар муу ажиллаж байна, Засгийн газрын гурван гишүүнийг огцруулна гэдэг яриа гарсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрыг огцруулна гэдэг яриа тийм сүртэй өрнөөгүй. Энэ яриа хэвлэл дээр л яваад байсан. Манай 65 бүлэг дотор ийм сэдвээр гүнзгийрүүлж ярьсан зүйл байхгүй. Юу ч гэж ярихав. Дөнгөж томилчихоод “За одоо огцруулна” гэдэг бол тоглоом л доо. Тийм учраас ядаж жил болоод, ажлыг нь дүгнээд үзэх хэрэгтэй. Сайн байгаа бол цааш ажиллаад явна. Тааруухан байвал хугацаа тавиад өгч болно. Үнэхээр чадахгүй байгаа бол хариуцлагаа тооцоод явна. Угаасаа манай намын зарчим бол тэр. Сонгуулийн дараа ямар байх нь сонгуулийн дүнгээс хамаарна. Улстөрийн сонгуульд ялсан уу, ялагдсан уу гэдэг чинь хамаг юмыг эргүүлчихдэг шүү дээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн тухай асуухгүй өнгөрч боломгүй. Та ямар байр суурьтай байна вэ?

-“Эрдэнэт”-ийн асуудалд УИХ заавал оролцох шаардлагагүй байсан. Яагаад гэхээр, өмнөх Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдвэрлэхдээ УИХ-аар оруулж ирээгүй. Гэвч сая Засгийн газрын төвшинд үүнийг цэгцэлж чадахгүй байсан. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг томилогдсон, шийдвэрээ гаргасан. Энэ бол зөв зүйл болсон. Нэг хэсэг хүмүүс нууц байдлаар , хуйвалдааны шинжтэй аргаар, хууль зөрчин, өмч хөрөнгө тасалж аваад байвал цаашид Монгол Улс ер нь юуг ч цэгцэлж чадахгүйд хүрнэ. Дур дураараа явдаг жишиг тогтчихно. Тийм учраас зайлшгүй ордог газраар нь оруулаад, хуулийн дагуу шийдэх ёстой. Ийм асуудлын хажуугаар УИХ дуугүй өнгөрчихвөл хууль мөрд гэдэг шаардлагыг иргэддээ тавьж чадахгүй болно шүү дээ. Одоо харин Засгийн газар хувилбараа гаргах ёстой. Заавал бүгдийг нь төрд авна гэж үзэхгүй байгаа шүү дээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн гэрчилгээ 100 хувь төрийн нэр дээр гарчихсан. Бүгдийг нь төр авна гэж үзээд байгаа юм биш үү?

-Төрийн мэдэлд түр авсан. Гэхдээ цаашид бүрмөсөн 100 хувь төрийн мэдэлд байлгана гэж би хувьдаа үзэхгүй байгаа. Маш олон хувилбар бий.

-Ямар хувилбар?

-Нэгдүгээрт, ард түмэнд хувьцаа болгоод өгч болно. Хоёрдугаарт, зөвхөн “Монголын зэс” корпораци гэхгүй монголын том компани, корпорациудын дунд нээлттэй, шударга өрсөлдөөн зарлаад өгч болно. Тэр дотор “Монголын зэс” корпораци ороод явдаг юм байгаа биз. Гуравдугаарт, “Эрдэнэт”-ийн 49 хувийн тодорхой хэсгийг олон улсын бирж дээр гаргаж болно. Дөрөвдүгээрт, төр 100 хувь авч болно. Өөр ч хувилбарууд байж болно. Харин одоо 49 хувийг авсан хүмүүс чинь тодорхой хэмжээний мөнгө төлөөд авчихсан байгаа. Тэднийг хохиролгүй болгох ёстой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг аваад, дээр нь, мөнгийг нь бас өгөхгүй байж болохгүй. Үүнийг Засгийн газар шийдэх ёстой.

-Балансаа тэнцүүлж, тооцоо нийлнэ гэж байна. Тэр хүмүүсийн гаргасан мөнгийг төр буцааж төлөх боломж байгаа юу? Яг одоо улсаас бэлэн мөнгө гаргаад өгөх боломж байгаа юу?

-Өнөөдөр яг бэлэн байдаггүй юмаа гэхэд “Эрдэнэт”-д хариуцуулаад, төлбөрийг хий гэж болно. “Эрдэнэт” үйлдвэр нэг жилийн дотор л шийдэж чадна шүү дээ. Зэсийн үнэ өсч байна. Шийдье гэвэл аргаа олно. Шийдэхгүй гэвэл шалтаг олно.

-Үндсэн хууль энэ хаврын чуулганы хамгийн халуун сэдэв байна гэж зарим гишүүд тодорхойлж байна лээ. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?

-Би Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан. Одоо ч тийм байгаа. Миний энэ бодол улам илүү гүнзгийрч байна. Гэхдээ Үндсэн хуульд ойр зуурын аахар, шаахар өөрчлөлт оруулаад өнгөрөх хэрэггүй гэж боддог. Одоо бол томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Би хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүйтэй гэж боддог байсан. Парламентын засаглал 26 жил явлаа, өөрийнхөө бодит боломжийг шахчихлаа. Цаашид ийм байдлаар Монгол Улс замнахгүй юм байна гэж боддог байсан. Тэр бодол маань цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Одоо надад ямар бодол төрж байна вэ гэхээр хяналттай парламенттай болох ёстой. Магадгүй хоёр шатлалтай парламент байж болох юм. Зарим нь хоёр танхим гэдэг. Зарим нь хоёр шаталбартай нэг танхим гэж ярьдаг. Хяналттай парламент гэдгээ юу гэж тодорхойлох нь дараагийн асуудал. Ямар ч байсан 1990-1992 оны хооронд ийм тогтолцоо байсан. Монголчууд үзсэн. Сум, хороо бүрээс сонгогдсон 430 депутат Ардын их хуралд суусан. Үүнээс байгуулагддаг Улсын бага хурал гэж байсан. Энэ хувилбар нь зөв байсан юм болов уу гэж бодоод байна.

-Улсын их хурал, Улсын бага хурал байгуулна гэхээр одоо байгаа тогтолцоо нэлээн өөрчлөгдөж байна. Яагаад танд ийм бодол төрөх болов?

-Ард түмэн хяналттай засаг төрийг яах аргагүй үгүйлж байна. Гэтэл бид чихгүй юм шиг суугаад байж болохгүй. Үндсэн хуульд ойр зуурын өөрчлөлт гэхээс илүү том хэмжээний өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ үүнийг хийхдээ бид 65 кнопны эрхтэй гэж лаахайдаж болохгүй л дээ. Хийх гэж байгаа өөрчлөлтөө ард түмнээс сайн асуух ёстой. Хэрэв ард түмэн дэмжиж байвал Үндсэн хуульд оруулж болно. Ард түмэн өөр саналтай байвал бид 65 эрхтэй гэж хандаж болохгүй. УИХ ард түмэнтэй нягт, ойр ажиллаж байж том ажлын ард гарна. Алтан боломж бол одоо л байна. Энэ боломжийг алдах юм бол цаашид хэцүү болно доо. Иймэрхүү томоохон өөрчлөлт хий гэж ард түмэн бидэнд 65 суудал өгсөн байх шүү.

-С.Зоригийн хэргийн талаар хүн бүр байр сууриа илэрхийлж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Надад нэг л юм бодогдоод байна. Хэргийн материалын нэг хэсгийг нь Ерөнхийлөгч үүрэг өгөөд ил болгочихлоо. Тэгсэн чинь бүр хачин, хачин юм гарч ирлээ. Цорын ганц гэрч Булган маань гэхэд хэн болчихов гэх мэт... Одоо хэргийн материалыг бүгдийг нэн даруй ил болгох хэрэгтэй. Улсын Их Хуралд тийм эрх нь байгаа. Тэгэхгүй бол Монголын нийгэм бие биеэ хардсан сэрдсэн, аюултай байдалд орох нь. Тэгээд ч ахуйн шалтгаантай хэрэг байсан юм бол, улсын нууц, энээ тэрээ гээд байх юу байдаг юм бэ? Ийм л нэг гарц байна даа.

-Танд баярлалаа.