Х.Нямбаатар: Оффшор дахь хөрөнгийнхөө эх үүсвэрийг нотолж чадахгүй бол эргүүлэн татна
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Оффшорын тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингэснээр Оффшорын тухай хуулийг УИХ энэ долоо хоногт багтаан эцэслэхээр болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.НЯМБААТАРТАЙ ярилцлаа.
-Энэ хуулийг баталснаар одоогийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар та мэдээлэл өгнө үү?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилсан сэргийлэх тухай хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч субьектууд өөрийнхөө хөрөнгийн талаар мэдүүлэх үүрэг хүлээж байгаа. Одоогийн хуулиар гадаадын бүс нутаг дахь дансанд байгаа хөрөнгө орлогоо мэдээлсэн тохиолдолд хориглолтод тооцохгүй байгаа. Харин энэ хуулийг баталснаар өнөөдрийн зарлаад байгаа 42 улсыг “оффшор бүс” гэж Засгийн газрын тогтоолоор батлуулах юм.
Энэ тогтоолыг ирэх сарын 10-ны дотор баталж, 39800 албан тушаалтан 42 бүсэд санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг л хориглож өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо мэдүүлчихсэн буюу Хонконг, Швейцарьт данстай хүмүүс хөрөнгөө татах зүй ёсны үүрэг хүлээнэ.
Дээр нь тэдгээр хүний хамаарал бүхий этгээд энэ үүргийг давхар хүлээнэ. Хэрэв мэдүүлгээ гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас чөлөөлөх, эргүүлэн татах үндэслэл болно гэсэн гол заалттай.
Бид ямар ч байсан Оффшорын хуультай болчихлоо. Эцсийн хэлэлцүүлгээр, баталж таарах байх. Энэ хуулийг дөрвөн жил ярьсан. Энэ хугацаанд гацаанд орох, ямар нэг лоббид өртөж зогсоох тохиолдол байсан. Энэ бүхний эцэст шударга ёсны хүсэмжлэл нийгэмд байгаа учраас хуультай болж байна. Хуулийг баталснаас хойш хэрэгжүүлэх гэдэг чухал ажил гарч ирнэ.
-Хамаарал бүхий этгээд гэдэгт чухам хэнийг багтаагаад байна вэ? Жишээ нь, худ ураг болоод явчихвал хамаарал бүхий этгээд мөн үү?
-Энэ хуульд хоёр ойлголт байгаа. Хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээд гэж. Ерөөсөө л гэр бүлийн гишүүд буюу төрсөн аав ээж, ах, эгч, дүүсийг нь хамаарал бүхий этгээд гэдэгт багтааж үзнэ.
39800 хүний хувьд хамаарал бүхий этгээд гэхээр их өргөн хүрээтэй ойлголт гарч ирнэ л дээ. Энэ утгаараа Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын хувьд ч тэр хөрөнгийн эх үүсвэрээ дотоодод хадгалж байх ёстой гэдэг зарчим бий. Монгол мөнгө гадагшлаад байна гэдэг шүүмжлэлд хязгаарлалт тавьсан ойлголт болно.
Хүмүүсийн эргэлзэж тээнэгэлзээд байгаа нэг зүйл бий. Энэ нь бид 42 улсаас мэдээ мэдээлэл авч чадах уу гэдэг асуудал. Бид боломжгүй гээд бүх зүйлээс хойш сууж болохгүй. Боломжийнхоо хэрээр олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар улс орнуудтай мэдээлэл солилцох төвшинд ахиц гарч байгаа. Одоогийн байдлаар 2-3 оронтой мэдээлэл солилцохоор болоод байна. Цаашдаа энэ хүрээг өргөтгөхийн төлөө ажиллах ёстой.
-39800 хүний хувьд хэтэрхий өргөн хүрээтэй байна гэх шүүмжлэл ч өрнөж байна. Хамрах хүрээний тухайд та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?
-Бидний анх ярьж байснаар улс төрд нөлөө бүхий 301 хүн, түүний хамаарал бүхий этгээдүүдийг бүхэлд нь хориглоё гэж ярьж байсан. Гэвч ажлын хэсэг дээр хэд хэдэн зарчимд санал зөрсөн л дөө. Тухайлбал, татвар, гааль, газрын албаны түшмэд 301 гэдэг ангилалд багтаагүй. Тиймээс нэмэх нь бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагуудыг багтаая. Ингээд нийт тоог нь гаргаад хамаарал бүхий этгээд гэж заагласан бол зүгээр байсан юм болов уу гэдэг санал явж байсан ч сүүлдээ өргөжөөд 39800 хүнийг хамруулахаар боллоо.
Хэрвээ та монгол төрд зүтгэе гэж байгаа бол оффшор данс эзэмших, тэнд санхүүгийн үйл ажиллагаа явуулах ёсгүй л гэж байгаа юм. Дээр нь таны хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд хөрөнгөө нууж, хадгалах ёсгүй. АТГ, ХЗДХЯ болон холбогдох бусад байгууллага энэ хуулийг хэрэгжүүлж, амь оруулах үүрэг хүлээж байна.
-Эргүүлэн татах тухайд зургаан сар гэж оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад гурав болчих шиг боллоо. Тухайн албан тушаалтан оффшорт хөрөнгөтэй гэдгээ мэдүүлж амжаагүй байтал “Панам”- аар ч юмуу нэрийг нь ил гаргаад хууль хэрэгжүүлээгүй хүн гээд зарлачихвал хуулийн ямар санкцаар хариуцлага хүлээлгэхээр байгаа вэ?
-Энэ тохиолдолд хоёр төрлийн санкц байгаа. Нэгдүгээрт, Оффшорын тухай хуулийн дагуу албан тушаалаас нь эргүүлэн татна. Харин Эрүүгийн хуулийн хувьд тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийг л нотол гэж байгаа юм. Ямар бизнесээрээ тэр хэмжээний мөнгийг олсон юм. Жишээлбэл, С.Баярцогт гэдэг хүний хувьд сая ам.доллараа мартчихсан гээд байгаа шүү дээ.
Гэтэл энэ мөнгөө Сэлэнгэ аймагт тариа буудай тарьж олсон юмуу, тухайн мөнгөнөөсөө татвар төлсөн юм уу л гэж асууна гэсэн үг. Харин үүнийгээ нотолж чадахгүй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг зүйл ангиар шийтгэх учиртай.
Энэ дашрамд нэг зүйлийг дахин дахин хэлмээр санагдаад байгаа юм.
-Юу тэр вэ?
-“17 тэрбум ам.доллар гадаадад оффшорчдын дансанд хадгалагдаж байна, үүнийг оруулж ирье” гээд сошиалаар шуугиан тариад байх юм. Гэтэл энэ мэдээллийг хэн нотолсон, тогтоосон нь тодорхойгүй байдаг. Ийм замбараагүй байдалд бид цэг тавих болсон.
Тиймээс Оффшорын тухай хуулийг баталсны дараа олон түмний эргэлзээг тайлсан, нэг тийш болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Үүнд ажлын хэсэг ч гаргах ёстой гэж харж байгаа.
Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхэд миний бие энэ талаар тэмдэглэлээр үүрэгжүүлье гэж бодож баигаа. Монгол Улс өөрөө арван тэрбумын эдийн засагтай орон шүү дээ.
Ийм эдийн засагтай орны хаанаас 17 тэрбум ам.долларыг хулгайлаад гадагш нь гаргачихав гэдэгт бид цэг тавих ёстой.
Монголын хамгийн том төсөл Оюутолгойд өнөөдрийн байдлаар тав орчим тэрбум ам.доллар л орж ирчихээд байна. Үүнийг 11 тэрбумд хүргэх эсэхэд мэтгэлцээн өрнөсөөр л байна шүү дээ.
-Тэгэхээр ийм хэмжээний мөнгө гараагүй гэдгийг нотлох ямар баримт байгаа юм бэ?
-17 тэрбум ам.долларыг Монголоос яаж гаргасан юм бэ гэдгийг мэдэхэд маш амархан. Монгол Улсын хилээр 17 тэрбум ам.доллар шуудайлаад гарна гэвэл нэлээд олон ачааны тэрэг болох байх. Үүнд хэдий хугацаа зарцуулах вэ гэдэг ч сонин шүү дээ.
Эс бөгөөс дансаар л гарсан байж таарна биз дээ. Гэтэл Монголбанкны гадаад гүйлгээгээр 2000 оноос хойш 2017 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэдий хэмжээний мөнгө гадагшилсан юм. Ингэхдээ ямар зориулалтаар хэдэн хувь нь гарсан бэ. Нэгдүгээрт, нефть, хүнсний импортод зориулж төчнөөн төгрөг гарчээ. Бусдад нь төдийг гаргажээ.
Гэхдээ хувьцаат компанийн ногдол ашиг хэлбэрээр гарчээ гэдгийг АТГ, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар ажлын хэсэг байгуулж, мэдээлэл хийх ёстой. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль гэж бий. Энэ хуулиар 20 сая төгрөгөөс дээшх бүх гүйлгээг шалгах үүргийг тагнуулын болон бусад холбогдох байгууллага хүлээсэн байдаг.
Тиймээс сошиалаар шуугиад байгаа шиг 17 тэрбум ам.доллар гадагшилчихсан юм бол Монгол Улсын тусгай албад ажиллаагүй, ажилласан юм бол нотолж ярих цаг болсон. Ийм байхад ард түмнийг манан дунд төөрөгдүүлдэг явдал гараад байна.
-10.1.4 гэдэг заалтыг цөөнгүй гишүүн эсэргүүцээд байсан. Энэ заалтыг хуулиас авах боломж бий юү?
-Нэр бүхий гишүүд энэ заалтыг хуулиас хасах саналыг хэлсэн л дээ. Гэтэл энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших гэж байгаа болон нийтийн албанд ажилд орох бол өмнө нь оффшор бүсэд данс эзэмшиж байсан, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан тохиолдолд энэ тухайгаа 30 хоногийн дотор урьдчилан мэдүүлж, хасалт хийлгэх үүрэг хүлээнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтыг авах боломжгүй.
Энгийн жишээ татахад, хэн нэг хүн Голланд / оффшор бүсэд хамаардаг улс/ улсад хуучин машин унаж эсвэл суралцаж, хараар болон хууль бусаар хөдөлмөрлөж байсан бол хийсэн ажлынхаа хөлсийг авахын тулд тэнд данс нээлгэж таарна биз дээ.
Хонконгод суралцаж байсан эсвэл эмчлүүлэхээр очсон хүн данс нээлгээд тодорхой хэмжээнд гүйлгээ хийж таарна биздээ. Гэтэл энэ заалтыг аваад хаячихаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох, хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж байгаатай адил зүйл болно.
Үндсэн хуулийн энэ зарчимтай зөрчилдөөд байгаа учраас хэрэв та өмнө нь оффшор бүсэд санхүүгийн болон бусад үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тухайгаа 30 хоногийн дотор мэдүүл гэж байгаа юм.
Энэ мэт байдлаас аваад үзэхээр популизм гэдэг зүйлийг бодит байдлаас ялгах ёстой.
-Оффшор бүс гэж бүртгэгдсэн орнуудад манай улсаас сурч,. хөдөлмөрлөдөг иргэн цөөнгүй байгаа байх л даа?
-42 бүсэд монголчуудын ихээхэн зорчдог Европ болон Ази тивийн улсууд багтана. Жишээ нь, Швейцарьт монголчууд олноороо ажиллаж, сурч байна.
Энэ хүмүүс тэнд ажиллаж, сурч байсныхаа төлөө нутагтаа ирээд төрийн албанд ажиллах эрхгүй болно гэдэг бол байж боломгүй зүйл.
Тиймээс бид хэт туйлширч болохгүй.
-Оффшорын тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж алга. Гэтэл одоогийн байдлаар оффшортой гээд нэр нь олон улсад зарлагдчихсан албан тушаалтан бий гэх шүүмжлэл байна. Үүнд ямар ямар хариулт өгөх вэ?
-Эрүүгийн хуульд маш олон зохицуулалт байгаа. Тухайлбал, энэ хуулийн үйлчлэл 2002 оны есдүгээр сарын 1-нээс өнөөдөр ч хүчин төгөлдөр үйчилж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид хууль баталснаар нэр нь ил болсон хүмүүсийг өршөөчихсөн юм биш.
Дэлхий нийтэд нэг л ойлголт бий. Мөнгө угаах гэдэг зүйл ангиар шүүн тасалсан тохиолдол маш цөөн байдаг юм билээ.
Манайд өнгөрсөн жилүүдэд Д.Дорлигжавыг улсын ерөнхий прокурор байх үед маш олон улстөрчид мөнгө угаах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаад замхарч байсан удаатай. Харин хууль бусаар хөрөнгөжих гэдэг заалтаар манайд 1-2 хүнийг шийтгэсэн нь бий. Цаашид оффшортой холбоотой олсон орлого, мөнгө хөрөнгийн талаарх эх үүсвэрээ нотолж чадахгүй л бол хууль бусаар хөрөнгөжих гэдгээр зүйлчлэх эрх зүйн зохицуулалт хэвээрээ байгаа. Хэн нэгнийг хамгаалсан зүйл огт байхгүй.