"ЗААГ" ном бэстселлер болжээ
2017.04.12

"ЗААГ" ном бэстселлер болжээ

Монголд номын худалдаа эрхэлдэг төрөлжсөн дэлгүүрүүд цөөхөн байдаг.  Интерном, Аз хур, Мир, Мажестик гээд гарын таван хуруунд багтана.  Тэрэн дундаас олон нийтэд  хамгийн танил,  үйлчлүүлэгч олонтой нь яах аргагүй Интерном. Тус номын их дэлгүүр www.internom.mn вэб сайтынхаа нүүр хуудсанд  шилдэг борлуулттай номын жагсаалтыг  байршуулжээ. Тус номын бэстсэллерийн  эгнээд саяхан худалдаанд гарсан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн   “ЗААГ” ном орж  тэргүүлжээ. Түүний араас “Болжморын жиргээ”, Ли Куан Ю-гийн “Сингапурын хөгжлийн нууц”, Б.Сарантуяагийн “Самар хатан”, “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”, “Мартах гэж юу вэ” гэсэн зохиолууд жагсчээ.  

Бэстсэллэр болсон номнуудаас   хоёр нь улстөрчдийн тухай  бичсэн зохиол байна.  

Ли Куан Ю-гийн “Сингапурын хөгжлийн нууц”  ихээхэн сонирхолтой.

Арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улс Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүйн дээр дорой буурай, олон үндэстнээс бүрдэж байсан тул үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэх зүйлгүй, бусад улсаас хараат байдалд байжээ. Тийм учраас хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахаар бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Харин Ли Куан Ю 1959 онд Сингапурын ерөнхий сайд болсноор энэ улсын ирээдүй хөгжлийн оргил өөд чиглэсэн юм.

Өдгөө Сингапур эдийн засгийн хувьд Ази тивд төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц жинтэй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ.

Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед 60, 70 жилийн тэртээх буурай хөгжилтэй, ажил орлогогүй иргэдтэй Сингапур улс хэрхэн өөрийн онцлогийг мэдэрч, хөгжлийн оргилд хүрэх замдаа орсон тухай Ли Куан Югийн бишрэм түүх, дурдатгалаас монголчууд бидэнд суралцах зүйл их.

Харин Д.Тэрбишдагвын “ЗААГ” ном  нь 8 бүлэг, 110 дэд гарчиг бүхий 600 гаруй хуудастайгаар хэвлэгдэн гарчээ. Шинэчлэлт, өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж хүмүүсийн оюун сэтгэлгээ, амьдралд гарсан тэсрэлт, өөрчлөлтийн тухай өгүүлнэ.

Бас нийгэмд “зааг” хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж зузаалан, талцал хуваагдлыг дэвэргэж, хөгжлийг чөдөрлөж байгааг ч дүрсэлжээ. Хэдийгээр номын зохиогч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийнхөө намтарыг өгүүлж буй боловч Монгол Улсын нэгэн жарны түүх уншигдана.

Номоо нэг хүмүүний бэрхшээл, зовлон жаргалыг хослуулсан амьдралын зураг байх төдийхнөөр биш, Монголын нийгмийн хөгжлийг өөрийн мэдэх эрт ба эдүүгээг туулсан зам мөр бүртэйгээ уяж харьцуулалт, эргэцүүлэл шүүмжлэл, ухаарал сургамжтай байх талаас нь бичжээ. Тэрээр Монгол улсын хөгжлийн гарцыг “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэж тодорхойлсон байна.

Номын гол агуулга болох “Амьдрал бол тэмцэл-Тэмцэл бол амьдрал”, “Ажилсаг хөдөлмөрч дадал”, “Мэдлэг боловсрол, сахилга хариуцлага, ёс зүй”, “Эх орноо дээдлэх чин хүсэл эрмэлзлэл” зэрэг сэдвүүдийг хамарсан бодол ухаарлуудыг олонд хүргэхийг зорьжээ. Мөн  Монголын улс төрд өрнөсөн олон ээдрээтэй асуудлуудын бодит түүх, бас хөшигний цаана өрнөсөн үйл явдлын нууцуудаас задалсан байна.